ӨР НЭМЭХГҮЙ ГЭДЭГ МАН-ЫНХАН "ЧИНГИС", "САМУРАЙ" БОНДООС НЭГ ДАХИН ИХ ӨРИЙГ ТАВИХААР ЗҮТГЭЖ БАЙНА 

 

Сүүлийн хоёр жил хагас МАН-ынхан өр нэмэхгүй гэж  улс төр хийсэн. АН улс орноо өр зээлэнд живүүллээ гэж шоудсан. Тэдний сурталчилгаа ард түмэнд ч хүрсэн. АН улс орныг өр тавьж сүйрүүллээ гэж ард түмэн ойлгосон. Тэр ч бүү хэл МАН-ынхан хамтарсан Засгийн газарт орохдоо "Өр нэмүүлэхгүй" гэж гэрээндээ тусгасан байдаг. Тэгээд "Өр нэмүүлэхгүйн тулд хамтарсан Засгийн газарт орлоо" гэж хэвлэлийн хурал зарлаж байсан.

 

Гэтэл одоо МАН-ынхан асар их хэмжээний өр зээл авах гэж байгаа талаар саарал ордныхон шуугиж эхлэв. Учир нь МАН-аас томилогдсон Сангийн сайд Ж.Эрдэнэбат өчигдөр УИХ-ын чуулганаар "Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай", "Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслүүдийг хэлэлцүүлээд дэмжлэг авчихав. Уг хуулиудаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг Засгийн газрын өрөөс хасч байгаа бололтой. Засгийн газар гадаад өрөө ДНБ-ний 44 хувь гэж үзэж байгаа. Гэтэл Дэлхийн банк Монгол Улсын гадаад өрийг ДНБ-ний 58.3 хувьд хүрсэн гэж дүгнэх болсон. Ийм байдал дунд хамтарсан Засгийн газар асар их хэмжээний өр зээлийг дахин авах гэж байна.

 

Тухайлбал Сайншанд, Замын-Үүд, Хөөтөөс Бичигт чиглэлийн төмөр замыг 2 тэрбум ам.долларын зээлээр барих эрхийг өчигдрийн Сангийн сайдын өргөн барьсан хуулиудын дагуу нээж байгаа бололтой. Бас Эгийн голын Усан цахилгаан станцыг БНХАУ-аас 800 сая ам.долларын зээл авч барихаар бэлтгэж байна. Ингээд МАН-ын хамтарсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тун ойрын хугацаанд авах зээл 2.8 тэрбум доллар болох гэж байна. Өмнө нь Н.Алтанхуяг "Чингис" бондын 1.5 тэрбум, "Самурай" бондын 300 сая доллар, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээл авсан. Бас бус жижиг зээлүүдийг нь нэмээд 2.8 тэрбум ам.долларын зээл авсан гэсэн судалгааг МАН-ынхан гаргачихсан шоудаад байсан даа. 1990 оноос хойшхи бүх Ерөнхий сайдууд нийлээд 2.2 тэрбум ам.долларын зээл авсан Н.Алтанхуяг ганцаараа 2.8 сая ам.долларын зээл авсан гэж МАН-ынхан их улс төр хийсэн. Одоо өөрсдөө төмөр зам, усан цахилгаан станцад зориулан 2.8 тэрбум ам.долларын зээл авахаар оруулаад ирэв. Олон хүн үүнийг ариун явдал уу? гэж асууж байна.

 

Хамгийн хачирхалтай нь 2 тэрбум ам.долларын зээлээр босох төмөр замыг АН-ын "Алтангадас", "Соёмбо" фракцийнхан, 800 сая.ам долларын Эгийн голын усан цахилгаан станцыг МҮДН, Шонхор фракцийнхан барихаар бэлтгэлдээ орсон гэсэн яриа тархаж байна. Хэдийгээр АН фракцгүй болсон гэж мэдээлж байгаа ч нууц байдалд ажиллаж байгаа бололтой. Энэхүү мэдээлэл үнэн бол МАН-ынхан яах гэж өр нэмж байгаа вэ? Өөрсдөө эдгээр бүтээн байгуулалтын төсөлд оролцож чадахгүй бололтой. Тэгээд АН-ын фракциудын мөнгийг аривжуулж, сонгуулийн мөнгийг нь босгох бэлтгэлийг хангаж өгч байгаа юу гэдэг асуудал урган гарч байна. Үүнээс гадна зүүн тийш тавигдах төмөр замыг 2 тэрбум ам.доллараар тавих судалгааг хэн хийсэн бэ. Эгийн голын усан цахилгаан станцыг 800 сая ам.доллараар босгоно гэдэг бол дэндүү их мөнгө. Үсрээд л 500 сая.ам доллараар босох станц гэсэн яриа ч гарч байна. Энэ бүхнийг шалгаж нягтлахгүйгээр хоёр том нам хамтран ийм их өр зээл авна гэдэг бол ихээхэн асуудал бий гэсэн үг юм.

