Хэрэглэгч “хаан” гэж өргөмжлөөд бараагаа шахдаг, шахсан хойноо хохь чинь гээд ам тагладаг бичигдээгүй хууль Теди төвийн утас борлуулагчдад үйлчилдэг болохыг нүдээрээ харж, биеэрээ мэдрэв. Учир юунаас эхэлсэн гэвэл хоёр сарын өмнө “Америк серитэй, ориг утас” гээд худалдан авагч миний гарт атгуулсан iPhone5S утас байв.

Ёстой л будаг нь ханхалсан гэдэг шиг гялгар уут нь элэгдэж, зурагдаагүй тийм л шинэ утас 18-6 лангууны худалдагч н.Хулан гэх бүсгүйгээс худалдаж авсан юм. Төд удалгүй өнөөх шинэ “алим” маань амь тасрах нь тэр. Анх гарч байхаасэхлээд өдийг хүртэл хэрэглэж заншсан “iPhone” маань логоноос цааш үзүүлэх зүйлгүй болсон учир зургаан сарын баталгаа амласан дээрх газартаа маргааш нь аваад очлоо. Тэгэх хэрэгтэй гэдгийг ч алга дарам “Баталгаат засварын хуудас” дээр буулгасан байв. Ингээд өнөөх асахаа байсан утасныхаа учрыг олуулахаар буцах хаяг буух эзэнд нь хандтал “Error (9)”гэсэн алдаа заасан, зай нь суухаар ингэдэг юм гэж хэлээд эзэн хүүхнийг нь хүлээ гэх “зааварчилгаа” авав.

 

Цаг гаран хүлээхдээ юу эсийг ажихав, лангуун доторх “шинэ” утаснуудыг хартал “Battery”гээд биччихсэн хэдэн алим бас байна аа. “За иймэрхүү юм тохиолддог л юм байна” гэх мэтээр хамт явсан найзтайгаа ярилцах зуур “Яачихсын” гэсээр хөмсгөө зангидсан “хүйтэн” үйлчилгээтэй хүүхэн ороод ирэв. Учир байдлаа тайлбарлаж дуусаагүй байтал “Энийг авбал ав” гээд бас нэг тийм утас өөдөөс шидэх нь холгүй лангуун дээрээ хаялаа. Мэдээж өөрийн хэрэглэж байсныхаа учрыг нь олох бодолтой очсон миний хувьд хариулт нэхэж хэсэг зогсов. Алдаа 9 гэдэг чинь баттерей нурснаас болж гардаг гээд л бөөн мэдээллээр бөмбөгдөх юм. Аваад удаагүй утас нурсан зайтай байна гэхэд нэг л үнэмшилтэй санагдсангүй тул “Одоо тэгээд яах вэ”гэтэл хажуу бөөрнийх нь худалдагч хүүхэн"Наад баталгааны хуудсаа сайн унш. Баттерейны асуудлыг хоёр сарын дотор л шийднэ гэж байгаа биз дээ" гээд миний бичиг үсэг тайлагдсан эсэх, сэтгэн бодох чадварт хүртэл эргэлзэж бүр зандарч эхлэв. Айх, гайхах зэрэгцэж, өнөөх шар цаасыг үсэглэх нь холгүй эргүүлж тойрууланүг бүрээр нь уншлаа. Олдсонгүй.Дашрамд хэлэхэд Теди төвийн лангуу эзэмшигчид хэлж буй үг бүртээ хүн хэрхэн доромжлох талаар гаргууд сайн мэддэг юм билээ.Ёстой “польдуулна” гэж тэнд л болов.Амь нэгтэй байна гэж тэднийг л хэлдэг байх.Нийлж дайрна, хажуугаар нь худлаа ярина.

