Ард түмний баатар, Ногоон дарь эхийн өргөмжлөлт, Био энергич Б.Лхагвадоржтой ярилцлаа. Монголд увдистай гурван хүний нэгээр тодорсон тэрээр  өвчиндөө шаналсан бас  ажил үйлс нь уруудсан хүмүүсийн энергийн алдагдлыг нөхөж өгөөд зогсохгүй ажил үйлсийг нь тэгшитгэж өгдөг юм билээ.

Багадаа аянганд цохиулснаас ер бусын эрчимтэй болсон түүн дээр энэрэл хүссэн олон хүн  ирж өвчний зовиураа мартан хурдан илааршиж,дахин төрсөн мэт баяр баясгалантай болсон жишээ ч олон байна.

-Сүүлийн үед монголчууд энергийн талаар маш их ярьж ороо бусгаа энэ цагт стрест ч их ордог  болж. Бидний яриа эндээс эхлэх нь зүйтэй болов уу?
-Энергийн зуун болж энергийн талаар хүмүүс ярьж байгаад баярладаг. Яагаад гэвэл, өнөө үед хүмүүсийн амьдралын буруу хэв маяг, бухимдал, идэж буй хоол хүнс, муу муухай бодол ажил үйлсийг нь хааж, өвчинд өртөмтгий болгож байна. Монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрнэ гэж ярьдаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Тиймээс зөвхөн энергийг хүлээн авагч бус үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч нь. Бүх зүйл нь зөв болоод ирэхээр тухайн хүний орчинд сайн сайхан бүхэн бүрэлддэг. Өөрөөр хэлбэл, сайн сайхан энергийг өөртөө бүрдүүлнэ гэсэн үг. Хүн болгон энергийн оронтой. Үүнийг анагаахын хэлээр аура, шинжлэх ухааны хэлээр солонгон бүрхүүл, шашны хэлээр хүний жилийн ноён нуруу хэмээдэг. Тэрхүү энергийн орон нь бидний бодит биеийн гадна талаар соронзон маягаар эргэлддэг. Үүнийг энергийн бүрхэвч буюу аура гэрлэн бие гэж хэлээд байгаа юм.Хүмүүс янз бүрийн зүйлд шаналж сэтгэл нь зовсноосоо болж стрестдэх бүр тодруулбал зах зээлийн хатуу давалгаанд ажилгүй хүмүүс мөнгө төгрөггүйгээс болж стрест орох болсон. Сэтгэл санааны стресс сэтгэл зүрхийг нь давхар бохирдуулдаг. Түүнийг тайлж цэнэглэж,халуун дулаан болгохоор аяндаа сэтгэл санаа нь өндөр болж, хийж бүтээх хүсэл төрж, өөрөөр хэлбэл тодорхой зорилготой болно гэсэн үг.Тэгээд л гоё болчихлоо гээд маргааш нь ороод ирэхэд нь би тэднийгээ танихгүй байх жишээтэй.Түүний хажуугаар эмчилгээ удаан авах шаардлагатай хүмүүс ч байдаг. Ялангуяа нүд нь хараагүй болоод хагалгаанд орсон хүмүүс нүдтэй болгож өгөөч гээд л ирдэг. Нэгэнт хагалгаа хийлгэчихсэн болохоор аргалахад хэцүү. Ийм хүмүүсээс сайжирсан нь цөөхөн. Харин хагалгаанд ороогүй үедээ үзүүлбэл эмчлэгдэх боломжтой. Тархины нарийслаас болж, нүдний хараа мууддаг. Тийм учраас дасгал хөдөлгөөн сайн хийж байх хэрэгтэй.

-Дээр хэлсэн гэрлэн бүрхүүл гэмтэхээр хүний ажил үйлс доройтож, өвчинд нэрвэгддэг гэдэг нь үнэн үү?
-Энерги нь хувь хүний ахуй амьдрал, бодол санаа, сэтгэлийн тухай мэдээллийг агуулж байдаг юм. Хүмүүс мэдэх байх. Бидний махан биеийг хүрээлдэг энергийн бүрхэвч нь долоон давхар, өөр өөрийн гэсэн өнгөтэй. Дотоод эрхтэний системтэй ч холбоотой. Над дээр ирж эмчлүүлж байгаа хүний дийлэнх нь доороосоо даарсан болон амьдралын буруу хэв маяг, хооллолт, стресс бухимдлаас үүдсэн үе мөч, дотор эрхтэний өвчлөлтэй болчихсон байдаг. Түүгээр ч зогсохгүй мэдрэлийн ядаргаанд орсон, нуруу нь шохойжчихсон, яс нь ургасан гээд үе мөчний өвчнөөр шаналж байгаа хүн ч ирнэ. Энэ нь, нийгмийн хурдацтай хөгжил хүнийг стресс бухимдалд их оруулдгаас энергиэ алдан өвчилж байна гэсэн үг. Аура гээд байгаа төв нь хүний долоон давхар энергийн бүрхэвчийн аль нь гэмтсэн, ямар эрхтэн нь өвчлөх магадлалтайг шинжлэх ухааны дэвшилтэт технологи ашиглан хэлж өгдөг. Харин миний хувьд өвчиндөө шаналж буй тэр хүмүүст бурхнаас хайрласан энэ увидсаа ашиглан энергийнх нь алдагдлыг нөхөн илааршуулахыг хичээдэг юм.
 
