Сүүлийн хэдэн жил “Мон-Уран”- ы гэх тодотголтой Наранхүү гэгч эр Монголын бизнесийн ертөнцөд тун дуулиантай амьдарч байгаа. Түүнийг олон жилийн өмнөөс “Нийслэлийн дарга нартай нийлж их хэмжээний газар зарж баяжсан” гэдэг хар байнга дагаж явсан.
 
Энэ мэдээлэл ор үндэсгүй зүйл биш гэдгийг Тагнуулынхан хүртэл шалгаж тогтоосон тухай яриа өнөөдөр албаны хүмүүсийн ам дамжин яригдсаар байна. “Мон-Уран” ХХК-ныхан 2000 оны 6 сард Баянзүрх дүүргийн 14-р хороонд гэхэд л 30 га газрыг Нийслэлийн Захирагчийн захирамжаар авсан байх юм. Анх орон сууцны цогцолбор барина гэж авсан энэ их хэмжээний газар хэрхэн бусдын нэр дээр шилжиж, цааш хэдэн хэсэг болон задарсан нь тун сонирхолтой.  Наранхүү захирал газрыг авч чадсан шигээ бусдын нэр дээр яаж шилжүүлж чаддаг нь ч бас л олон хүний анхаарлыг татаж байна. Тэрээр өөрийн нэр дээр авсан 30 га газраа 2006 онд зарчихаж. Гэхдээ хуулийнхан газрын наймаагаар гаршсан “Инвекс” ХХК-ийн ард Наранхүү захирлыг өөрөө сууж байгаа гэж ярьж байна билээ. Мань эр газар зардаг гэсэн хэл амнаас зугатааж “Мон-Уран”-ы нэр байсан газруудаа “Инвекс” хэмээх компани луу шилжүүлж авсан аж. Тэрээр   “Монгол гранд” компанид 2 га, “Шилмэл шилтгээн” компанид 2 га, “Инвекс” компанид 26 га-г өгч, нэрийг нь шилжүүлжээ. 

“Мон-Уран”-аас 26 га газар шилжүүлж авсан гээд байгаа “Инвекс” компанийхан нөгөө газраа бас л цааш дамжуулан арилжаалчихаж. 2007 онд тус компани “Сүрэг агт” компанид 3 га, “Дунд мандал” компанид 2,7 га, “БНЧ” компанид 3 га, “Вазмир” компанид 3 га-г шилжүүлсэн байна. Үүнээс гадна “Инвекс” компани ямар аргаар авсан нь бас л мэдэгдэхгүй асар их хэмжээний газрыг өөрийн нэр дээрээ авчихсан байх юм. Тэдний мэдэлд салаа төмөр зам, орон сууцны зориулалттай  113 га газрыг мөн л Нийслэлийн засаг даргын захирамжаар олгосон байх юм. Гэвч энэ газар бас л наймааны зам руу орчихсон бололтой. “Шиндянил”, “Ажиганахунчир” зэрэг компаниуд “Инвекс” компаниас газар шилжүүлэн авсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Нийслэлийн Засаг даргын Наранхүү захиралд өгсөн 126 га газар нь Замын цагдаагийн газрын урдуур явдаг төмөр зам дагаад бүр Амгалан хүртэлх бүхий л газар багтаж байгаа юм. Түүний анх авсан газрын нэгээхэн хэсэг дээр л  дээр өнөөдөр Баянмонгол хороолол баригдаж байна. 
 
Үүнээс гадна 2001 онд Наранхүү захирал Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн “РЦНК”-ийн орчим Олон улсын сургууль, зочид буудлын барилга барина хэмээн 2,7 га газар авсан байх юм. Чингэс зочид буудлын ард байрлах энэ газрын үнэ тухайн үед нэг га нь 300 мянган ам  доллар гэж үнэлэгдэж байсан гэдэг мэдээлэл ч ч шалгалтынхны анхаарлыг татаж байсан аж. Ямар ч байсан энэ шалгалтын явцад Наранхүү захирал Нийслэлээс их хэмжээний газар авч, бас тэр газраа бусдын нэр дээр ямар ч хаалтгүйгээр шилжүүлж чаддаг байсан нь тогтоогдож. Харин энэ их хэмжээний газар ямар үнээр зарагддаг байсныг одоо хүртэл нууцалж байна. Хамгийн гол нь тун их олны анхаарал татаж байсан энэ хэргийг нам дараад чив чимээгүй өнгөрөөх сонирхол олон хүнд байгаа бололтой. Гэвч түүний энэ хэрэгт хэтэрхий олон хүн холбогдсон учраас хэзээ ч илрэхгүй өнгөрнө гэж хуулийнхан ярьж байна.