 

Баталгаагүй баталгааны хуудас

 

Баттерей гэж баахан “польдуулчихаад” эзэн хүүхний таних засварчинд асахгүй утсаа харуулахаар болов. Тэгсэн Тедидээ л додигор бололтой махлагдуу эр “Алдаа 9. Санах ой гэмтсэн. Нэмэргүй” гэдэг онош тавьдаг юм байна. Уухайн тас эзэн хүүхэн “Чиний өөрийн чинь буруу. Механик алдаа юм байна. Чи утсаа унагаасан, усанд хийсэн эсвэл яасан ч юм билээ. Надад хамаагүй. Чи л аятайхан хэрэглээгүй болохоор зураг хадгалдаг газар нь шатсан байна” болоод явчихав.Энгийн логикоор бодоод үзсэн ч зураг хадгалдаг санах ой гэмтлээ гэхэд утас асахгүй байна гэхээр байж боломгүй санагдаад байв. “Хэн батлах юм”гээд хэдийнэ алдсан итгэл үнэмшлээ Аглуугийн стилээр хэлээд авав. Тусыг эс олов. Хуруугаа чичилсээр зодох нь уу гэлтэйдайрах нь өвөр дээрээ суулгах нь холгүй найр тавьж анх надад утсаа зарсан хүн яавч биш гэлтэй. Үнэн хэрэгтээ айсандаа биш хүн ийм боловсон бус, бүдүүлэг харьцаатай байх, но-той бараагаа шахчихаад ичих гэдгийг мэдэхгүй амьдарч болдог юм байна, энэ мэтээр хэдэн хүн алдаа есийг өөрийн нуруун дээр үүрээднэг сая орчим төгрөгөөр хохироод үлдсэн бол гэж бодохоорбүр ч бууж өгмөөргүй санагдав.

 

Ингэсээр зохион байгуулагчийн өрөөнд хөөгдөх шахам орж суулаа. Хамаг түүхээ дахиад  л эхнээс нь. Тэд ч нээх тоож хүлээж авсан шинжгүй бүртгэж авсан болоод сууж байх.Нэг нэгнээ гэр бүл мэт нэр, хочтой нь танидаг болчихсон тэд “Чи аваад удчихсан л юм байна шүү дээ. Хоёр сар хэрэглэгчихээд аваад ирнэ гэхээр хэцүү л юм даа” гэсэн шигээ даапаалах. Баталгаат хугацаа гэдэг цаас ёс төдий зүйл гэдгийг яс, махандаа шингэтэл ойлгож авлаа. “Яах гэж зургаан сар гээд урт хугацаа өгдөг юм. Хоёр сар байхад л болно” гээд зохион байгуулагч өнөөх хүүхнийг загнах аж. Угаасаа эвдэрхий юм зардаг байж юмаа мэдэж тоогоо бичиж бай гэсэн зөвлөмж аятай.

 

Байдал хааш эргэх нь тодорхой болов. Худалдан авалт хийсэн миний буруу, бас хохь болоод дуусах нь ээ. Яаж ч яриад тусыг эс олох учраас төвөггүй яв гэх зөвлөгөө хүртэл авлаа.

 

Алдаа 9 болон Apple эксперт

 

Тедигийнхнээр бол алдаа ес нь баттерей нурсан эсвэл санах ой гэмтэхэд заадаг гэнэ. Итгэж өгөхгүй байсан тул Google, Apple-ийн албан ёсны цахим хуудсанд юу гэж буулгасан байдгийг олж уншихаар шулуудав. Үнэхээр алдаа 9 гэж гардаг юм байна. Гэхдээ түгээмэл биш. Гэвч энэ нь Тедигийн эскпертүүдийн оношлоод байсантай огт хамааралгүй ажээ. Тус алдааны учрыг олоходолон жил Англи хэл гээчийг үзэж суусны ач тус гарав. Баримтжуулаад хэд хэдэн Screenshot ч хийгээд авлаа. Санах ой гэдэг үгийг Англи хэлнээ буулгавал Memory. Гэтэл ийм төрлийн гэмтэл заасан есийн тоотой алдаа Google, Apple-ээс хайгаад лав олсонгүй.Тедигийн Apple-ээр дагнасан эрдэмт засварчдын хэлснээр механик гэмтэл буюу хэрэглэгчийн буруугаас болдог гэж буй ч, үнэн хэрэгтээ тэдний хэлээд байгааг Apple компанийн ямар ч инженер баталж чадахгүй юм байна. Яагаад гэвэл санах ойн гэмтэл, алдаа 9 огт хамааралгүй учир дэлхийд байхгүй томъёоллыг манай Тедигийнхэн гаргачихсан байгаа юм.Цаашид Тедигээс iPhone авдаг юм бол ард иргэд минь алдаа 9-ийг сайн судлах хэрэгтэй юм байна билээ.Асуудал гарвал алдаа 9 гээд хамаг буруугаа өөрт чинь яаж ийж байгаад л тохно.