-Уулзсан хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж, халуун дулаан уур амьсгал мэдрүүлдэг хүн энерги сайтай гэсэн үг үү?
-Тийм. Хүний махан бие, сэтгэл хөдлөл, бодол санаа хоорондоо энергээр холбогддог. Хажууд нь байхаар тайван, гоё мэдрэмж төрүүлдэг хүмүүсийн дэргэд айх аюулгүй муу юмнаас хамгаалагдсан  мэт байдаг. Цаанаасаа л гэрэлтэж харагдаад. Тийм хүнтэй ойр байвал таны энерги  ч өсдөг.

-Ажил үйлс нь  бүтэхээ больчихсон хүмүүс нэлээд байдаг шүү дэ. Тэгэхээр энергиэ алдахгүйн тулд яах ёстой вэ?
-Энерги буюу гэрлэн бүрхүүл нь үхээрийн газраар явах, хэрүүл хийх, хараал хэлэхэд ч гэмтдэг. Муу бодол ч нөлөөлдөг. Муу бодол, төсөөлөл тархиндаа ургуулаад байх тусам сөрөг энергийг өөртөө төвлөрүүлснээр гэрлэн биеэ гэмтээдэг юм. Тиймээс дээр хэлсэнчлэн өөрт чинь таатай сайхан мэдрэмж төрүүлсэн, үргэлж баяр баясгалантай явдаг хүмүүстэй аль болох ойр бай. Хэрвээ энерги чинь гэмтсэн гэвэл нөхөх хэрэгтэй. Над дээр харц нь эвгүй болчихсон нэг залуу ирж байсан юм. Та юу чаддаг юм гээд цэхэлзээд байсан хүн хэдэн хормын дараа зан ааш нь зөөлрөөд хэд, хэдэн удаа эмчилгээнд явсаны дараа шал өөр болох жишээтэй. Тиймээс энерги чинь гэмтсэн байвал нөхөх хэрэгтэй.

-Энэхүү ер бусын эмчилгээ таниас их хүч хөдөлмөр, авьяас шаардана биз?

 -Хүмүүсийг эрүүлжүүлэхийн тулд өөрт байгаа бүхий л авьяасаа гаргаж мах руу зүтгэх хэрэгтэй болдог. Гэхдээ хамгийн гол нь  хувь хүн өөртөө итгэлтэй хүлээж авах чадвар өндөртэй байх ёстой. Түүнээс энэ хүн намайг үнэхээр эдгээж чадах болов уу, үгүй болов уу гэж эргэлзэх шаардлагагүй. Харин таван  удаа эмчлэхэд  бүх цэнэг нь бүрэн болоод тэр цэнэгээрээ өөрөө эдгэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр сайхан энерги өөрийн хүч сэтгэлийн тэнхээгээр эрүүлждэг юм. Миний хувьд аянганд цохиулаад үүссэн био энерги болохоор өвчтэй хүний биед огцом хүрдэг. Өвчтэй хүн нүүр царайны хувирлаараа бас би өөрөө мэдрэмжтэй болохоор тухайн хүний өвчин шууд надад татагддаг.Олон эмнэлгээр яваад эдгэрээгүй эцсийн цэг дээрээ оччихсон хүмүүс нэлээд ирдэг. Зарим нь хоёр гурван жилийн өмнө тан дээр ирсэн бол өдийд эрүүл болчихсон явж байх байж гэж ч ярьдаг юм. Ер нь над дээр ирж байгаа хүмүүсийг харж байхад сайхан сэтгэлтэй хүмүүс нь амархан эдгэрч өвчин багатай байдаг. Энергигүй болно гэдэг ерөөсөө л өөрийн муу бодол санаа, хийж байгаа ажил нь бүтэмж муутай болохоор тэр нь биед нь шингээд гарч өгөхгүй байгааг хэлж байгаа юм.Тэгээд тэр нь өвчин болж хувираад өөртөө их шаналгаатай байдаг. Тийм хүмүүсийн бохир муу энерги , хар цагаан хэл ам бараг намайг цохиж унагахаа дөхдөг. Тийм учраас маш их хөдөлмөр гаргаж зовж байж хүнийг эдгээж байна шүү дээ.

-Хүний аль болохүй бүтэхгүй зүйлийг нь эмчилж байгаа болохоор өвчин нь надад үлдчихвий гэж болгоомжилдог уу, эсвэл энэ хүн л эдгэрч байвал яахав гэсэн сэтгэлээр ханддаг уу?

-Хүн төрдөг жамаараа төрдөг гэдэг шиг тухайн хүний өвчнийг нь авсан байлаа ч буцаад л жамаараа гарна. Өөрөөр хэлбэл өвчний их бага гэдэг нь тухайн үед мэдрэгдээд гараад явчихдаг юм.

Д.Гэрэл