Тэдний цэвэрлэгээ хийсэн гэх баримт

-ТЭРБЭЭР ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ХОЁР СЭЖИГТЭНТЭЙ ХАМТ АМЬДАРДАГ БОЛОЛТОЙ-

АНУ-ын Виржиния мужийн Фэрфакс хотод энэ гуравдугаар сарын 8-нд хоёр монгол оюутан бүсгүй хүчирхийлэлд өртсөн тухай манай сонин мэдээлсэн билээ. Энэ хэргийн талаар нэхэн сурвалжиллаа.

Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Б.Болдоос тодруулахад “АНУ-ын Виржиния мужийн Фэйрфакс хотын Буркедэд манай улсын хоёр эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсныг тус хотын цагдаагийн газар шалгаж байна. Охидыг хүчирхийлсэн байж болзошгүй сэжигтнүүдийг саатуулан, байцаалт авч байгаа. Хохирогчдын биеийн байдал одоогоор хэвийн байгаа. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Виржиния мужийн Фэйрфакс хотын цагдаагийн газрын Хохирогчдод дэмжлэг үзүүлэх хэлтсээс тэдэнд шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлсэн.

Охидыг хүчирхийлсэн байж болзошгүй тул тэдний нэрийг нууцалж байгаа үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Одоогоор охидын ар гэрийнхнээс АНУ руу явах хүсэлт гаргасан хүн алга” гэлээ. АНУ-д байгаа зарим иргэдээс хэргийн талаар тодруулж авсан мэдээллээ тоймлон хүргэе.

ХЭРЭГ БОЛОХООС ӨМНӨ ЮУ БОЛСОН БЭ

Эх сурвалжийн мэдээллээр хүчирхийлэлд өртсөн охид Виржиниягийн их сургуульд суралцдаг юм байна. Тэнд хоёр дахь жилдээ суралцаж байгаа бөгөөд 21 настай аж. Суралцахын хажуугаар охид цагийн ажил олж хийдэг байсан бололтой. Тэднийг “Ваllston Соmmons” дэлгүүрт явж байхад нь үл таних монгол эмэгтэй хүрч ирэн өөрийгөө Белла гэж танилцуулсан байна. Тэгээд. “Дуудлагаар гэр, албан газар цэвэрлэдэг бизнес эрхэлдэг” хэмээн ажлын санал тавьсан аж. Тэд эмэгтэйн санал болгосноор анкет бөглөсөн аж. Тэдний эхний ажил Буркедэд орших айлын гэр цэвэрлэх дуудлага байсан гэнэ. Гэрийн эзнийг Вилфорд Оссорио гэдэг байна. Тэрбээр “Ваllston Соmmons” дэлгүүрийн ажилтан аж. Охидыг очиход Вилфорд нэг найзын хамт гэртээ байжээ. Охид гэрийг нь цэвэрлэж дуусаад цэвэрлэсэн эд зүйлийнхээ жагсаалтыг гарган түүн дээрээ гарын үсэг зурж батлуулахаар гэрийн эзэнд өгчээ. Гэрийн эзэн цаасан дээр гарын үсэг зурчихаад охидыг хэсэг амсхийж хундага дарс хамт уухыг санал болгосон гэнэ. Хундага дарс уугаад охидын ухаан санаа самуурч, хөвж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэнэ. Тэгээд юу болсныг мэдээгүй ч тухайн үед ухаан санаа нь орж гараад байсан тухай цагдаагийнханд мэдүүлжээ.

Монгол бүсгүй нутаг нэгтнүүдээ энэ дэлгүүрээс олзолжээ

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ДАРС УУСНААС БОЛЖ ОХИД ГЭМТ ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛСОН УУ

Охид маргааш өглөө нь сэрсэн ч юу болсон талаар хэн хэн нь санаагүй гэнэ. Харин тэдний бие даагдахын аргагүй хөндүүрлэж, нэгнийх нь баруун гар иртэй зүйлд есөн удаа зүсэгдэж, нөгөөгийнх нь нүд, цээж, гар, хөл хөхөрч хавдсан байсан гэнэ. Яагаад ийм болсоноо тэд асуухад “Шатнаас унасан" гэж гэрийн эзэд хэлжээ. Вилфордын гэрээс охидыг гарахад хөрш эмэгтэй нь таарч “Та нар өнгөрсөн шөнө орилоод байсан охид уу, нүд чинь яагаад хавдчихсан юм. Та нарыг зодсон уу" хэмээн асуусан байна. Хөрш эмэгтэйтэй хамт явсан хүн “Охид юу болсныг мэдэхгүй. Эндээс явж үз” хэмээн эмэгтэйг загнаад гаргажээ.

