ГХЯ: Санхүүгийн зөрчил гаргасан 4 консулын даргыг эргүүлэн татна
2015/04/08
-Жолоочийнхоо эхнэрийг согтуурч зодсон ОХУ-ын Кызылд суугаа консул Д.Ганболдод яаралтай хариуцлага тооц-
ОХУ-ын Кызыл хот суугаа манай консул Д.Ганболд багагүй асуудал үүсгэсэн нь шуугиан тарьж байна. Тэрбээр консулын газрынхаа алба хаагчдад гар хүрэх, үг хэлээр доромжлох гээд өмнө нь хэд хэдэн харилцааны доголдол гаргаж байсан нэгэн гэдгийг эх сурвалжууд баталдаг.
Гэвч тэрбээр дахин шуугиан тарихаар хэрэг хийжээ. Тодруулбал, Ерөнхий консул Д.Ганболд архи ууж, ажилтнуудаа дарамталж, жолоочийнхоо эхнэрийг зодож, мөн өөрийн эхнэртээ гар хүрч танхайрчээ.Жолоочийн эхнэрийн гар бэртэж, хуруу нь мултарсан тул эмнэлэгт хандан, оношилгоо шинжилгээ хийлгэж байгаа юм байна. Ингэхдээ бүр гэрт нь очиж жолоочийнхоо эхнэрт гар хүрсэн нь жолоочийн ГХЯ-нд гомдол тоочиход хүргэжээ.
Д.Ганболдын тухайд өнгөрсөн хоёрдугаар сард консулын газрын албаны машинаар долоон хайрцаг архи ачиж, хил гаргах гэж байгаад Увс аймгийн гаалийн газарт баригдаж байсан нь хэвлэлээр гарч байсан юм.
Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайд нар хүлээх үүрэгтэй өндөртэй байх ёстой хүмүүсийн нэг. Адаглаад хоёр орны гүүр болж, тус улсад суугаа иргэдээ харж, хандах ёстой. Гэтэл Монгол Улсаас ОХУ-ын Кызыл хотод суугаа Ерөнхий консул нь архи ууж, агсам согтуу тавин жолоочийнхоо эхнэрийг зодсон тухай мэдээлэл цацагдаж байгаа нь улс орны нэр хүндэд ч “муухан” зүйл болж байгаа юм.
Ямартаа ч төрд тэнцэхгүй, ёс суртахуунгүй, доод албан тушаалын хүмүүсээ дарамталж дээрэлхсэн "дарга" сэтэр зүүгчдэд ямар нэгэн арга хэмжээ авна гэдэгт найдая.
-Санхүүгийн зөрчил гаргасан 4 консулын даргыг эргүүлэн татна-
Консулын дарга нартай холбоотой асуудал үүгээр дууссангүй. Эрээнд ажилладаг Монголын ЭСЯ, Консулын газруудын дипломат ажилтнууд л гэхэд 1-2 өвөр монгол хүнийг дороо ажиллуулан хятад иргэдийн визний материалыг бөөнөөр нь авч, тэдэнд өндөр үнээр яаралтай виз гаргаж өгөх нэрээр мөнгө олдог болсон байна. Монголын дипломатууд визний наймаа хамтран хийдэг өвөр монголчуудыгаа “морь” гээд нэрлэчихсэн. Гадуур явахдаа өнөөх “морьдоороо орчуулга хийлгэдэг. Монголоос ирсэн хүмүүст үйлчлүүлэх, орчуулга хийлгэх зэргээр визнээс гадна давхар мөнгө олцгоож, ашгаа хуваадаг талаар учир мэдэх хүмүүс өгүүлдэг. Тэгвэл энэ бүхэн ч баримтаар илэрч, холбогдох хүмүүс шалгагдаад эхэлсэн талаар нуух юун.
Тодруулал, жил бүр Гадаад хэргийн яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газарт ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалтыг хийдэг.
Энэ дагуу Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Бээжин хотноо ажиллан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст зохих шалгалтыг хийсэн байдаг.
Шалгалтын үеэр санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн гэдгийг дээрх ажлын хэсгийн дүгнэлтэнд дурдсан. Ийнхүү зөрчил гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл болсон гэж үзэн БНХАУ-д байрлах Монголын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга, зөвлөх О.Энхтөр болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудахаар шийдвэрлэсэн байна.
Элчин сайдуудтай холбоотой дээрх асуудлуудын талаар ГХЯ-ны холбогдох эх сурвалжаас тодруулахад “Жолоочийнхоо эхнэрийн зодсон гэх мэдээлэл үнэн. Бидэнд ирсэн гомдлын дагуу Д.Ганболдод хариуцлага тооцуулахаар Засгийн газарт хүсэлт илгээсэн. Мөн санхүүгийн зөрчил гаргасан зарим консулын дарга нарыг эргүүлэн татах асуудал яригдаж байна. Тэд ажлаа хүлээлгэж өгөөд ирэх байх. Хятадын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга, зөвлөх О.Энхтөрөөс гадна гурван хүнээс зөрчил илэрсэн. Тэднийг хуулийн байгууллага шалгаж байгаа” гэв.
өндөр болгох нууц · 2015/04/09
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