Есөн жилийн өмнө Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг одоо хүртэл шийдэгдэж дуусаагүй байна. Энэ хэрэгт хоёр хүнийг буруутай хэмээн ялын дээд хэмжээ оноосон ч Малайзын улс төрчид тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Мохаммад Нажиб Абдул Разакийг энэ хэрэгт буруутгасаар ирсэн. Гэвч тэрээр нотолгоо хангалтгүй гэх үндэслэлээр хэргээс мултарсан юм.


Тэгвэл 
Ш.Алтантуяагийн хэргийг Малайзын парламентын гишүүн өчигдөр дахин сөхлөө. Парламентын гишүүн Махфуз Омар хэрэгт буруутгагдан хоригдож буй Сирул Азараас жинхэнэ хэрэгтэн хэн болох нотолгоог олнохэмээн хэвлэлийн хурлаар мэлээллээ.


Махфуз Омар нь өчигдөр хэвлэлийн хурал зарлахын өмнөх өдөр Сирул Азарыг бие хамгаалагчаараа ажиллуулж байсан экс ерөнхий сайд Тун Махатир Мохамад болон Сирулын гэр бүлийнхэнтэй нууц уулзалт хийсэн байна. Уулзалтад Махфуз, Махатир, Сурилын ээж Пиа Самад болон түүний нагац Мустафа Самад нарын оролцжээ. Тэдний уулзаж буй гэрэл зураг лхагва гарагт олон нийтэд цацагдсан нь Малайзад ихээхэн шуугиан тариад байгаа юм.

Зүүн гар талаас Сирул Азар, Тун Махатир Мохамад.


Махфуз Омар мэдэгдэхдээ “Би Сирулын гэр бүлийнхэнтэй уулзсан. Бид өдрийн 15.40 цагаас уулзаад 40 орчим минут ярилцсан. Энэ үеэр Сирулын гэр бүлийнхэн бодож байгаа бүхнээ дэлгэсэн” гэжээ. Тиймээс хоёр дахь уулзалт зохион байгуулах болсон байна. Гэхдээ энэ уулзалт өмнөх хүмүүсийн дунд болохгүй бөгөөд Тун Махатирыг "хэрэгтэн" Сирултай шоронд уулзуулах аж. 
Тэдний холбоо маш дотно байсан тул Сирулыг энэ үеэр аллагын хэрэг хэрхэн болсон, хэн захиалсан гэх үнэн баримтыг Махатиртай утсаар ярихдаа дэлгэнэ хэмээн найдаж байгаа юм.


Өнгөрсөн бямба гарагт болсон залуучуудын хурлын үеэр Тун Махатир 
“Сирул даалгавар биелүүлснийхээ төлөө үхэх ял авах ёсгүй байсан юм. Тэр өөрийнхөө хэргийг шалгах боломж олгох ёстой байсан” хэмээн ярьснаар уг асуудлыг сөхөж эхэлжээ.


Сирул Азар болон Азилах нар 2006 оны 10 дугаар сард 28 настай Ш.Алтантуяаг хөнөөсөн хэмээн буруутгагдаж Шах Алам дээд шүүхийн 2009 оны тогтоолоор бүх насаар хорих ялаар шийтгэгдсэн юм.

 

Хэргийг дахин сануулахад:

 Малайзад амьдарч, орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяа 2006 онд шумбагч онгоцны худалдааны хэлэлцээрт туслаж байгаад амиа алдсан юм. Есөн жилийн өмнө болсон энэ хэрэг түүний биед тэсрэх бодис зүүгээд дэлбэлсэн гэхээс өөр эрэн сурвалжилсан зүйл, нотолгоогүй яваа гэхэд хилсдэхгүй. Түүний хэрэгт малайзууд тухайн үед Батлан хамгаалахын сайд асан, Ерөнхий сайд Нажиб Абдул Разак, түүний итгэлт анд Абдул Разак Багинда нарыг сэжиглэдэг. Тухайн үед Нажиб Абдул Разакын бие хамгаалагчаар ажиллаж байсан Азилах Хадри болон  Сирул Азхар Умар нарыг ч энэ хэрэгт бурутай хэмээн ялын дээд хэмжээ оноосон юм.

Ш.Алтантуяаг Нажибтай сексийн харилцаатай байсан хэмээн хувийн мөрдөн байцаагч Баласубраманиам мэдээлснийг монгол эмэгтэйн нэр хүндийг унагах зорилготой ч байж магадгүй хэмээн үздэг. Харамсалтай нь тэрээр хэргийн талаар жинхэнэ үнэнийг мэдээлнэ гэж мэдэгдсэнийхээ дараа буюу 2013 оны гуравдугаар сард амиа алджээ.

Г.Үжин