“Соён гэгээрлийн цуврал” булангийн энэ удаагийн зочноор эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүг урилаа.

- Эдийн засгийн талаар уншсан таны лекцүүдийг монголчууд сонирхон сонсдог. Тэгэхээр энэ удаа тэр сэдвийг хойш тавъя. Харин таны саяхны нэг нэвтрүүлэгтээ шүүмжилсэн оюун санааны  алуурчдын талаар асууя. Бидний дунд байгаа тэд хэн юм бол, ард нь хэн байна вэ?

-Өнөөдөр дэлхий дахинд нүүрлээд байгаа санхүүгийн мөнгө хүүлэгчдийн систем нь аливаа улс орныг эзлэхдээ хамгийн түрүүнд  тухайн улс орны өөрийн гэсэн үндэсний сэтгэлгээ, хэл, соёл, ахуй амьдрал, зан заншлаас нь татгалзуулж, нэгдмэл нэг дэлхий, нэг хүн төрөлхтөн учраас та бүхэн тэдэн шиг хувийн өмчтэй дутагдах зүйлгүй сайхан амьдар гэсэн материаллаг талтай холбосон тайлбаруудыг өгч эхэлдэг.

Ингэснээр хүнд өөрт нь удамшиж явдаг ойлголтуудаас нь салгах анхны алхам чиглэгдэж байгаа юм. Яагаад гэвэл, аль ч улс үндэстэн өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэж байгаа тохиолдолд тэдэнд тийм амархан, бас удаан мөлжүүлдэггүй. Иймээс хамгийн түрүүнд гарал, удам уггүй үндэстэн болгож хувиргахыг гол зорилгоо болгодог. Зорилгоо биелүүлэхийн тулд  ардчилал, зах зээл, зах зээлийн эрэлт нийлүүлэлт, хувийн өмч гэх гоё үгсийг ард түмнийх нь толгойд чихэж өгдөг. Манайд 1990 оноос  эхэлсэн ардчиллын механизмыг харахад оюун санааны тэр алуурчдын эхний хэсгийг Англи, АНУ-д аваачиж бэлтгэсэн байдаг юм. Оюун санааны тэр алуурчид бол    Монголыг монгол биш болгохын төлөө байгаа,  Чингис хаан нэгэнтээ  “Өглөө бүр өмнө зүгт Тангуд байгааг сануул” гэсэн  шиг Монголтой байнга тэрсэлдэж байдаг, тэгэхдээ  Монгол Улсын иргэний үнэмлэхтэй хүмүүс байдаг юм. Тэд мухар сүсгээр далимдуулан хүмүүсийг өөртөө итгэх итгэлгүй, үзэл бодолгүй болгож, цаашилбал монгол хүн биш болгодог. Нэгэнт монгол хүн биш болчихвол цаашдаа Монголоо гэсэн бүхий л зүйлүүд нь алдагддаг. Энэ арга, ажиллагаа 1990 оноос өмнө ямар байв гэвэл, Манжийн үед хүчтэй дэлгэрсэн Зонховын урсгал, марксист гоо зүй гэх мэт янз бүрийн ойлголтуудыг хэлж болно. Одоо ардчилал, либерал онол гээд байгаа ч мөн чанарын хувьд адил, оюун санааг самууруулдаг үйлдэл. Дэлхий нийтэд туршаад үзчихсэн, бэлэн загвараас зөвхөн Монголд зориулж  дотроос нь, тэдэнд сайн үйлчлэх, монголчуудыг үзэн яддаг гар хөл бологчдыг л сонгож авч байгаа юм. Тэр хүмүүс гоё гарчиг тавиад л, Монголын төлөө бичиж байгаа юм шиг боловч тэр нийтлэлийг нь уншаад үзэхэд, яриаг нь сонсоход үнэндээ тэр чигтээ монголчуудын хооронд яс хаясан, өш зангидсан, харааж зүхсэн  юм байдаг. Танихад ч амархан.

-Тэгвэл тэдэнд хариуцлага тооцох механизм манайд байна уу?

