Гэр хороололын айлуудад хогийн уут тараах нь шахааны бизнес битгий болоосой
2013/06/05
Өнөөдөр нийслэл хотын нийт хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэд цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуй, зам харилцаа нийтийн тээвэр, унаа зэрэг орчин үеийн нийтийн аж ахуйн дэд бүтцийн үйлчилгээ сул, сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтэц дутмаг хүндхэн орчинд амьдарч байна.
Энэ удаад бид Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах үүднээс хог хаягдлын зориулалтын уутыг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад тараах, худалдах ажлыг зохион байгуулахаар болсонтой холбоотойгоор энэ сэдвийг хөндөж байна.
Гэр хорооллын төдийгүй нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа нэн тэргүүний асуудал бол “хог” юм. Саяхан болсон “Ардчилсан орнуудын чуулга уулзалт”-ын бэлтгэл ажил болгож хотын төвөө, хог шорооноос нь салгасан. Тэр үед хүн бүр л ам сайтай, сэтгэл хангалуун байсан. Их хот маань энэ хэвээрээ цэвэр цэмцгэр байгаасай гэсэн хүмүүс олон байлаа.
Улаанбаатар хотоос жилд 500-600 тонн хог гардаг бөгөөд өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдээс гарах үнс нийт хогийн 60 орчим хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл орчны бохирдол, агаарын тоосжилтыг багасгах, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдэд хог хаягдал хийх уутыг үнэгүй тараах ажил эхлүүлэхээр бэлтгэж байгаа юм.
Энэхүү уут нь гэр хороолол болон зуслангийн айл өрхөд 80*60 см, орон сууцны айл өрхөд 40*60 см хэмжээтэй байх бөгөөд зузаан нь 0,025 мм-ээс дээш байх аж. Уг хогны уутыг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээнд гаргах гэнэ. Нэг ёсондоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нэгэн ажил болж байна. Одоогоор айл өрхийн болон 15 албан байгууллагын хог тээвэрлэгч 291 машин ажиллаж байгаа аж.
Мэдээж ил задгай хог хаягдал хаяулахгүй гэсэндээ уг ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ талаар албаны хүн хэлэхдээ: “Гэр хорооллын айлууд жалга руугаа хогоо асгачихдаг байсан бол одоо хар уутанд хогоо хийгээд хашааныхаа үүдэнд гаргаад тавьдаг болж байна. Аж ахуйн нэгжүүд ч ялгаагүй, уутандаа хогоо хийгээд байгууллагынхаа үүдэнд тавина гэсэн үг. Үүнийг хогны машинууд шөнө нь ачаад явна” хэмээн онцолж байна.
Эхний удаад зориулалтын уутнаас нэг айлд сардаа 15 ширхгийг үнэгүй тараахаар зохицуулсан байна. Энэ сарын 15-н гэхэд дотоодын компаний үйлдвэрлэсэн 2.25 сая ширхэг уут гаргана гэсэн тооцоо хийжээ. Сар бүр цахилгааны төлбөртэй хамт авдаг хогны хураамжийн мөнгөний оронд 152 хорооны хэсгийн ахлагч нараар дамжуулан хогны уутаа айл өрхүүдэд түгээхээр болжээ.
Харин орон сууцны айлуудад СӨХ, жижүүрүүдээр дамжуулан тараах гэнэ. Ингэж хогны уут тараагаад байхад ил задгай хог хаявал торгуулийн журмыг хатуу хэрэгжүүлнэ гэдгээ ч холбогдох албаныхан хэлж байна.
Хог хаягдлын тухай хуулиар ил задгай хог хаясан иргэдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгоно гэж заасан байдаг аж.
Гэхдээ энэ асуудалд ард иргэдийн зүгээс учир дутагдалтай нэг ёсондоо бодит ажил болж чадахгүй хэн нэгний шахааны бизнес болоод дуусахвий гэсэн хардалт байгаа юм. Хогоо үүдэндээ гаргаад тавьчихлаар нохой тараагаад, хог түүдэг хүмүүс ухаж, асгаад дорвитой ажил болохгүй гэх хүмүүс цөөнгүй.
Гэсэн хэдий ч энэ асуудалд албаны хүмүүс өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж байна. Аль юм бүхэнд хаширлаж, хойш суух вэ. Тухайн үед нь засч, залруулаад бодит ажил болгохоор зорино хэмээн хэлж байна.
Ямартай энэ ажлыг хэрэгжүүлээд, хэвшүүлээд сурчихвал их хотын хогны асуудал бүрэн биш юмаа гэхэд тодорхой хэмжээнд шийдэгдэх боломжтой.
Б.Хорлоо
Зочин · 2013/06/06
gyalgar uut baigali chind htoi, hoto duuren gyalgar uut hiisch *** bolj baihad ene zuv shiidel esehed ergelzeetei baina shuu
Зочин · 2013/06/06
neere l nohii shu*** n taraaj hayaad demii bhda, harin ***nii uut uulj ireh company n mungu idne biz hudla une nemeed