Найрсагаар уриад ч манай улсыг гадны хөрөнгө оруулагчид тоохоо больжээ. Дэлхийд “Hotel Mongolia” гэх нэрийг дуурсгаж байгаа ч дайжсаар л байна. Үүнийг бид хууль эрхзүйн орчин тогтворгүй байгаатай холбон тайлбарласаар ирсэн. Гэтэл өөр учир шалтгаан давхар нөлөөлж буйг гадныхан шүүмжилж байна.

ХУВЬ ХҮНИЙ ХҮСЭЛТЭЭР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХАСДАГ БОЛЖЭЭ

Монголчууд эдийн засгийн хямралын үед үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Гэхдээ дэмж­лэг нь бодитой байж чадахгүй байгаад хүмүүс харамсч байна. Үүдээ барьчихалгүй дэнчигнэж байгаа хэдийгээ түл­хээд унагачихгүйн тулд хяналтын байгуул­лагууддаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхааруулж эхэллээ. Эдийн засаг хямралтай үед баялаг бүтээгчидтэйгээ хатуу гараар харьцах нь тун буруу. Тиймээс зөөлөн бодлогоор дэмжих хэрэгтэй хэмээн Шийдлийн Засгийн газар үзэж буй аж. Өнгөрсөн онд 3000 гаруй гадны иргэд хилээр гарах эрхээ хасуулсан байдаг. Үүний дийлэнхийг БНСУ-ын иргэд эзэлдэг байна. Хилээр зорчих эрхийг нь хориглох шийдвэрийг уг нь шүүх, прокурор гаргадаг. Гэтэл зарим тохиолдолд хувь хүний хүсэлтээр энэ ажиллагааг гүйцэтгэж байгаа тухай хүмүүс ярьж байна. Үүнд Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандаж, яаралтай зохицуулах арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

ХИЛ ХОРИО БИШ ХӨЛ ХОРИО БОЛЧИХОЖ

Монгол хүнд дэлхий нээлттэй, харин дэлхийн хүнд монгол хаалттай байгааг хүмүүс шүүмжилж буй. Монголчууд малаа ч удаан хашдаггүй ард түмэн. Гэтэл шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах нь ихэсчээ. Монгол Улсын хилээр зорчих эрхийг хориглосон нь хил хорио биш хөл хорио болж хувирсан нь энэ. Энэ тохиолдолд хөрөнгө оруулалт, хөгжил, техник технологийн дэвшил алга урвуулах төдийд алга болохвий гэх болгоомжлол ч байна. Хаалгаа түгжчихээд “Ороод ир” гэж байгаатай ижил болсон энэ үед хөрөнгө оруулагчид дайжиж зугтах нь дамжиггүй юм. Тиймдээ ч эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг хэмээн лоозогносон Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хорьж цагдахаа хойш тавьж, хөрөнгө оруулалтаа нэмэхийг холбогдох албаныханд үүрэгдсэн.

 ХОХИРОЛ ДАГУУЛСАН “Hotel Mongolia”

“Hotel Mongolia” гэдэг хоч манай улсад тун чиг хор хохиролтой байгаа юм. Ер нь хөрөнгө оруулагч гадны хүмүүсийн эрх ашиг гэхээс илүүтэй монголчууд ч үүнд хамаарч буй учраас хүний эрхийн асуудал ч яригдана. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх, үүссэн нөхцлийг сааруулах зайлшгүй шаардлагатай. “Ийм нөхцөл байдал үүссэн нь ажлын уялдаагүй байдлаас үүдэлтэй. Уг нь энэ асуудлыг зохицуулсан. Өнгөрсөн онд ерөнхий прокурорын тушаал гарсан. Гэвч байдал дээрдээгүй байгаа нь харамсалтай” хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлсэн юм. Шүүхийн шийдвэр, мөрдөн байцаалт явагдаж байх үед мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрээр хилээр зорчих хоригийг тавьдаг ажээ.

Эдийн засаг хүнд байгаа энэ үед ард түмэн үнийн болоод инфляцийн өсөлтөд дарлуулж буйгаа халаглаж байна. Харин валютын ханшийн өсөлт энэ бүхэнд буруутай гэдэг Төвбанкаа чичилсээр нэлээд хугацаа өнгөрсөн. Байдаг ганцаа гайгүй сайн хэрэглэж бодлогын хүүгээ нэг нэгжээр өсгөсөн ч ханшид төдийлөн нөлөөлөөгүй. Харин ганцаардсан бодлогын хүүнд түшиг, тулгуур нь хөрөнгө оруулалт, валютын наашлах урсгал байлаа. Гэвч манай улсыг зорих хөрөнгө оруулагчид бэргэсээр. Учир нь хэзээ харихаа мэдэхгүй байх эрсдэл тэднийг хүлээж буй юм. Яаж ч аягласан манай улс руу гадны хөрөнгө оруулагчид хошуурдаг оргил үе байсан. Гэсэн ч одоо “Мода Монголоор дуусдаг” гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Хэтрүүлэгтэй үргээлэг эдийн засгийг элгээр нь хэвтүүлээд зогсохгүй дампууралд хүргэж мэдэхээр байна.

 

Д.Оюунчимэг