Барилгын осол гарахад Монгол хүний хэнэггүй зан хамгийн их нөлөөлдөг
Урин дулаан хаврын улирал хаалга тогшлоо. Өөрөөр хэлбэл, толгой дээрээс төмөр, тоосго, чулуу унаад ирэх вий гэж эмээдэг барилгын ажлын сезон эхэллээ. Өнгөрсөн онд 22 барилгын компанитай холбоотой 26 онц ноцтой хэрэг зөрчил гарчээ. Үндэсний бүхэн цэцэглэдэг хаврын улиралд олон ч хүн барилгын ослоос болж хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хэдийгээр албаныхан энэ тоог сүүлийн таван жилийнхтэй харьцуулбал бага хэмээж байгаа ч эрдэнэт хүний амь нас гэдэг юунаас ч эрхэм билээ.Тиймээс Барилга, хот байгуулалтын яам болон мэргэжлийн холбоодтой хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний III зөвлөгөөнийг өчигдөр Төрийн ордны Иргэний танхимд зохион байгууллаа. Энэ удаагийн зөвлөгөөнд 21 аймгаас 460 гаруй , нийслэлээс 370 нийт 800 гаруй төлөөлөгч оролцов. Барилгын ажлын үед мөрдөх аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг хоёр жилийн өмнө НИТХ-ын 75 дугаар тогтоолоор баталж байжээ. 

Гэвч аль аль талдаа энэхүү дүрэм, журмыг ягштал баримталдаггүйгээс барилгын осол аваар гарсан хэвээрээ л байна. Энэ нь уг журамд өөрчлөлт оруулах шаардлагатайг харуулж байна гэдгийг салбарын сайд нь хэлсэн үгэндээ онцолсон. Иргэний танхимд Мэргэжлийн хяналт, барилгын компаниуд, үндэсний үйлдвэрлэгчид ирсэн учраас асуудлыг нүүр нүүрээ харж байгаад ярилцах боломж бүрдэж байгаа юм. Орон нутагт барилгын аваар осол нийслэлийг бодвол харьцангуй бага байдаг ажээ. Улаанбаатарт шинэ барилга олноор барьж байгаа нь эрсдлийг улам ихэсгэж байна хэмээн зарим төлөөлөгч хэлж байв. Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчид нь эдийн засгийн хүндрэлээс үүдээд буурч байхад эсрэгээрээ нийслэлийн өнцөг булан бүрт шинэ барилга сүндэрлэж байна гэсэн юм. Энэ нь мэргэжлийн холбогдох байгууллага нь замбараагүй газар, зөвшөөрөл олгож буйтай холбоотой хэмээн шүүмжлэх нэгэн ч байлаа. Юутай ч барилгын салбарынхан чуулж, хэрхэн осол авааргүй ажиллах талаар зөвлөлдлөө. Ингээд зөвлөгөөнд оролцогчдын сэтгэгдлийг сонслоо 

МХЕГ-ын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс: -Барилгын салбартай холбоотой бүх хуулийн заалтыг компанийн захирал мэдэж байх албагүй л дээ. Үүний оронд ажил олгогчид оногдсон үүргийг биелүүлэх учиртай. Тэгэхээр бид “check list” гаргаж, дотоод хяналтыг сайжруулж байгаа. Хөндлөнгийн хяналтаар юуг хянахаа тодорхойлж байгаа. Мэргэжлийн хяналтын газраас барилгын салбарын сарын аян зарладаг. Үүгээр барилгын улиралд танай байгууллага аюулгүй байдлаа бүрэн хангасан тоног төхөөрөмж хэрэглэх үү гэдгийг нь тодруулна гэсэн үг. Хүнээ хамгаалах уу, барилгын аюулгүй орчин бүрдсэн эсэхийг ч энэ аяны хүрээнд шалгадаг. Байгууллага тодорхой хэмжээний дотоод хяналттай байх ёстой. Өдөр болгон ажиллаж байгаа ачаа өргөгчийн аюулгүй байдлыг тухайн компани нь өөрөө шалгана. Харин ачаа өргөгчийг мэргэжлийн байгууллага угсарсан уу, баталгаажуулалт хийсэн, үгүйг нь мэргэжлийн байгууллага хөндлөнгийн хяналт тавьдаг. Тэгэхээр бид тухайн байгууллагын дотоод ажилд оролцохгүй. Хагарсан цонхны шил, унтарсан гэрлийн чийдэнг нь сольж өгөх үүрэг байхгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал гээд тусгаад өгсөн байгаа. Энэ заалтыг захиалагч, хөрөнгө оруулагч, хэн нь ч биелүүлэхгүй байна. Осол аваар гарч байгаа гол шалтгаан нь удирдлагын зохион байгуулалт, тогтолцоотой холбоотой гэж үзэж байна. Барилгын аюулгүй байдлыг бүрдүүлэхэд нийт цалингийн хэмжээний 24 хувийг зарцуулна гэж заасан байгаа. Энэ мөнгийг төсөвтөө тусгаад зарцуулмаар байна. Мөнгөө зөв зохистой зүйлд зарцуулдаг компаниуд байдаг үүнийг үгүйсгэж болохгүй. 