-Тэд авлигачид, албан тушаалын хэрэгтнүүд шиг гарт баригдах, эд мөрийн баримтгүй байдаг. Үүгээрээ хамгийн аюултай. Харин монголчууд тэднийг хэлж байгаа үгээр нь, хийж байгаа үйлдлээр нь  таньдаг болж чадвал  маш хэрэгтэй. Жишээ нь, 1990-ээд онд энэ бол хэн ч бодож олж чадаагүй гарц, хамгийн чухал зүйл гэж бүгдийг хуйлруулж яриад, сүргээрээ нийлж лекцлээд явж  байсан нөхдүүд өнөөдөр юу хийж байгааг ард түмэн харж байгаа. Оюун санааны алуурчдын нийтлэг шинж бол Монголыг магтаж байгаа юм шиг атлаа цаагуураа муулж, бидний түүх, өвгөд дээдсийн уламжлалыг харлуулсан байх жишээтэй. Ер нь бол долоо хоног бүр тэр чиглэлийн нийтлэл, мэдээлэл  тодорхой сайт, нэр бүхий мэдээллийн хэрэгслээр  гарч байнга тархи угааж  байдаг шүү дээ.

-Та түрүүнд  оюун санааны алуурчдыг таньчихвал бидэнд  хэрэгтэй гэсэн. Үүний өмнөхөн  монголчууд сэрэх цаг болсон гэж уриалж байсан. Бид яаж сэрэх вэ?

-Би ямар нэгэн  онол суртал хэлэхгүй. Өөрийн итгэл үнэмшлээ л ярья. Гэхдээ таны асуултад хариулахын өмнө товчхон тайлбар хэлье. Монголчууд нэг зүйлийг хольж хутгаад байдаг юм. Тэр нь монголчуудын тэнгэр шүтлэг, бөө мөргөл. Аливаа шүтлэг гэдэг хүний оюун санааны дээд. Үнэний туйл руу үнэнийг эрэлхийлсэн, түүн рүү тэмүүлсэн хүмүүсийн оюун санааны тэмүүлэл юм. Сүсэг бол түүний дараагийн шатны хүмүүсийн найдлагыг тээж явдаг, гэхдээ найдварын доод шатны энергийн ойлголт. Бөө мөргөл бол тэр.  Ер нь хамгийн доод шатанд мухар сүсэг буюу горьдлого явдаг. Жишээ нь, тэр нь юу вэ гэвэл үнэмшихгүй зүйлд үнэмшиж явахыг хэлнэ. Үүнээс үндэслээд хэлэхэд, оюун санааны алуурчдын хамгийн аюултай юм нь хүнийг унаган итгэл, найдвараас нь салгаж, мухар сүсэгтэн болгож хувиргадаг. Ингэхдээ ам.долларыг магтах, барууны өрийн сүлжээнд даруулдаг байдлыг бодит үнэнээс гажуудуулж тайлбарлаж өгөх ч юмуу, тийм байдлаар мухар сүсэгтэн болгодог. Тэгэхээр монголчууд яавал зохих вэ гэсэн таны асуултад хариулахад, бид юуны өмнө  үнэмших ёсгүй зүйлийг үнэмшиж, мухар  сүсгээр ханддагаа болих  хэрэгтэй. Мухар сүсэгт хүн сүрэг болчихвол үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчид  янз янзын гоё юмаар хуурч газар шороог нь ухаад сүйрүүлээд аваад явахад амархан болчихно шүү дээ. Үүнээс салахын тулд  сэрнэ гэж юуг хэлэх вэ гэвэл, монголчуудын тэнгэр шүтлэгээр ямар ч монгол хүн өнөөдөр эцэг дээдсээс уламжилж ирсэн 99 тэнгэр гэж нэрлэгддэг их талаасаа цусаар авсан  55 үеийн мэдээлэл, эцэг талаасаа ясаар дамжуулж авсан 44 үеийн мэдээлэл нийтдээ 1100 жил /нэг үе 25 жил/, 55 үе буюу 1375 жилийн түүхээ  архив маягаар хадгалж яваагаа санах ёстой. Танд ч, надад ч хамгийн багадаа 1375 жилийн өвгөд дээдсийн ухаан ой санамж байдлаар хадгалагдаж  байна. Сэрээнэ гэхээр тэрийг сануулахдаа биш, Манжийн үеийг дурсуулахдаа биш, цаа­шилж явсаар 800 жилийн өмнөх монгол­чуудын цус, ясанд, эсэнд  байсан мэдээллийг гаргаж ирэх,  сануулах юм. Хэдий  чинээ сэрж чадсанаар тухайн хүн монголоо алдахгүй. Харин ч монголоо нээх нь их. Тэрийг л би сэрэх цаг болсон гэж томъёолж байгаа юм. Сүүлийн хэдэн жил хийсэн нэвтрүүлэгтээ  ч тэр л тухай ярьж ирлээ.

