Гар аргаар алт олборлох үйл ажиллагаанаас үүдэн гарах хор уршиг
2013/06/06
Монголд хувиараа алт олборлогчдын тоо жил ирэх тутам өссөөр...
/Тэдний амь нас, эрүүл мэнд цаашлаад сүйдсэн газрын нөхөн сэргээлт болон химийн хорт бодисын бохирдолтой холбоотой./
Өвөрхангай аймгийн Уянга суманд хувиараа ашигт малтмал олборлогч 12000 иргэн ажиллаж байна. Хувиараа алт олборлолтод 5 жилийн өмнөхтэй харьцуулашгүй өөрчлөлт гарсан байна. Анх хэсэг бүлэг иргэд л хувиараа алт олборлодог байсан бол одоо тэнд бичил бизнес цэцэглэжээ.
Хамгийн том эмгэнэл нь ганцхан гулдмай алт боловсруулахад л 8 сая литр ус зарцуулдаг байна. Энэ утгаараа дэлхийн улс орнууд алтны нөөцөө нэмэгдүүлэхийг чухалчилахгүй байгаа. Харин үүнээс илүү усны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч эхэллээ. Цэвэр усны нөөцтэй байх нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой болохоор тэр шүү дээ. Гэтэл манай оронд хариуцах эзэн, хариуцлага тооцдог тогтолцоо байхгүйн улмаас алт олборлогчдын гарт байгаль эх сүйдэж, гол мөрөн ширгэх дээрээ тулаад байна. “Нинжа” нэртэй алт олборлогчид хэсэг газар алт олборлож байгаад нөөц нь дуусмагц өөр нутаг орон луу шилжин ухаж сандаалаагүй газар ховор. Мөн алт угаасан усыг бодвол тооцох аргагүй том тоо гарна.
Нэг л өдөр тэр алтны нөөц дуусна. Тэр үед шавраар дүүрсэн гүнзгий цүнхэл, хиймэл нуурууд, онгойсон нүх, эргэсэн хөрсийг нөхөн сэргээх ажлыг хариуцах эзэн олдохгүй.
Хувиараа ашигт малтмал олборлогчид зөвхөн алт олборлодоггүй. Жонш, үнэт чулуу, нүүрс олборлогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Гэтэл эдгээр нь хүмүүсийн эрүүл мэндэд нэн хортой бодисыг агуулдаг. Тэр дундаа мөнгөн ус!
Мөнгөн ус нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) олон нийтэд хортой 10 бодисын жагсаалтанд орсон байдаг. Хүний бие мөнгөн усанд хордсоноос болж мэдрэлийн систем гэмтэж биеэ хянах чадваргүй болдог. Мөнгөн ус нь байгальд тархахдаа агаар, ус, тунадас, газрын хөрс зэрэгт шилжин байрладаг. Мөн мөнгөн ус нь хүн болон байгальд маш их хортой ба мөнгөн усанд хордсон загас хүнсний сүлжээнд нэвтрэн ордог.
Хэлэлцүүлэгийн дийлэнх хувийг гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагаа болон түүний хүний эрүүл мэнд, эх газрын байгаль орчинд учруулж байгаа нөлөө зэрэг асуудлын талаарх яриа эзэлж байлаа.
2011 онд 1300 тонн мөнгөн ус хэрэглэнэ гэсэн тооцоогоор гар аргаар алт олборлох үйл ажиллагаа нь дэлхийн мөнгөн усны хэрэглээний ихэнх хувийг эзэлсэн хэвээр үлдэж байгаа.
Гар аргаар алт олборлох үйл ажиллагаа нь дэлхийн 70 улс түүнээс африк тивийн тал хувьд нь тархсан байна. Үнэн хэрэгтээ бүх мөнгөн ус нь бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагааны уршгаар байгаль орчинд тархаж уурхайчид болон уурхайн салхины дээр, доор амьдрах иргэдийг үе дамжин эмгэг өвчинд нэрвэгдэх эрсдэлд оруулж байдаг.
Б.Мянганзул
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх