Хорвоод тээж төрүүлээд хоёр гаруй болгочихоод эмч нарын хайхрамжгүй байдлаас алдах үнэхээр хэцүү байдаг юм байна. Энэ гомдлоо хэлэхээр  үзэж байсан эмч нь "Чамд сургамж болог. Хүү чинь гэнэт л нас барах хам шинжээр амиа алдсан" гээд үл тоох ямар хүнд байдаг юм бэ хэмээн эх Мягмарсүрэн нулимсаа барж сууна.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд оршин суух Мягмарсүрэн гэх энэ бүсгүй хоёр сартай хүүгээ нас барахаас хоёр хоногийн  өмнө "Одонт манал"  өрхийн эмнэлэгтээ ханджээ. Тэрээр хүүхдээ ханиалгаад байхаар нь өрхийн эмнэлэгт  очин хүүхэд минь ханиалгаад  байна гээд үзүүлэхэд өрхийн эмч нь цээжийг нь чагнаж үзээд зүгээр гээд анисны навч, витамин С уусмалаар бичиж өгөөд буцаажээ.

Ингээд эмчийн бичиж өгсөн эмийг уугаад хүүхэд нөгөөдөр нь нас барсан байна. Хүүхдээ алдсан эх өрхийн эмчид гомдолтой байгаагаа илэрхийлж шүүх эмнэлэгт ханджээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хоёр сартай нярай зүүн уушигандаа хатгаатай байснаас харвалт өгч нас барсан гэх дүгнэлт гаргажээ.

Энэ дүгнэлтийг нь эмчдээ хэлэхэд "Би 27 жил эмч хийхдээ уушигны хатгалгаагаар харвалт өгч нас барсан тохиолдол үзээгүй. Танай хүүхэд ямар ч шалтгаангүй нас барсан гээд халгаагүй байна. Уг хөөрхий эх эмчийг уучлаарай харамсаж байна гээд хэлчихэж болдоггүй юм  болов уу. Хүүгээ алдаад шаналж явахад ийм л үг сонсохыг хүсдэг юм билээ гэж байв.

Тэгвэл хүүгийн үхлийн талаар хороо дүүргийн эрүүл мэндийн төвийн хариулцлагатай хүмүүс юу гэж ярьсныг хүргэе.

"Одонт Манал" өрхийн эмнэлгийн дарга Б.Оюунчимэг:

-Хоёр сартай хүүхэд нас барсан. Тэр чинь ийм юм. Гэнэт нас барах хам шинж гэж байдгийн. Тэр одоо яагаад ийм тийшээ яваад байгаа юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.  Шүүх эмнэлэг хариугаа манай дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл рүү мэдэгдсэн. Энэ жил манай дүүргийн хэмжээнд гэнэт  нас барах хам шинж гэсэн оношоор 3 хүүхэд нас  барсан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн хүүхдийн эмч Бүтэмж:

-9 сард нас барсан юм билээ. Манайд шүүх эмнэлэг дүгнэлтээ илрүүлдэггүй. Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ирсэн  бүртгэлээр нярайн гэнэтийн үхлийг хам шинжээр нас барсан гэж байна. Нярайн гэнэтийн үхлийн хам шинж гэдэг нь шалтгаан тодорхойгүй буюу  хүүхэд нас барах үедээ ханиад томуу зэрэг өвчин эмгэггүй байж байгаад нас барахыг хэлнэ.

Эрүүл мэндийн салбарынхан ийм тайлбар хийж байв. Тэгвэл талийгаач хүүгийн эх, хууль хяналтынхан арай өөр зүйл хэлсэн юм.

Хүүг нас барсны дараа шүүх эмнэлгийн дүгнэлт гарахад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэсэн ч прокурорын байгууллагаас гадны нөлөө ороогүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгож хэргийг хаажээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурор Оюунжаргал:

-Хүүгийн үхлийн талаар архиваар харах хэрэгтэй. Ямар ч байсан уушигтай холбоотой байсан. Өвчний улмаас нас барсан гэх дүгнэлттэй байсан.

Шүүх эмнэлгийн дүгнэлт ингэж гарсан байхад дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эмнэлэгт гэнэт нас барах  хам шинж гэж бүртгэгдэв. Үнэхээр шүүх эмнэлгийн дүгнэлт явцын дунд гэнэт нас барах хам шинж болж хувирсан нь нярайн үхлийн шалтгааныг нуух сонирхол хэн нэгэнд байсан уу гэх хардлага төрүүлж байна.

Талийгаач хүүгийн ээж Мягмарсүрэн "Шүүх эмнэлгийн дүгнэлт гараад цагдаа дээр шалгах үед дүүргийн эрүүл мэндийн төвийн албан  тушаалтнуудад  хариуцлага тооцох тухай яригдаж эхэлсэн ч тэгсгээд намжсан. Би гэхдээ хэн нэгнийг  халж сольж, хориулах гээгүй. Хүн ёсоор надаас уучлал гуйх байх гэж харж байсан. Хүү минь өнөөдөр амьд байсан бол 8 сартай хөөрхөн болчихсон байх байсан" гэлээ. 

Хожуу ирээд эрт алдсан хүүгийнхээ араас харамсан уйлах эхийн хөхний сүү өнөөдрийг хүртэл татраагүй байна. Эрүүл мэндийн салбарынхнаас уучлал, зөөлөн үг хүлээж байсан эх дэндүү их доромжлуулсандаа гомдол нь үл тайлагдана.