Т.Дуламдорж уу, Ц. Батсайхан уу?
2015/04/13
Төрийн өмчийн хорооноос "Монгол шуудан" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт гаргажээ. Түүний оронд ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдоржийг томилохоор болсон байна.
Гэвч энэхүү шийдвэрийг "Монгол шуудан" компанийн ажилтнууд эсэргүүцэж, өчигдөр сануулах ажил хаялт зохион байгууллаа. Компанийн үүдээр оронгуут "Шуудан төрийн тоглоом биш", "Сайн менежерийг солих шаардлагагүй", "Гаднын хүн шууданд хэрэггүй", "Удирдлагыг дур зоргоороо сольдог байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ" гэх зэрэг уриа лоозон барьж хэсэг хүн сууцгаажээ. Дээрх утга бүхий лоозонгоо ханандаа ч наасан байв. Зөвхөн нэгдүгээр давхарт биш хоёр, гурван давхарт ч эсэргүүцлээ илэрхийлсэн бичиг нааж ажилтнууд сууцгаажээ. Энд шөнийн ээлжинд гараад буусан хүмүүс байгаа бөгөөд тус компанийн ажил хэвийн үргэлжилж байгаа ажээ.
Тэдэнтэй тэтгэвэртээ гарсан арав гаруй ахмад настнууд нь ч мөн нэгдсэн байлаа. Гуравдугаар давхарт суух ажилтнуудаас яагаад Ц.Батсайхан захирлыг ажлаас чөлөөлөхийг эсэргүүцээд байгааг нь тодрууллаа. Тэд "Шуудан гэдэг сууж биш явж ашиг олдог байгууллага. Ц.Батсайхан маш идэвх санаачлагатай ажилладаг. Ц.Батсайхан захирал болсноос хойш "Монгол шуудан" компани эдийн засгийн хувьд сайжирсан. Олон төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн, тиймээс төрөөс татаас авдаг байсныг болиулж компанийг ашигтай ажиллуулдаг болсон. Тэр жинхэнэ шуудангийн мэргэжилтэн. Хамгийн гол нь хамт олноо сонсч, нийгмийн асуудалд маш сайн анхаардаг. Түүнийг захирал болсноос хойш хоёр жилийн хугацаанд гурван удаа цалин нэмсэн" гэцгээж байв. Мөн болж буй үйл явдлын талаар тус компанийн удирдах албан тушаалтнуудын байр суурийг сонсохоор Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б. УЯНГАТАЙ ярилцпаа.
-ТӨХ-той байгуулсан Ц.Батсайхан захирлын гэрээний хугацаа дуусаад ажлаас нь чөлөөлсөн юм байна, тийм үү?
-Гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэж байгаа. Компанийн тухай хуульд ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж захирлыг чөлөөх тогтоол гаргах ёстой. Гэтэл ганцхан ТӨХ-ны Тамгын газрын дарга Ц.Одмаагийн гарын үсэгтэй удирдамж л ирсэн. Бид тогтоолыг нь нэхсэн боловч, ямар ч тогтоол үзүүлэхгүй байгаа. Ц.Батсайхан захирлын гэрээний биелэлтийг огт хэлэлцээгүй. Тиймээс бид хууль бус шийдвэрээ эргэн харахыг шаардаж, өргөх бичиг өгөхөөр ТӨХ-ны үүдэнд өнөө өглөө /өчигдөр/ очсон юм. 8.00-8.50 цагийн хооронд хүлээгээд бичгээ өгч чадсангүй. Шаардах бичгээ хүлээлгэн өгөхөөр дотогшоо орсон Түр хорооны дарга Д.Ганболд, хуулийн зөвлөх Ц.Нямдаш нарыг Нийслэлийн цагдаагийн хэлтсээс ирээд баривчлаад явчихсан. Гэтэл Төрийн өмчийн хорооны Ц.Одмаа, В.Дарханбаатар болон шинээр захирал болох Т.Дуламдорж нар хүн орох хориотой хаалгаар ороод, дамжиж явсаар захирлын өрөөнд орж ажил хүлээлцэхийг оролдсон. Ажилчид маань тэдний хэнийг нь ч оруулалгүй гаргалаа.
-Яагаад нуугдаж орж ирсэн юм бол. Тэр хаалга нь хаана байдаг юм бэ?