 

Өнөө Америк серийн дугаартай, ориг, шинэ утас маань хэн нэгний өмнө хэрэглээд цааш борлуулж, баталгаат хугацаа нь жилийн өмнө дуусчихсан хуучин утас болж таарлаа. Түүгээр ч зогсохгүй олон утасны сэлбэг дундаас “төрсөн” Франкештэйн болохыг “Apple”брэндийн гэрээт борлуулагчийн үүрэгтэй нэгэн байгууллагын засварчин хэлэв.

 

Капитал буюу мөнгө ологч

 

Теди бүр вант улс болчихож. Хоорондоо харилцах, ойлголцох тусгай код хэлтэй. Иргэн миний хардсанаар бол “Санах ой” гэвэл “Наад утасны чинь но илэрсэн. Механик гэж хэлээд түргэн сал” гэсэн утга илэрхийлнэ. Дээрх үгнүүд нууцлалын зэрэгтэй,“Теди бус” хүмүүс үл ойлгоно. Амь нэгтэйг ч хэлэх үү утас бариад очвол “Механик гэмтэл” гэдэг шошго наахыг л бодно.

 

Баглаа, боодол нь цоо шинээрээ өөлөхийн аргагүй өнгөлөг утаснууд Тедигийн лангуунуудаар өрөөстэй. Гэвч тэдгээрийн дийлэнх нь КАПИТАЛ хэмээх чамин нэр зүүдэг аж. Санхүүгийн хэлээр бол эл үг мөнгөн хөрөнгийг илэрхийлнэ. Тэнд бол сэлбэгээр боссон дуураймал, угсарсан утсыг хэлэх аж. Теди төвд гар утасны худалдаа хийдэг зарим хувь хүн энэ тухайгаа илэн далангуй хэлж, сонголт хийх боломжийг иргэдэд олгодог юм байна. Учир начирыг нь тайлбарлаж хэлээд харилцан тохиролцдог тухайгаа ч зарим нь ярьсан юм. Капитал утсыг оригиналь эсвэл хуурамч плат дээр бусад эд ангийг суулгаад хайрцаглан савлаж, хүнсний уутаар ороодог гэж байна. Халуун сэнсээр үлээлгэхэд үйлдвэрийн боодлоос дутахааргүй харагддаг аж. Энэ талаар мөн л капитал гэгдэг хуучин эсвэл угсарсан утас зардаг нэгэн борлуулагч хэлэв.

 

Энэ тухай мэдээгүй яваа цорын ганц Монгол хүн нь би болж таарлаа. Бусад нь бүгд мэддэг юм байх. Харамсалтай нь, худалдан авагчийг худал мэдээллээр төөрөгдүүлж байгаад асуудлын гол учиг байгаа юм. Нийлүүлж болох бүх сэлбэгийг механик аргаар угсарчихаад тэрэнд нь гарсан механик алдааг худалдан авагчид үүрүүлээд буцаадаг ийм тогтолцоо Тедид “Үндсэн хууль”лугаа үйлчилж, луйврын шинжтэй гэмт хэрэг хэдэн зуун хүний нүдэн дээр үйлдэгдэж байна.

