Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байх Цагаан чулуу тойрсон элдэв цуу яриа маш олон бий. Тэнд Чингисийн нэг хатанг бунхлан нутаглуулсан хэмээн нутгийн иргэд дээр үеэсээ өвлөн ярьж ирсэн. Өдгөө ч энэ тухай яриа байсаар байдаг.

Гэтэл түүхэн эх сурвалжид энэ тухай дурдсан нь бараг үгүй. Харин түүхийн нэгэн сурвалжид “Их талын элгэнд их говийн хоймор өндөрлөгт Чингис хаан их цэргийн хамт явж байгаад нэгэн хайрт хатнаасаа хагцаж тэнд нь оршуулсан бөгөөд тэр газарт олон хоног уй гашуу зарласан билээ” гэсэн нь бий. Тиймээс зарим судлаачид энэ тухайд баримжаалсан байхыг үгүйсгэхгүй. Юутай ч Алтанширээ сумаас баруун өмнө зүгт Дорноговь аймгийн төв орох замд 40 орчим километрт байх говийн хойд захад ноёлог өндөрт нэгэн хээ хуар бүхий өөхөн цагаан чулуун хөшөө бий. Үүгээр явж өнгөрсөн бүхэн идээ будааныхаа дээжийг өргөж, мөнгө төгрөг тавьдаг тийм газар.

 

      Социалист нийгмийн үед тус сумын тракторын нэгэн жолооч хөшөөг троссоор оосорлон чирээд дийлээгүй юм гэсэн. Мөн нэгдлийн нярав байсан нэг нөхөр ухаад байсан хөшөөнөөс хэдэн алхамын зайд их хөндий чимээ гараад айгаад больсон юм гэдэг. Тэгэхээр тэр хөшөөн дор ямар нэгэн зүйл байгааг баталж буй хэрэг. Тус хөшөөний өмнө энгэрт хуучин цагт Хондогын хийд байсан туурь өдгөө ч бий. Тус хийд нь ойр орчимдоо нэртэй эрдэм чадалтай лам нар олон байсан тухай хууч яриаг тэмдэглэн үлдээсэн нь бий.

 

       Учир мэдэх нутгийн хүмүүс, зарим судлаачид илрүүлж нээгээгүй болохоос биш энд Чингисийн хатны хөшөө бий гэдэгтэй санал нэг дуугардаг юм билээ.

 

Ч.Дорж