-Монголоо алдлаа гэсэн зэмлэл, гадныхныг хууллаа, туршлагын туулай боллоо гэсэн шүүмжлэл их байна. Монголоо алдахгүйн тулд,  монголоороо байхын тулд юуг хичээх ёстой вэ?

-Монголчуудад яс, ёс, хууль гэсэн гурвалсан холбоо эртнээс байсан. Одоо мэдэхээ байсан. Яс гэдэгт эх ёс буюу ерөнхийдөө олон түмний төлөө өөрийгөө зориулж, удам угсаагаа залгаж явдаг цагаан ясны тухай ойлголт. Энэ тусдаа сэдэв. Харин ёс гэж байгаа нь монголчууд хоорондоо хүн ёсоор харилцдаг, ах захаа хүндлэх, эхнэр хүүхдээ хайрлах зэрэг хоорондоо шүтэн баридлагатай байдаг оюун санааны холбоос шүтэн барилдлага юм. Өөрөөр хэлбэл, ёс гэдэг нь монголчуудын хүн хоорондын харилцааны гүн ухаан. Засаг буюу их засаг  гэдэг нь монголчууд эх нутагтайгаа харилцах соёл. Үүнийгээ ялгаад ойлгочихвол эх ёс гэдэг нь ах захаа хүндлэх, эхнэр хүүхдээ хайрлах хүн хоорондын харилцаа юм. Их засаг нь голын усанд сүү дусааж болохгүй, хирээ угааж болохгүй, байгалиа цэвэр байлга гэсэн хэн ч зөрчиж болохгүй дээд цаазууд юм. Үүний дараа эх ёс, их засгийг ойлгодоггүй үүд хаяа хатавч бараадаад ирчихсэн янз янзын хүмүүст зориулж хуулийг хийдэг. хууль хамгийн доод ойлголт. Нэгэнт тэр хүмүүс ёсыг баримтлахгүй, мэдэхгүй учраас тэдэнд зориулж хуулийг гаргаж ирдэг. Хууль нь өөрөө хаули гэсэн манж үг шүү дээ. Цааз гэсэнтэй адил ойлголт. Тэгэхээр монголчууд хуулиар амьдардаг доод гарлын хүмүүс биш. Ёсоор амьдардаг агуу хүмүүс байсан. Харамсалтай нь тэр ёс маань ардчиллын үед алдагдсанд би эмзэглэдэг. Тиймээс эх ёсоо ойлгооч ээ, ингэж чадвал монголчууд зөв амьдарч чадна гэдэг бол  миний  сүүлийн 4-5 жил  зүтгээд байгаа зорилгын цаад санаа  юм даа. Бид эх ёсыг баримталж амьдардаг, тиймээс  эх дэлхий буюу Монгол оронтойгоо их засгаар харьцдаг. Монголчууд эв нэгдэлтэй байя, хүчтэй байя гэвэл ёсоор амьдрах учиртай. Ингэж чадсан тохиолдолд хөгжлийнхөө шинэ шатанд очно. Хөгжил гэдэг бол хүний оюун  санааны ёсыг баримталж байгаа, засгийг дагаж байгаа ойлголт болохоос өндөр  барилга барихын нэр биш. Тэрийг дэвшил гэдэг ойлголтод л  хамруулж ярих ёстой.  Энэ бас нэг төөрөгдөл.

- Монголын төр, төрд байгаа хүмүүс   ёсоо, засгаа баримтлахгүй байгаа. Өнөөдрийн хямрал, зөрчил, доройтол түүнээс эхтэй. Үүнийг яаж засах вэ?