 

Ахин хэлэхэд бас анхааруулахад

 

Тедигийн засварчдаар бахархаж байна. “Apple”брэндийг бий болгогч дэлхийд нэртэй инженерүүдийн гаргаж ирээгүйг тэд илрүүлж байна. Хорвоод байхгүй согог, гэмтлийг түрүүлж мэдээд монголчуудад хэлж өгч байна. Харин чадахгүй болохоороо “Механик” гэж оношлоод иргэдийг хохироож байна. Ийм хариултаар амаа таглуулж байсан бол та хууртаж, луйвардуулсан байна гэж бод.Тэрийг нь хэлэх гэхээр хаа хүрэхийг чинь харна гээд ам бардам байх Тедигийн худалдаалагчдад Монгол Улсын хууль үйлчилдэггүй бололтой. Хууль, хяналтын ямар ч байгууллагаас төлөөлөл ирсэн “Хохь нь” гээд хэлэх хангалттай хүчтэй хүмүүс тэнд суудаг юм байна гэж ойлгох. Лангууны эзэн хүүхний хэлснээр худалдан авагч миний бие юу ч олж долоохгүй гэнэ. Юм олж долоох гэсэн нохой биш учраас тэр хүнтэй хэл амаа ололцох гэж зүтгэсэнгүй. Хүний нийгэмд болох, болохгүйг тогтоогоод өгдөг хуулийн холбогдох байгууллагуудад нь хандахаар мордлоо.

 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Худалдагч барааг худалдаанд гаргахдаа үйлдвэрлэгч /нийлүүлэгч/-ээс энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан бараа нийлүүлэх талаар зохих гэрээг байгуулсан байна”, 12.8-т Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно”, 12.9-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж заажээ.Ийм төрлийн хууран мэхлэлттэй нүүр тулж, хохироод үлдсэн ч хаана хандахаа мэддэггүй тул халаглаад өнгөрсөн тохиолдлууд олон байдаг аж. Түүнийг нь ч овжин ашиглах дээрх мэтийн луйварчид хэрхэн аашлахаа ч андахгүй болсон байдаг гэнэ. Гэхдээ Теди дээр худалдаа эрхэлж буй бүх хүнийг луйварчин гэхгүй. Үнэнээ хэлээд иргэдэд сонголт өгч буй наймаачид ч бий. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг л болоод байгаа юм. Иймд бохир аргаар хэдэн халтар төгрөг олж, элэг нэгтнээ хуурч байгаа хэсэг бүлэг хүмүүсийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн байгууллага зэрэг холбогдох газрууд анхааралдаа авахыг уламжилъя. Энэ явдал үүгээр дуусахгүй. Өчигдөр ч гарсан, өнөөдөр ч гарна, маргааш ч үргэлжилнэ. Хэдэн бор төгрөгөө цуглуулан байж аятай, эвтэйхэн утас барих гэсэн биш луйвардуулаад дуусах иргэд Тедигийн давхруудаар өдөрт хэдэн зуугаараа эргэлддэг. Тэд үүнийгээ яахан мэдэх, луйварчид түүнийгээ юу гэж зарлах.

 

 

Саяхан болж өнгөрсөн УБ хөрөнгө оруулалт-2015 чуулганд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нэг сайн мэдээ дуулгахад бид удахгүй ТЭДИ төв шиг иргэддээ угтах үйлчилгээ үзүүлнэ” гэсэн. Теди төв шиг луйврын вант улсаар жишиг тогтоож буйд харамсаж буйгаа ирэлхийлмээр байна. Тэнд иргэдийг угтдаггүй. Иргэдэд үйлчилдэггүй. Тэнд иргэдийг хуурч, мэхэлж, халаасыг хоослох гэж улайрсан хумсаа нуусан муурнууд үүрлэжээ.