МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат МАН-д хандсан мэдэгдэлд хариу тайлбар хийлээ. Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр МАН төрийн албан хаагчдыг хоморголон халж, хууль бус ажиллагаа явуулж байна гэсэн мэдэгдэл хийсэн юм.

Тэрбээр төрийн жинхэнэ албан хаагчийг халж сольсон асуудал байхгүй, зарим яам хууль бус томилгоотой явж ирсэн түр орлон гүйцэтгэгчдийг одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд, Засгийн газраас гаргасан түр орлон гүйцэтгэгчийг томилох журамд нийцүүлэн хуулийн дагуу болгох арга хэмжээ л авсан гэдгийг хэллээ. Тодруулбал, Сү.Батболдын Засгийн газрын үед Төрийн албаны хуулийн дагуу Түр орлон гүйцэтгэгч томилох журмыг баталсан. Ингэхдээ “түр эзгүй байгаа сул орон тоон дээр төрийн захиргааны жинхэнэ алба хашиж байгаа доод албан тушаалын хүнийг нь түр орлон гүйцэтгэгчээр томилно” гэж заажээ. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 оны есдүгээр сарын 5-нд 26 дугаар тогтоол гарган “сул орон тоон дээр төрийн жинхэнэ албан хаагчаас нөхөх биш харин дурын иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилж болно” гэж дээрх журамд өөрчлөлт оруулж түр орлон гүйцэтгэгчдийг томилжээ. Гэвч энэ тогтоолыг хууль зөрчсөн шийдвэр гэж ҮХЦэц үзсэн тул Засгийн газраас 2013 оны дөрөвдүгээр сарын 13-нд 145 дугаар тогтоол гаргаж 26 дугаар тогтоолоо хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, түр орлон гүйцэтгэгчээр төрийн жинхэнэ албан хаагч биш иргэнийг томилж болно гэсэн журмаа хүчингүй болгосон байна. Хүчингүй болсон 26 дугаар тогтоолоор түр орлон гүйцэтгэгчид томилогдсон иргэд хууль бус болж таарч байгаа тул оронд нь төрийн жинхэнэ албан хаагчийг томилох шаардлагатай болжээ.