Эхэндээ охид өөрсдийгөө согтсон гэж бодсон гэнэ. Хөхөрч хавдсан гэмтлээ, согтож юм мөргөж унаснаас болсон байх хэмээн боджээ. Гэтэл хоёр хоноход тэдний бие улам зовиурлаж өөрсдийгөө хүчирхийлэлд өртсөн гэж үзсэн байна.

ОХИДЫН НЭГ НЬ ЕСӨН ОЁДОЛ ТАВИУЛСАН БАЙНА

Охид ил харагдах сорви шархнаас илүүтэйгээр ямар нэгэн өвчин эсвэл эрхтэн алга болсон байж магадгүй хэмээн хамгийн их айжээ. Тэд хоорондоо ярилцаад эмнэлэгт үзүүлэхээр болсон байна. Фэрфаксын эмнэлэгт хандаж шинжилгээ өгчээ. Шинжилгээгээр тэднийг хүчирхийлсэн болох нь батлагдаж, охидын нэг нь есөн оёдол тавиулсан байна. Охид хундагатай дарсанд мансууруулах төрлийн бодис хийсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ төрлийн шинжилгээг мөн өгсөн байна. Бусдад хүчирхийлүүлсэн гэдгээ мэдсэн охид Вашингтон дахь Монголын ЭСЯ-д ханджээ. ЭСЯ-ныхантай зөвлөөд энэ хэргийн талаар тус хотын цагдаагийн газарт хандсан байна. Хохирогчдын нэг нь цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ нэг монгол залуу охидыг хуурч хүчирхийлдэг хос байдаг тухай найз нь ярьж байсныг хэлсэн байна. Хохирогчдын өгсөн мэдүүлгийн дагуу тус хотын цагдаа нар сэжигтнүүдийн хэн болохыг тогтоож, хэргийн газраас цус болон бусад холбогдох эд мөрийн баримтыг цуглуулжээ. Хэрэг явдал болсон байшинд нэг хосоос гадна хоёр эрэгтэй хамт амьдардаг байсан хэмээн мөрдөгчид мэдээлсэн байна.

ХҮЧИРХИЙЛСЭН СЭЖИГТНҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Охидыг ажилд зуучилж өгсөн гэх Белла хэмээх монгол бүсгүй тэдэнтэй амьдардаг байж болзошгүй мэдээллийг манай талд өгсөн байна. Белла болон охидыг хүчирхийлсэн хоёр залууг цагдаагийнхан баривчилжээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Белла гэж өөрийгөө нэрлэсэн монгол бүсгүй гадаад иргэнтэй хамтран амьдардаг бөгөөд охидыг хүчирхиилсэн гэж буй хоёр сэжигтэнтэй бас хамт амьдардаг бололтой. Хүчирхийлсэн гэх хоёр залуу бэлгийн буруу чиг хандлагатай залуус байж болзошгүй гэнэ. Юутай ч дөрвүүлээ хамт амьдардагбололтой. Тэр байр нь түрээсийнх үү, хэн нэгнийх үү гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Хэргийг шалгах явцад баривчлагдсан залууст Белла хүчирхийлүүлэх охидыг нь олж өгдөг байж болзошгүй гэнэ. Жил гаруйн өмнө тэнд сурдаг нэг монгол бүсгүй тэдний гарт өртөж, хүчирхийлүүлсэн гэнэ. Тэрбээр охидыг хүчирхийлүүлсэн талаарх мэдээллийг үзээд Фэйрфаксын цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед юу болсныг нууж байсан боловч энэ хэрэг гарсныг мэдээд цагдаагийн хэлтэст очиж сэжигтнүүдийн эсрэг мэдүүлэг өгөх хэрэгтэй гэж үзсэн бололтой. Мөн нэг хятад хохирогч бас ирсэн гэнэ. Харин Белла гэх монгол бүсгүй АНУ-д хэдэн жилийн өмнө очсон, Монгол нэр нь хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. Гэмт хэргийн золиос болсон охид гэр бүлийнхэндээ мэдэгдэх сонирхолгүй байгаа тул нэрээ нууцлахыг манай Элчин сайдын яамныхнаас хүсчээ.

Д.МАРГАД

 

logo