Монголын алдар цуутай  бөхчүүдийн дээлийг урладаг гэдгээрээ олондоо танигдсан Монгол Улсын мастер оёдолчин,үндэсний хувцас үйлдвэрлэгч “Ур ундрах” компанийн захирал А.Алтантуяа сүүлийн жилүүдэд Дээрхийн гэгээнтэн Далай багшид монголчуудаа төлөөлж, монгол хувцас урлаж өгдөг болоод байгаа.

Ураг төрөлдөө монгол хүн байснаа мэдэрдэг монголчуудад элгэмсүү ханддаг эл буянтанд тэрээр өнгөрсөн жил иж бүрэн дээл оёж өгсөн байна. Харин энэ жил Далай багшийн  80 насны ойд зориулж монголынхоо бүх эмэгтэйчүүдийг төлөөлж нимгэн арьсан гутал хийж өгөхөөр болжээ. Мөн тэрээр жил бүрийн “Болор цом” наадмын түрүү ажнайг оюун ухаан, ур хийцээрээ гайхагдсан дээлээрээ мялаадаг юм.Ийнхүү монгол түмнээ төдийгүй монголчуудын шүтээн болсон гэгээнтэнд хувцас урлаж өгч байгаа нь монгол үндэсний хувцсаа дээдэлдэг монголчуудын нэгэн бахархал гэлтэй. 

Д.Нэргүй