"Голомт” банк үйлчлүүлчдээ мэдэгдэлгүй данснаас нь  мөнгө авч байжээ гэсэн   мэдээлэл цацагдсан юм.

"Дун Өргөө” нь  зочид буудал, үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд гадаад, дотоодын өндөр зэрэглэлийн зочид, төлөөлөгчдийг   угтаж авч үдэж өгдөг ажээ.

Ингэхдээ дэлхийн томоохон зочид буудлуудтай адил онлайнаар захиалга авч, төлбөр тооцоогоо хийдэг гэнэ. Энэхүү гүйлгээ  нь "Голомт” банкин дахь  тус компанийн дансаар нь дамждаг байжээ.  Гэтэл харилцагч банк нь компанийн  орлогоос   30 хоногийн дотор   17.8 сая төгрөгийг мэдэгдэлгүй авсан нь үл ойлголцол үүсгэжээ.

"Дун-Өргөө" ХХК-ийн захирал О.Буяннэмэх "Голомт банкаар олон жил үйлчлүүлж байгаа. Гэтэл харилцагч байгууллагаа үл хүндэтгэн бидэнд мэдэгдэлгүй манай  данснаас хууль бусаар мөнгө авлаа. АНУ-ын иргэн ASH MY CAIN  гэдэг хүн манай зочид буудалд захиалга өгсөн юм. Гэвч тэр үйлчлүүлэгч хугацаандаа ирээгүй учир тодруулахад нисэх онгоцны буудал руу явж байгаад осол орж  ирж чадаагүй гэсэн.

Гэтэл Голомт банк  3-р сарын 4-нөөс 31 хүртэлх хугацаанд манай данснаас зөвшөөрөлгүй мөнгө авч байсан байна. Эхлээд бид  анхаарахгүй яваад байсан байна. Голомт Банкны тухай тухай хуулийг зөрчин өдөр бүр орлогоос хууль бусаар авч байсан байгаа юм. Үүнийг мэдээд бид очиж уулзахад АНУ-ын банкнаас гомдол ирсэн, Дун-Өргөө компани манай иргэний олон улсын картнаас мөнгө татсан байна гэсэн, тэгээд манайх танай данснаас мөнгийг авч байсан гэж тайлбарлалаа. Хэн нь буруутай гэдгийг тогтоогүй байхад гаднаас ирсэн гомдолыг үндэслээд харилцагчийнхаа мөнгөнөөс авч болох уу.  Хэрвээ харилцагчийнхаа мэдээллийг алдсан бол АНУ-ын банк буруутан болно  биз дээ. АНУ-ын иргэн ASH MY CAIN залилуулсан асуудал байгаа бол  манайх ч гэсэн хохирогч болно. Олон улс дамнасан залилангийн гэмт хэрэг бол харилцагчийнхаа мэдээллийг алдсан АНУ-ын банк л хариуцлагаа үүрэх ёстой.

Бид Монголбанкны хяналт шалгалтын газар хандсан . Хууль хяналтын байгууллагад ч хандана" гэжээ. Харин Голомт банк " Гадаадын иргэний хулгайд алдагдсан картаар гүйлгээ хийсэн байгаа юм, Дун-Өргөө зочид буудалд бууна гэж  30 сая төгрөгийн захиалга өгсөн юм билээ. Гэтэл энэ хуурамч гүйлгээ байсан гээд гадаадын банк  манай Голомт банкнаас 30 сая төгрөгийг суутгаад авчихсан. Асуудал бүрэн шийдэгдээгүй байхад Дун-Өргөө компанийнханд  хэвлэлд хандаад байна " гэсэн утга бүхий тайлбар хийж байна.

 Хэрэв банк ийм үйлдэл хийсэн нь тогтоогдвол цаашид  үйлчлүүлэгчдийн итгэл алдарч мэдэх юм. Мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн найдвартай түнш байх эрх нь эргэлзээтэй болоход хүрч болзошгүй гэхчлэн олон асуултыг араасаа дагуулж байна.