Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан М.Л.Клойбер Монголд нас баржээ
2015/04/19
Монголд 12 сая евротой ирээд сураггүй алга болсон гэгдэж байсан Герман улсын иргэн Максимлян Лёонхард Клойбер нас барсан нь өнгөрсөн баасан гаригийн шөнө тодорхой болсон байна. Түүний цогцос Голомт хотхоны нэгэн байранд байсан бөгөөд тэнд удаан хугацаагаар амьдарч байсан гэдэг нь нас барсных нь дараагаар илэрч байгаа аж.
Харин нас барсан шалтгаан нь гадны ямар нэгэн нөлөөгүй бололтой. Цагдаагийхан эхний үзлэгээрээ М.Л.Клойбер удаан хугацаагаар өвчтэй, хэвтэрт байжээ гэдэг дүгнэлт хийж байгаа аж. М.Л.Клойберийн амьдарч байсан байр хэнийх байсан, түүнийг ингэж нуугдаж амьдрахад хэн туслаж байсан, түүний залилсан их хэмжээний мөнгө хаачсан гээд олон асуудлыг цагдаагийнхан нарийвчлан шалгаж эхэлжээ.
М.Л. Клойбер ХБНГУ-ын иргэн бөгөөд хөрөнгө оруулалтын компаниас их хэмжээний мөнгө залилсан хэргээр 2004 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан юм. 2013 оны дундуур түүний хэрэгтэй холбоотойгоор Германаас мөрдөгчид ирсэн, манай мөрдөн байцаах албаныхантай хамтран ажиллаж байгаа гэдэг мэдээлэл ч гарч байсан билээ.
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан энэ сэжигтэн монгол эмэгтэйтэй хамтран амьдарч байсан бөгөөд Монголд ирээд сураг тасарсан гэдэг. Түүнийг Монголоос гарсан, эсвэл амь насыг нь хөнөөсөн гэдэг олон таамгийг цагдаагийнхан 2013 оноос хойш шалгасан.
М.Л.Клойберийн сураггүй алга болсонтой холбоотойгоор ТЕГ-ын сөрөг тагнуулын албаны дарга хурандаа Д.Цогтбаатарыг саатуулан шалгаж байсан билээ. Сураггүй алга болсон Германы хэрэгтэй холбоотой гэж байснаа сүүлдээ бусдыг эрүүдэн шүүсэн, улсын нууц задруулсан гэж буруутган Д.Цогтбаатарыг одоо яллачихаад байгаа. Гэтэл сураг алдарсан сэжигтэн герман эр нийслэлийн төвд амьдарч байжээ. Тэгэхээр тагнуулын хурандааг эхэлж үндэслэлгүйгээр сэжиглэж саатуулсан гэдэг нь тодорхой болж байна.
Д.АРИУН
"Зууны мэдээ" сонин
Зочин · 2015/04/20
surgiig ni gargaval heden saya-iig ch ugnu gelee neg zar taraad bsan hun mun gesen ug uu?