“Ган хийц” компанийн захирал М.Даваасүрэн: -Эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар олон нийтийн дунд ташаа ойлголт их байна. Зөвлөгөөнөөр социализмын үед бидний авч хэрэгжүүлж байсан арга хэмжээг ярьж байна. Аливаа сайн туршлагаа авч үлдэж, түүнийг хэрэгжүүлэх нь ирээдүйд хэрэгтэй гэдгийг илтгэл тавьсан олон хүн хэлж байна. Тэгэхээр уламжлал гэдэг их чухал болж таарч байна л даа. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Ер нь барилгын компанийн үйлчлэгчээс эхлээд захирал хүртлээ осол аваар гаргахгүй ажиллах талд анхаарал хандуулах хэрэгтэй. Барилгын ослоос болж эрдэнэт хүний амь нас үрэгдэж байгаа нь үнэхээр харамсалтай. “Ган хийц” компанийн хувьд Монголын барилгын салбарын хөдөлмөр, аюулгүй байдлын зардлыг улсын төсөвт суулгаж өгдөг байх санал гаргаж байгаа. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн халамжийн шимтгэлийг төр авахдаа эргүүлж тодорхой хувийг нь тухайн аж ахуйн нэгжид өгдөг болох хэрэгтэй. Яагаад гэвэл компани ажилтныхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломжийг нь нээж өгөхөд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа. Аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцдог байх ёстой. Барилгын компани ажилчид, нийгмийн аюулгүй байдлын төлөө мөнгө зарцуулсан уу, үгүй бол юунд тэр мөнгийг үрснийг нь мэдэх хэрэгтэй. 

МБХ-ны сургалт хариуцсан зохицуулагч Ц.Мягмар: -Сүүлийн 10 жил барилгын мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлд ажиллаж байна. Одоо ажиллаж байгаа барилгачдын ур чадварыг дээшлүүлэх, залуусыг ажилд нь дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх талд анхаарч байна. Ер нь барилгын салбарынханд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ойлголт өгөх нь чухал. Өнгөрсөн жил мэргэшсэн ажилтан бэлтгэх талд төр засгаас дэмжлэг үзүүлээгүй. Өмнө нь төрөөс мөнгө гаргаад барилгын аюулгүй байдлын талаар тогтмол сургалт зохион байгуулдаг байв. Үүгээр барилгын ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгодог юм. Барилга хот, байгуулалтын сайд хүнээ сайн бэлтгэх талд анхаарна гэлээ. Монголчуудын хэнэггүй зантай, жижиг сажиг зүйлсийг бараг тоодоггүй байдал нь осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Ер нь бага зэргийн анхаарал хандуулахад хүний амь насыг хохироож мэдэх сөрөг нөлөөтэй шүү дээ. Тиймээс барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүс хувийн хариуцлага, сахилга батаа өндөржүүлэх хэрэгтэй

БҮЭХ-ны дарга Б.Батцогт: -Барилга барьж байгаа компаниуд хууль дүрмээ мэдэх ёстой. Тэнд байгаа талбайн инженер, захирлууд нь хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмаа биелүүлэхийг ажилчдадаа сануулах ёстой. Ингээгүйгээс өнөөдөр осол гарч байна. Хариуцлагын тогтолцоо, талбайн зохион байгуулалт алдагдсанаас осол гарах нь элбэг. Үүнд дүгнэлт хийхээр энэ удаагийн зөвлөгөөнд талууд оролцож байна. Барилгын салбар хариуцлагагүй дандаа осол аваар гардаг гэдэг нийтлэг сөрөг ойлголтыг бид арилгамаар байна. Ер нь техникийн баталгаажуулалт хийдэггүй нь осол гарахад нөлөөлж байна. Дээр нь хувь хүний хэнэггүй зан чанартай шууд холбоотой. Мэргэжлийн байгууллагаас нь захиралд нь баахан албан бичиг шидээд байдаг. Дарга нар нь удирдлага дор байдаг ажилчдадаа хэлдэг. Гэтэл бодит байдал дээр нөгөө ажилчид нь хамгаалалтын бүсээ зүүж, өөрийгөө хамгаалахгүй байх нь бий. Барилга дээр ажиллаж байгаа бүх аюулгүй ажиллагааны дүрмийг яг таг баримталбал осол гарах ямар ч үндэслэл байхгүй. 
 
Ц.ОЮУНТУНГАЛАГ