Манай улсын Засгийн газар болон Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн хооронд олон жил үргэлжилсэн маргаан саяхан эцэслэсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын Арбитрын шүүхэд хариуцагчаар татагдсан Монгол Улсын Засгийн газар ялагдал хүлээж, Канадын “Хан ресурс” компанид 100 сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөр болсон билээ. Хэрэв энэхүү шүүхээр нэхэмжилсэн мөнгийг заасан хугацаанд төлж барагдуулахгүй бол Монгол Улсын Засгийн газарт Нью-Йоркийн конвенцийн дагуу, хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээг авах болно гэдгээ нэхэмжлэгч тал мэдэгдээд буй. Үнэндээ эдийн засаг хүндхэн, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа өнөө үед шийдлийн гэх тодотголтой Засгийн газар шүүхээс нэхэмжилсэн энэ их хэмжээний мөнгийг ямар замаар босгож, харийнхны гомдлыг тайлах бол гэх асуулт хариултгүй хэвээр байна.

 

Ялагдал хүлээсэн Засгийн газар ямар ч алхам хийхгүй

 

Олон улсын Арбитрын шат, шатны шүүхэд ялагдал хүлээсэн Монгол Улсын Засгийн газрыг цаашид ямар арга хэмжээ авах, хариу үйлдэл хийх бол гэж дэлхий нийт анхааралтай ажиглаж буй. Одоогоос дөрвөн жилийн өмнө Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн олон нийтэд хандаж “Шүүхийн эцсийн шийдвэр яаж гарахыг нь мэдэхгүй. Гэхдээ бидэнд Канадын “Хан ресурс” компанийг ялах хангалттай баримт, нотолгоо бий” хэмээн ам бардам мэдэгдэл хийж байв. Улмаар тэдний өгсөн амлалт эсрэгээрээ гарсан даруйд “Монгол Улсад давж даалдах эрх нь нээлттэй үлдсэн. Гэхдээ нэгэнт гарсан шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Харин яаж нөхөн төлбөрийг барагдуулах нь тодорхойгүй байна” гэх утгатай тайлбар өгсөн билээ. Тэгвэл олон улсын Арбитрын шүүхэд ялагдал хүлээсэн Засгийн газар өнөөг хэр нь ямар ч хариу арга хэмжээ аваагүй байна. Ажлын хэсгийг ахалж ажилласан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгтэй холбогдож, манай улс цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа болон шүүхээс нэхэмжилсэн 200 орчим тэрбум төгрөгийг хэзээ, хэрхэн барагдуулах талаар тодруулах гэсэн боловч тайлбар өгөхөөс татгалзсан юм. Тэрбээр яамны хэвлэл мэдээллийн ажилтнаараа дамжуулж “Ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Одоогоор ярилцсан зүйл алга. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариу өгөв.

 

Маргаан ингэж эхэлсэн

 

Үнэндээ Монгол Улсын Засгийн газар хоёр туулай хөөсөн учраас л олон улсын Арбитрын шүүхэд дуудагдсан хэрэг. Тодруулбал, Дорнод аймаг дахь цацраг идэвхт ашигт малтмалын орд газарт уран олборлох байсан тус компанийн “Төв Азийн уран”-ын 237А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, оронд нь Монгол-Оросын хамтарсан “Дорнод уран” компани байгуулан лицензийг нь түүнд шилжүүлснээр маргаан эхэлсэн түүхтэй. Яаж ч бодсон Дорнод аймаг дахь цацраг идэвхт ашигт малтмалын орд газарт уран олборлохоор улайрч байсан канадууд эл шийдвэрийг толгой дохиод хүлээн зөвшөөрөхгүй нь илэрхий. Өөрөөр хэлбэл, манайхан хэлсэн үг, хийсэн гэрээнээсээ буцсан болохоор л Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани Монгол Улсын Засгийн газрыг олон улсын Арбитрын шүүхэд өгсөн нь харагдаж байна.

 

Өрнөөс салахын тулд иргэдийнхээ халаасыг тэмтрэхээс өөр замгүй

 

Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч үгүй гэдэг шиг олон улсын Арбитрын шүүх эцсийн шийдвэрээ хэдийнэ гаргасан. Тэгээд ч нэгэнт гаргасан шийдвэрийг ямар ч нөлөө бүхий Засгийн газар байсан “Үгүй” гэж гэдийх эрхгүй, үг дуугүй биелүүлэх ёстой байдаг гэх. Үнэндээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр толгойлуулсан өнөөгийн Засгийн газар юун түрүүнд олон улсын Арбитрын шүүхээс нэхэмжилсэн 100 сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөгийг хэрхэн төлж, барагдуулах арга зам, гарцаа хайх ёстой хэдий ч эдийн засаг хүндэрсэн, “Чингис”, “Самурай” бондын өрийн дарамтаасаа гарч амжаагүй тэд энэ их мөнгийг ард түмнийхээ халааснаас гаргуулах нь тодорхой. Шуудхан хэлэхэд Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгчдийнхөө халаасыг сэгсэрнэ. Өмнө нь ч ийм байдлаар шийддэг байсан. “Марубени”, “Алтан дорнод Монгол”, “Номаранг” гээд Засгийн газар шүүхэд дуудагдан ялж, ялагдаж байсан тохиолдол хэд хэд бий. Тэр үед төсөв мөнгө ч гайгүй байсан болохоор ялсан ч, ялагдсан ч зардал, хохирлыг нь чимээгүйхэн барагдуулчихдаг байсан байх. Харин одоо бол өөр. Өрнөөс гарахын тулд монголчууд нийтээрээ бүсээ чангалах нь дамжиггүй.

 

Б.Төрбат