 

ӨРИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН МАН-ЫН ГИШҮҮД ЯМАР НҮҮДЭЛ ХИЙХ ВЭ?

 

Өр нэмэх хуулийн төслийг МАН-аас томилогдсон Ж.Эрдэнэбат оруулж ирж байна. Түүнийг эсэргүүцсэн МАН-ын олон гишүүд бий болов. МАН дотор анхнаасаа өр нэмэхийг Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, С.Бямбацогт, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар гэсэн гишүүн эсэргүүцэж ирсэн. Тэд өнөөдөр ч гэсэн энэ байр суурин дээрээ байна. Тухайлбал өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Өрийн удирдлагын хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хүчингүй болго. Тэгээд хамтарсан Засгийн газар байгуулахдаа өр нэмэхгүй гэж худлаа хэлснээ хүлээн зөвшөөрчих. Ингэж дураараа дургихгүй шүү. Яахаараа дандаа ингэж хууран мэхэлдэг юм. Муу хуурахаар сайн үнэнээ хэлээч" хэмээн хашгирч өгсөн л дөө. Даан ч түүний үгийг авсангүй олонхиороо өр нэмнэ гэж гараа өргөв. Өчигдрөөс эхлээд МАН-ын гишүүдээс хэн, хэн өр нэмнэ гэж гараа өргөсөн бэ? гэж хэвлэлийнхэн хайж эхлэв. Ж.Эрдэнбат, О.Содбилэг, Д.Сумъяабазар гээд хөвөрч байна лээ. Удахгүй бүгдийнх нь нэрийг олоод "Өр нэмэхгүй гэж та нар 2 жил улс төр хийсэн одоо яасан бэ?" гэж асуух хүмүүс олон гарч ирнэ. МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүн өр нэмэхгүй шүү гэсэн саналыг УИХ дахь бүлэгтээ дайсан. Тэд нь юман чинээ бодохгүй, авч хэлэлцэх ч үгүй өр нэмэхийн төлөө кноп дарж байна лээ. МАН-ынхны авах гэж байгаа өр зээл Монголын түүхэн дэхь хамгийн том өрөөр бичигдэнэ? МАН-ын зарим УИХ-ын гишүүд намын гишүүдээсээ, ард түмнээсээ тасарч байна даа.

 

БИЕ ДААГЧИД, С.ЖАВХЛАН НАР ӨР ЗЭЭЛИЙН ЭСРЭГ АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХААР БЭЛТГЭЖ ЭХЛЭВ

 

Өчигдөр АН, МАН хоёр нийлээд ганцхан далайлтаар 2.8 тэрбум ам.долларын өрийг БНХАУ-аас авах гэж байгаа гэсэн яриа эрчимтэй тарав. Тэдний энэ үйлдэл сүүлийн үед олон түмний дэмжлэгийг аваад байгаа бие даагчдад таалагдахгүй байгаа гэнэ. Тиймээс тэд ирэх долоо хоногоос хоёр том нам өр зээлд ханцуй шамлан орж байгаа явдлыг эсэргүүцсэн асар том акцийг хийхээр бэлтгэл ажилдаа оров. Тэдэн дээр дуучин С.Жавхлан нэмэгдэж "Өр нэмүүлэхгүй", "МАН Чингис, Самурай бондоос их хэмжээний зээл авах гэж байна" гэсэн арга хэмжээг хийнэ гэж мэдэгдсэн байна. Ингэж чадвал бие даагчид барьцаа нэг шатаар ахиулж барина. Өр нэмхгүй гэж 2 жил улс төр хийсэн МАН-ынхан л эвгүй байдалд орно. АН бол тэртэй тэргүй цайрчихсан л даа. Энэ байдлаас харвал бие даагчид, иргэний нийгмийнхэн ард түмний дунд улам л хит болох дахин нэг боломж нээгдлээ.

Т.ХУЛАН