Тусгай хамгаалалтын газар 50 ширхэг хаус бариад эхэлжээ
2015/04/09
2016 онд манай улсад болохоор төлөвлөгдсөн АСЕМ-ын чуулга уулзалтын хүрээнд 7-8 төрлийн хурал чуулган зохион байгуулагдана. Нэг арга хэмжээнд ойролцоогоор 300-3000 орчим төлөөлөгч оролцох юм.
Энэ нүсэр том арга хэмжээнд зориулж засгийн газраас олон тэрбумаар тоологдох төсөв мөнгийг зарцуулж эхлээд байна. Дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүн өндөр дээд албан тушаалтнууд оролцдог энэ арга хэмжээнд монголчуудын бэлтгэл одоо хангалтгүй байгаа нь ойлгомжтой. Нэгэнт АСЕМ зохион байгуулах нь тодорхой болсон учраас төрийн тэргүүнүүдийг байрлуулах дээд зэрэглэлийн 50 хаус зочид буудал бариулах шийдвэрийг албаны хүмүүс гаргажээ.
Нэг хаус буудлыг нэг тэрбум төгрөгөөр бариулна гэнэ. Их тэнгэрийн аманд буюу тусгай хамгаалалттай газарт 50 хаус барих ажлаа хэдийнээ эхэлжээ. Энэ ажлыг МСS компани гүйцэтгэхээр болсон мэдээлэл байна. Тусгай хамгаалалтын бүсэд баригдах дээд зэрэглэлийн 50 хаус зочид буудлыг ямар зарчмаар хэрхэн бариулаад төрөөс мөнгийг нь яаж гаргаж байгаа нь тодорхой биш. Мөн эдгээр барилга АСЕМ дууссаны дараа хэний өмч болох вэ гэдэг асуудал одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан “Эко хаус байна. Халаалт газрын гүний дулаанаар хална. Уг ажлыг засгийн газар эхлүүлчихсэн явж байгаа. Энэ миний хариуцаж байгаа ажил биш л дээ. Миний ажил бол байгаа зочид буудлуудыг яаж дээш нь татах вэ гэсэн асуудлыг хариуцаж байгаа” гэсэн юм.
Ямар ч байсан 50 хаус барих зардлыг эхний ээлжид худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэхдээ энэ хөрөнгийг 2015 оны төсвөөс гаргаагүй гэдгийг сангийн сайд мэдэгдсэн. АСЕМ-д оролцох төрийн тэргүүнүүдийг буулгах 50 хаусны хөрөнгийн эх үүсвэрийг яг хаанаас гаргаж байгаа нь одоогоор бас л тодорхойгүй байна.
БОНАЖЯ-ны тусгай хамгаалалттай газраас энэ тухай мэдээллийг одоогоор нууцална гэсэн нь хачирхалтай. Харин бусад албаны төлөөллийг хүлээн авах бэлтгэл ажлыг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хариуцаж байгаа юм. 3,4-р хорооллоос Жуковын музей хүртэлх урагшаа их тэнгэр, зайсан орчимд зочид төлөөлөгчдийг буулгах зочид буудлыг бэлтгэх учиртай юм байна. Энэ жил 5 зочид буудал шинээр барихаас гадна зочид буудлууддаа 200 гаруй тэрбум төгрөгийн зээл олгож өнгө үзэмж, цагаан хэрэглэл, тавилгыг нь хүртэл сайжруулах гэнэ.
Түүнчлэн тогооч нарыг нь сургах ажилд ч багагүй хөрөнгө хүч хаях юм байна. Энэ талаар П.Цагаан “Харьцангуй бага хүүтэй 5 жил хүртэлх хугацаатай зээлээр хөрөнгө оруулна. Энэ асуудлыг эрх долоо хоногт засгийн газрын хуралдаанаар оруулаад шийдвэрлэн хурдан гэрээ байгуулахгүй бол их олон буудал байгаа. Тиймээс энэ ажлыг хурдан эхлүүлэхээр шуурхай ажиллаж байна” гэлээ.
АСЕМ-ын чуулга уулзалтаа амжилттай зохион байгуулчих юм бол жуулчид хүлээж авах чадамж мэдэгдэхүйц сайжирна гэсэн төлөвлөгөө байна. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед том хэмжээний хурал зохион байгуулснаар Монгол Улсын төсөвт хэр хэмжээний дарамт учрах талаар одоогоор тооцоолсон тооцоолол алга. Ядахад АСЕМ-д зориулж төрөөс хөрөнгө гаргуулж бариулж байгаа хаус буудал хүртэл дараа нь хэний мэдлийн ямар зориулалттай байгууламж болж үлдэх эсэх нь тодорхой биш байна.
Г.Мягмарсүх
Зочин · 2015/04/10
хурал дууслаа маргаш нь мань хэд хуваагаад хямдхан авна хө манай төрийн ухаан гэж мундаг шүү
Зочин · 2015/04/10
нууцлах юмаа нууцлана. тэрэнд хачирхаад байх зүйлгүй
Зочин · 2015/04/10
бас л зээл өр биз дээ эсвэл 2016 оны төсвиийн хөрөнгийг урьдчилан зарж байна даа