-Зүүн тийшээ харсан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын хаалгаар орж дээд давхарт байрлах "Цахилгаан холбоо" компанийн шугам сүлжээний өрөөгөөр дамжиж орж ирсэн. Шуудан гэдэг улсын онцгой бүс. Тэр хэсэгт биднийг ч орохыг хориглодог. Тэр хүмүүс дахиад сая дахиад Ц.Батсайхан захирлыг дагуулж ирсэн. Манай ажилчид хуучин захирлаа ч, шинээр ирж байгаа Дуламдорж болон ТӨХ-ныхныг ч оруулаагүй. Энэ нь удирдах багийнхны шийдвэр ч биш, нийт ажилтнууд өөрсдийн саналаар эвлэлдэн нэгдэж энэ бүхнийг зохион байгуулсан.
-Та бүхэн хэтэрхий туйлшраад байгаа юм биш үү. Ц.Батсайхан захирлаас илүү менежменттэй хүн байхыг үгүйсгэхгүй шүү дээ.
-Т.Дуламдорж гэдэг алдартай хүн юм гэнэ лээ. ОБЕГ-т очоод ажилчдаа хуу хамж халаа солио хийсэн гэж яригддаг. Ямартай ч сайхан мөртэй хүн биш. Гэхдээ тэр нь бидэнд хамаагүй. Бид захирлыгаа л цааш үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолтой байна. Шуудан гэдэг захын хүн удирддаг газар биш. Ц.Батсайхан захирал энд арав дахь жилдээ ажиллаж байгаа. Өмнө нь Маркийн газрын дарга байсан. Шуудан гэж юу байдгийг сайн мэднэ. Хувийн эрх ашгийн төлөө явдаггүй шударгаар зүтгэсэн гэдгийг компанийн бүх хүн хэлнэ. Өнгөрсөн жил манайх 738.8 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 2.1 тэрбум төгрөг татварт төлсөн. Хамгийн гол нь доод ажилтнууддаа маш их элэгтэй. Энэ хүмүүс яагаад ингэж тэмцээд байгаа юм гэхээр хайртай учраас. Сэтгэлд нь хүрдэггүй хүн байсан бол ажилтнууд нь ингэж явахгүй шүү дээ. Тиймээс захирлын эхлүүлсэн шинэ ажлын эцсийг үзмээр байна. Үр дүнг нь хармаар байна гэдгээ хэлж байна. Энэ бол ажилчид ганцхан захирлынхаа төлөө биш өөрсдийнхөө төлөө тэмцэж байгаа тэмцэл.
-ТУЗ-өөс бас шийдвэр гарсан юм биш үү?
-ТУЗ хуралдсан гэх боловч хууль бус гэж үзэж байгаа. ТУЗ-ийн дарга нэг гишүүнийхээ хамт Эрдэнэтэд байсан.
Дахиад хоёр нь хуралдаа очоогүй. Ийм байхад гаргасан шийдвэрийг хүчинтэй гэж үзэх аргагүй. Ер нь дээгүүрээ хуйвалдаж албан хүчээр томилгоо хийх гэсэн намын тохироо гэдэг нь илэрхий байгаа.
Захиргаа удирдлагын хэлтсийн дарга ийм хариулт өгч байна. Ажилтнууд ч захирлынхаа төлөө шаардлагатай бол өлсгөлөн зарлах хүртэл тэмцлийн арга хэрэглэнэ гэж мэдэгдэв. Халагдсан дарга нь ажилтнуудаа турхирч иймэрхүү арга хэрэглэдэг тохиолдол давтагдаж байгаа юм биш биз гэсэн хардлага хүмүүсийн дунд байгааг ажилтнуудад дуулгалаа. Гэтэл ажилчид "Захирал өөрөө халагдъя гэж байгаа. Гэхдээ ажилтнууд үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Бид даргадаа дэндүү хайртай. Тиймээс улс төрийн золиос болгомооргүй байна. Ганц Батсайхан гэдэг хүн биш ард нь байгаа 900 гаруй хүний эрх ашгийн төлөө бид тэмцэж байна" гэв.
