Эрүүл болоход ганцхан хагалгаа дутуу байгаа Н.Нандинхүсэл охинд тусалцгаая
2015/03/26
Эгэлхэн энэ амьдралын нэгэн утга нь гэгдэж, ижий аавынхаа сэтгэлийн нар нь болж мэндэлсэн Нямдавгын Нандинхүсэл охин өдгөө ой, долоон сартай. Өдрөөс өдөрт өсч торнин, хэн хүний хайр татам харагдах энэ бяцхан охины хувьд зөөлөн тоглоом бус зүү тариуртай “нөхөрлөнө” гэдэг хүндхэн даваа.
Эхээс анх мэндлэхдээ аарцаг нурууны төгсгөл хэсэгт нь гадагшаа байрлалтай, эрхий хурууны чинээ ургацаг байсныг нь эмч нар тогтоож, гадаадад эмчлүүлэхээс өөр арга байхгүй гэдгийг сануулсан аж.
Амьдрал зохиогоод удалгүй анхны үрээ тэврэн хөөр баяртай явсан залуу эцэг эхийн хувьд нэлээдгүй сандарч, гурван өрөө байраа зараад БНСУ-ын Сөүл хотын Үндэсний их сургуулийн дэргэдэх томоохон эмнэлгийг зорьжээ. Тус эмнэлэгт багагүй эмчилгээ хийлгэж, таван сарын дараа дахин эмчлүүлэхээр болсон ч орон гэрээ зарж, банкнаас нэлээд хэмжээний мөнгө зээлсэн залуу хосуудад боломж олдоогүй гэнэ. Тиймээс эх орондоо эмчлүүлэх арга чарга хайж, басхүү охиныхоо эмчилгээний зардалд нэмэрлэх мөнгө төгрөг хайж явсаар есөн сарын дараа БНСУ-ыг дахин зорьсон байна.
Гэтэл хагалгааны үеэр уг зөөлөн эдийн дотор хорт хавдрын эс үүсч, улмаар элгэнд нь үсэрхийлсэн гэсний дагуу дахин эмчилгээ хийхээр болжээ. Энэ хугацаанд охины ээж амаржиж хөөрхөн дүүг нь төрүүлсэн бөгөөд аав нь хуучны барилга нураах ажил эрхлэн ам бүлээ тэжээж яваа гэнэ. Эмч нарын зөвлөсний дагуу тэд Н.Нандинхүсэл охиныхоо эмчлүүлж буй эмнэлгийн ойролцоо байр түрээслэн амьдарч буй юм билээ. Гэвч байрны түрээс болгож сар бүр 400 мянган вон төлөх боломж хомс, охиныхоо химийн эмчилгээнд зарцуулах мөнгө төгрөг дутмаг байгаа залуу хосуудад дахин асуудалд тулгарах нь тэр.
Хэдийгээр өнгөрсөн хугацаанд долоон удаагийн химийн эмчилгээнд хамрагдаж, 65 мянга хүртэл өссөн хорт хавдрын эсүүд нь шимэгдсэнээр багагүй жин нэмж, эрүүл саруул болох тун дөхөж буй Н.Нандинхүсэл охиныг энэ сарын 29-нд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэжээ. Энэхүү хагалгаагаар мөнөөх ургацаг буюу хавдрын эсийг тээж байсан зөөлөн эдийг авах бөгөөд багахан хэмжээний эмчилгээний дараа Н.Нандинхүсэл охин бусад хүүхдийн адил эрүүл саруул нэгэн болох боломжтой юм билээ.
Хагалгааны зардалд урьдчилгаа болгож 15 сая вон төлөх ёстой бөгөөд хагалгаа хийсний дараа сэхээн амьдруулах тасагт гурав хоног хэвтэн эмчлүүлэхийн тулд нэг өдөрт 2 сая 500 мянга вон шаардлагатай ажээ. Энэ нь манайхаар бол, өдөрт таван сая төгрөг төлөх ёстой гэсэн үг юм. Өөрсдийнхөө гурван өрөө байрыг зарж, эцэг эхийнхээ хоёр өрөө байрыг банкны зээлийн өрөнд тавьсан залуу эцэг эхэд Н.Нандинхүсэл охиныхоо эмчилгээнд зарцуулах 50 гаруй сая төгрөгийг яаралтай олох шаардлага тулгараад байгаа нь мэдээж.
Хоёр хөөрхөн хүүхдийн эцэг эх болж яваа 26, 27-той залуу хосын хувьд, энэ удаад сайхан сэтгэлт Монгол түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хүсч гуйсан нь энэ. Хүүхдийн гэх тодотголтой, олонд танигдсан төрийн бус байгууллагуудад хандаад ч тусыг эс олсон тэдний хувьд энэ бол ЭЦСИЙН НАЙДВАР нь. Нэг нас, долоон сартай Н.Нандинхүсэл охин энэ сарын 29-нд хагалгаанд орж чадвал эрүүл саруул болох магадлал 100 хувь гэдгийг эмч нар нь ч онцолжээ. Тиймээс хөөрхий бяцхан үрээ эмчлүүлэхийн тулд хүний нутагт шаналан буй залуу хосуудад туслан, энэ хөөрхөн охинд АМЬДРАЛ хайрлахыг элэг нэгт Монголчууддаа уриалж байна.
Жич: Н.Нандинхүсэл охины өвчний онош болон зургийг хавсаргав.
Хандивын данс: Голомт банк 1109353670 Ганболдын Нямдагва /Н.Нандинхүсэл охины аав/
ХААН банк: 5069015706 Батцэнгэл /Н.Нандинхүсэл охины эмээ/
Холбоо барих утас: 94093739
САЙН ҮЙЛ БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Зочин · 2015/03/27
ТҮМЭН ОЛОН МИНЬ ТУСЛААРАЙ ДАА ЭНЭ ГЭР БҮЛД.