-Төрийн ордонтой хол­боотой, олон жил тэрэн­тэй зууралдаад яв­чих­сан хүмүүсийг харахад ёс баримтлахыг аль эрт хаясан. Бүр доошлоод хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг томъёолол руу аваачиж өөрсдийгөө доош нь хийгээд сүүлдээ тэр хуулиа бүгд нулимдаг болчихсон байгаа. Ерөнхийлөгч нь ч, Их хурлын дарга нь ч аман дээрээ бүгд хэрэгтэй бол Үндсэн хуулиа дагаж мөрдөх хэрэгтэй гэдэг. Үндсэн хуулиас доошхи  жижиг хуулийг тэд тоохоо байсан. Тэгэхээр тэднээс ёс, засаг нэхэх угаасаа утгагүй. Харин тэр харийнхныг оруулж ирж ашиглаж байгаа хуулийн тогтолцоогоо эргэж харж тэдэнтэй хариуцлага тооцож болно. Түүнээс биш хуулийн шударга юм нэхэх учир дутагдалтай. Хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн доод төвшний юм нь  биелэхгүй байхад тэрнээс дээшилж тэднээс юм нэхэх нь утгагүй. Тэд ёсоо алдсан учраас бүгд хууль зөрчөөд эхэлсэн. 1990-ээд онд шинэ Үндсэн хууль баталж, дараахнаас нь П.Жасрай  гуайн үед ажиллаж байсан хүмүүсийг эргэж харахад  ёсоо барьж байсан юмнууд бий. Түүнээс хойш буюу 1996 онд ойворгон хэдэн залуус  гарч ирсэн  нь оюун санааны алуурчдынхаа төөрөгдүүлэлтэд автсан учраас  бантан хутгасан. Саарал ордонд байгаа хэсэг хүн оюун санааны төвшний хувьд топ хэсэг биш. Харин ч эсрэгээрээ ёс барьдаггүйгээсээ саарал байшинд чанга дэглэмтэй хорих ангид очсон  юм шиг, бүх рецедив гэмт хэрэгтнүүд  ялгараад тэнд оччихсон шүү дээ.  Харин гудамж цэвэрхэн, тэнд  ёсоо баригчид явж байна. Сүүлийн 2-3 сонгуулийн харж байхад ёс барьдаггүй, ёс руу нулимдаг, ёс барьдаг уг гаралгүй нөхдүүд саарал ордон руу тэмүүлж орцгоосон. Энд тэндээс түүж байснаас бүгд ялгараад тийшээ  орчихдог нь нэг талдаа  сайн хэрэг. Тэмээнээс тэмдэгтэй танихад амархан байна. Гэхдээ тэр дотор ёсоо барьдаг, элдэв муухайд оролцдоггүй, муутайгаа тэмцээд хүчин мөхөсддөг нөхөд цөөн ч гэсэн бий.

-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Та ярьж, бид дамжуулж байгаа  энэ мэдээлэл мэдлэгт борооны дусал төдий юм. Тэгэхээр Монголын төлөө үйлс хүн бүрийн хүчин зүтгэлээс хамаарах байх. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Монголчууд маань нэг зүйлд итгэлтэй бай.Нэгд, өвгөд дээдээс бидэнд газар бол улсын үндэс гэхчлэн захиж, халуун амь, бүлээн цусаараа хамгаалж ирсэн энэ газар  бол эх дэлхийн хүй нутаг. Хүй нутаг гэдэг бол дэлхий дээр таван том газар хөдлөлт явахад үлдэж, дараа, дараагийн тивийг төрүүлж байдаг эх хүн гэсэн үг. Эх дэлхийн сав умай юм. Ийм нутаг  дэлхий дуусахад л дуусахаас биш хэзээ ч үгүй болохгүй. Арлын зарим орон шиг далайн ёроол руу живэхгүй. Монголчуудад энэ нутгийг өвгөд дээдсээс  үлдээхдээ дээр нь байгаа биднийг мөнх амьдралтайг баталж үлдээсэн. Үүнийг нь ойлгож чадаж байгаа, оюуны сангаа хадгалж байгаа монголчуудад энэ мөнхийн диваажин нутаг. Үе үе самуурал гаравч, таны саяын хэлсэнчлэн бие биедээ соён гэгээр­лийн юмаа ярьдаг, дам­жуул­даг, түгээдэг, бие биеэ ойлгодог байх нь  сэ­рэх тухай асуудал юм. Бас нэг гэгээлэг мэдээ бол хям­рал, цөхрөл байгаа ч энэ нь зөв, бурууг ялгаж,  нэг талдаа сэрсэн хүмүүс  Монголын шинэ ирээдүй эхэлж байгаа.

Ч.ҮЛ-ОЛДОХ