-Боловсрол, шинжлэх ухааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам сайд, дарга нар,тэднээс тендер авсан ААН-үүдийн буруутайг шүүх тогтоов- 

 

       Өдгөөгөөс хоёр жилийн өмнө ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал нар нэр бүхий долоон компанитай хамтран сурагчийн дүрэмт хувцасаар бизнес хийж, ихээхэн мөнгө хувьдаа завшсан тухай мэдээлэл тэнүүчилж байв. Тиймээс энэхүү маргаан холбогдох мэргэжлийн байгууллагууд болон бусад Төрийн бус байгууллагын хэмжээнд дэгдэж, сүүлдээ хууль хяналтын байгууллагаар шүүлгэсэн билээ. Харин энэхүү маргаан нь Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж, Х.Золжаргал нар нь холбогдох олон хууль тогтоомж зөрчөөд зогсохгүй дээрх бүлэглэл ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар болжээ.  

 

      Учрыг тодруулбал, 2013 оны хичээлийн жилд ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргал нь сурагчийн дүрэмт хувцасны сонгон шалгаруулалтыг өөрийнхөө яамны нэр дээрээс зарласан. Эх сурвалжуудын хэлж байгаагаар бол Х.Золжаргал нар нь өөрсдийн танил тал болох “Шилмэл загвар”, “Өүлэн Мэнч”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн долоон компанийг хууль бусаар шалгаруулж, тэдэнд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхийг олгосон байна. Харин сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газраас 23 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирсэн аж. Үүнээс есөн тэрбум төгрөгийг дээрх долоон компанид олгосон байна.

 

     Хамгийн гол нь дээрх компаниуд энэ чиглэлд төдийлөн үйлдвэрлэл явуулаагүй, туршлагагүй хэдий ч ийнхүү танил талын хүрээгээр төрөөс мөнгө авсан гэдгийг ч хууль хяналтын байгууллага тогтоожээ. Тухайлбал, “Батзүү”, “Их шаглаа”, “Энхзүр” зэрэг компаниуд нь хорь шахам жил сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл явуулсан туршлагатай ААН-үүд юм. Мөн тухайн жилд зарласан сурагчдийн дүрэмт хувцасны нэгдсэн загвар батлах уралдаанд “Их шаглаа” “Батзүү” компаниуд дэд байр эзэлж байв. Учир нь энэ бүх стандарт горим болон бусад зүйлийг харгалзан үзэж сонгон шалгаруулалтын үндсэн чигээ болгодог байна. Ийнхүү олонд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай компаниудын өмнүүр дайрч хууль зөрчин тендер авсан долоон компанид дээр дурдсан есөн тэрбум төгрөг очсон нь баримтаар байдаг ч үлдсэн 14 тэрбум төгрөгийг чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа аж.

 

    Зөвхөн үүгээр зогсохгүй тухайн үед 55 мянган төгрөгийн үнэтэй байсан дүрэмт хувцас даруй 140 мянган төгрөгт хүрч, улмаар 17 мянган ширхэг дүрэмт хувцасыг өмнөд хөршид үйлдвэрлэн оруулж ирсэн нь ч гааль дээр илчлэгдсэн гэдгийг уншигч та сайн санаж байгаа. Ийнхүү өндөр үнэтэй дүрэмт хувцасаа аймаг дүүргийн Боловсролын газраар дамжуулан сурагчдад шахсан. Ингэхдээ энэ дүрэмт хувцасыг заавал авах ёстой. Үгүй бол албан тушаалтай чинь ярина гэх сүрдүүлэг дарамт ч байсан гэдгийг Боловсролын байгууллагын зарим албан тушаалтнууд хэлж байгаа юм. Хамгийн наад зах нь маргаан бүхий захиргааны акт нь 2013 оны долдугаар сарын 09-ний өдрийн огноотой байдаг. Гэтэл аймаг дүүргийн Боловсролын газраас сурагчийн дүрэмт хувцасны загвар 2013 оны тавдугаар сард батлагдсан гээд он сарын асар их зөрүү гарсан зэрэг нь анхнаасаа хууль бус үйлдэл гэдэг нь нэгэнт илчлэгдсэн хэрэг болж байгаа юм.

 

      “Батзүү”, “Их шаглаа”, “Энхзүр” компаниуд энэ үйлдвэрлэлд олон жил туршлагатай үйл ажиллагаа явуулсан төдийгүй хямд үнэ өндөр чанарыг ажлынхаа гол зорилго болгож ирсэн гэдгийг хэрэглэгч та бүхэн сайн мэднэ. Тиймдээ ч дээрх гурван компани энэхүү хууль бус үйлдэлтэй тэмцэж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс уг долоон компаний буруутайг тогтоосон байна.      

 

     Хамгийн энгийн жишээ дурдвал тухайн үед сургуулиар дамжуулан хүүхдүүдэд түгээж байсан хувцас “Нарантуул” зах дээр “Монголд үйлдвэрлэв” шошготой  худалдаалагдаж эхэлсэн нь ч тэдний бохир бизнесийн нэг хэсэг нь. Мөн үед ҮХААЯ-ны холбогдох албаныхан хэд хэдэн газарт худалдаалж буй дүрэмт хувцасны даавууг шинжлүүлэхээр лабораторид хүртэл өгч хөл болсон ч нэгэнт эрх мэдлээр далайлгаад авчихсан компаниуд уг дуулианыг дарж өнгөрсөн удаатай. Гэтэл зарим тал дээр Солонгосоос муу чанарын даавуу оруулж ирсэн, 23 тэрбум төгрөгийн нэг хувь болох 230 сая төгрөгийг ажил хянан шалгах хүрээнд зарцуулна гэж аваад хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон гэх зэрэг олон асуудал үүссэн.

 

      Хамгийн гол нь дээрх долоон компани нь зах зээлийн зарчимаар өрсөлдөж байх учиртай ч улс төрийн-бизнесийн бүлэглэлтэй хуйвалдан бусдын бизнесийг булаан авсан. Ингээд зогсохгүй хямд өртөгтэй, чанарын өндөр түвшинд зах зээлд нийлүүлж байсан дүрэмт хувцасны чанарыг унагаж, үнэ нэмсэн гээд маш олон асуудал босч байгаа юм. Тэдний хувьд Боловсролын, Өрсөлдөөний тухай олон хууль тогтоомжийг зөрчсөн байх тул “Батзүү”, “Их шаглаа”, “Энхзүр” компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй хэмээн шүүхээс үзсэн байна. Ингэхдээ шүүхээс “БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны долдугаар сарын 09-ний өдрийн 4/3931 дугаар албан бичиг, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны долдугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгосугай” гэжээ.

 

     Мөн зах зээлийн цэвэр өрсөлдөөн, Өрсөлдөөний тухай хуулийг ноцтой зөрчсөн учраас “Батзүү”, “Их шаглаа”, “Энхзүр” компаниудын зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхөөр болжээ. 

 

Авилгатай тэмцэх газар энэ мөнгөний орсон, гарсан нүх сүвүүдээр амжилттай орж хаачсан нь мэдэгдэхгүй байгаа олон тэрбум төгрөгийг тодруулж, алаг үрсээ гэсэн эцэг, эхчүүдийн сэтгэлийг хямралаас гаргаж, бодитоор үнийн санал гаргасан компаниудын зөв гэсэн шүүхийн шийдвэрийг баталгаажуулна гэдэгт л найдаж үлдлээ.