Тэдний ярианаас Ц.Батсайхан захирлаараа бахархаж явдаг нь илэрхий. Хүнийг хайрлаж, эргээд тэднийхээ хүндэтгэлийг хүлээх эрхтэй хүн шиг санагдсан. Тэгээд ч үнэхээр сайн удирдан зохион байгуулагч мөн бол яагаад зөвхөн гэрээний хугацаа гэдэг "тоо"-нд баригдаж өөрчлөх ёстой гэж бодогдсоныг нуух юун. Компанийн зарим ажилчин захирлынхаа тухай ярихдаа нулимсаа барьж ядаж, уруул нь өмөлзөж байна лээ. "Тэр бол мэргэшсэн менежер. Эхлээд ажилчдаа сонсдог. Түүнийг захирал болсноос хойш элдэв шахааны бизнес байхаа больсон. Нэмэлт үйлчилгээ олныг нэвтрүүлсэн. Цаашид ч бидэнтэй ярьж төлөвлөсөн олон ажил байгаа. Хамт олны уур амьсгал ийм сайхан болгосон үед бид даргаа солихгүй. Ажилчдын нийгмийн асуудлыг өндөрт өргөсөн. Мөрөөдлийн гэмээр төлөвлөгөө ярьдаг ч тэр нь хоёр гуравхан сарын дараа биелэлээ олчихсон байдаг. Залуу хүнийг дэмждэг. Өөрөө ч эрч хүчтэй амрахыг мэдэхгүй ажилласан" гэх зэргээр магтаалын үг урсгацгаагаад л.
М.АЛТАНЦЭЦЭГ
Зочин · 2015/04/15
Монгол шуудан копанийн ажилчдын эс**********цлийг дэмжиж байна. Төрөөс татаас авдаг байгууллагыг төрд татвар төлдөг байгууллага болгож хамт олноо бүрдүүлж сайн ажиллаж буй менежерийг төр харин дэмжиж ажиллах учиртайсан.
Дуламдорж ичир нүүрэндээ элэг наасан этгээд юм даа. ОБЕГ -т хийсэн ажлыг чинь олон хүн мэднэ шүү. Ийм хүнийг зүтгүүлээд байдаг, нэг нь зүтгээд байдаг ийм тэнэг үйлдлээ болиоч. Ер нь улс төр нэрийн дор олон Дуламдоржтонгууд мэргэжлийн байгууллагуудыг сөхрүүлж байна.
Зочин · 2015/04/14
bolj bna shuu shuudahgiihniig demjij bna shuu Eronhii said halaa selgee hiihgui gesen yaasan be ? Toriin omchiin gazriig tatan buulgaacjhee namiin nohoi gulognuudeer duursen gazar MonTSahilgaan Holboo HHK bas togloson hssuu dee
Зочин · 2015/04/14
bolj bna shuu shuudahgiihniig demjij bna shuu Eronhii said halaa selgee hiihgui gesen yaasan be ? Toriin omchiin gazriig tatan buulgaacjhee namiin nohoi gulognuudeer duursen gazar MonTSahilgaan Holboo HHK bas togloson hssuu dee
Зочин · 2015/04/14
Ашигтай ажиллуулж байгаа менежерийг шагнах хэрэгтэй юун х********. Тэр Дуламдоржтонгууд ингэж төрийн өмч самрах ямар хэрэг байнаа. Хулгайч нар л төрийн компнруу шахдаг юм
Зочин · 2015/04/14
ДУЛАМДОРЖИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ УЛС ТӨРЧ НЭРТЭЙ ЦҮНХ БАРИГЧ НАРЫГ ТӨРИЙН АЛБАНААС ХОЛ БАЙЛГАХ АСУУДЛЫГ ХАМТ ОЛОН МЭДДЭГ БАЙМААР БАЙНА. ДУЛАМДОРЖ МЭДЛЭГГҮЙ, ЧАДВАРГҮЙ, ТУРШЛАГАГҮЙН ДЭЭР МӨНГӨНД МАШ ИХ ДУРТАЙ. ЭГЧ НЬ ОБЕГ-Т ХАМТ АЖИЛЛАЖ БАЙГААД АВИЛГА АВСАН НЬ НОТЛОГДОЖ, ШОРОНД ЯВСАН. ШУУДАНГИЙНХАН ЗӨВ ЮМ ХИЙЖ БАЙНА.
Зочин · 2015/04/14
Төр өмчөө мэднэ биздээ. Томилсон л бол гүйцээ? Хэн ч байсан адилдаа.
Зочин · 2015/04/14
ТБД-н Дуламдорж болбол Монгол шуудан компани удахгүй ТБД-н хувийн өмч болно. Дуламдорж оо чи хүний түрийвчэнд орж нүгэл үйлдэж явахаа болиоч. Энэ сайхан залуу өвөрдөлтэй залуу юм. өмнө нь Онцгойгоор тоглож олон хүний алтан аминд хүрсэн. одоо ччиний гайгаар туршлагатай боловсон хүчингүй болчихоод, олон хүний амь эрсдэж байгаа шүү. Чамайг харахад Дуламдорж биш. БЭРД харагдаж байна.