МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд "Ногоон хас байгаль хүмүүн нийгэмлэг"-ээс "Босоо хөх Монгол" ТББ-ын хууль бус ажиллагааг илрүүлэн, нотлох баримтуудыг дэлгэлээ. 

Тэд “Босоо хөх Монгол” ТББ нь эх оронч үндэсэрхэг  гэсэн нэрийн дор хууль бус үйл ажиллагаа явуулж бохир аргаар мөнгө олж буйг бичлэг болон бусад баримтаар дэлгэлээ.

Тус нийгэмлэгийн гишүүд 17 саунд шалгалт хийхэд 7 нь "Босоо хөх Монгол" бүлгэмийн хамгаалалтад байжээ. Тэд шалгалт хийсэн хүмүүсийг утсаар байнга сүрдүүлсэн байна. Мөн "Босоо хөх Монгол"-ын хамгаалалт доор гадаад эзэнтэй ресторан, шөнийн клубууд ч байдаг гэв. 

"Босоо хөх Монгол" нэрийн дор 7 саунд хүний наймааны шинж чанар бүхий үйл ажиллагаа явуулж, монгол охидыг гадаад болон дотоодын иргэдэд худалдаалан биеийг нь үнэлүүлдэг. Мөн олсон орлогоос нь хувь хүртэж түүнчлэн биеэ үнэлэгчдийг худалдан авсан этгээдүүдийг дээрэмдэн мөнгийг нь завшсан гэх мэт бусармаг үйлдлүүдийн талаар гаргасан гэв. Мөн "Ноён уулаа аваръя" уриан дор нэгдэн суулт зарлах үеэр цагдаа нарыг өөрсдөд нь хүч хэрэглэсэн хэмээн худлаа мэдүүлэг өгч гадны болоод дотоодын компаниудыг шантаажлан хууль бусаар мөнгөний төлөө улайрч буй байдлыг "Ногоон хас байгаль хүмүүн нийгэмлэг"-ийн гишүүд мэдээлсэн юм