Манай улсын Засгийн газар 104 сая ам.долларын нөхөн төлбөрийг “Хан ресурс”-т өгөх шүүхийн шийдвэртэй. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед уг нөхөн төлбөрийн асуудлыг аль болох эвийн замаар хэрхэн шийдвэрлэж болох талаар Хууль зүйн яам ажиллажээ.

Гэвч “Хан ресурс”-ынхан Хууль зүйн яамныханд “үгүй” гэх хариултыг өгчээ. Учир нь тэд эвийн замаар шийдвэрлэхийг хүсэхгүй, харин ч шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлбөрөө л авна гэсэн. Ингээд манай улсын Засгийн газар, “Хан ресурс” компани голын хоёр эрэг дээр гарах нь тэр.

Ийн хоёр талд гарсны дараагаар Хууль зүйн яамны зүгээс “Тэд энэ сарын 22-нд эвийн аргаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг хүсээгүй учир хэлэлцээрийг цуцалсан байгаа юм. Иймд манай Засгийн газар өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ” гэж албан ёсны мэдээлэл гаргасан. Засгийн газар Арбитрын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулна гэсэн нь “Хан ресурс”-ынханд таалагдсангүй. Ийм ч учраас тэд дахин хариу мэдэгдэл гаргасан байгаа юм. Ингэхдээ "Арбитрын шүүхийг хүчингүй болгох ямар нэгэн үндэслэлийг мэдэхгүй байна. Иймэрхүү арга хэмжээ, үйлдэл амжилттай болох боломж нь тун бага. Хэрвээ Монголын Засгийн газраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ямар нэгэн алхам хийвэл эрчимтэй мэтгэлцэнэ. Арбитрын шийдвэрийг хүчээр хэрэгжлүүлэх бодлогоо өөрчлөхгүй. Бид аль болох эвтэй байх гэж хичэээсэн. Үүнийг байнга эрхэмлэж байна. Ойрын 10 хоногт арбитрын шийдвэрийг бүрэн эхээр нь хэвлэж олон нийтэд ил болгоно. Ингэснээр ил тод байдлыг сайжруулна гэж үзэж байна. Манай компанийн зүгээс Монголын Засгийн газрын хийсэн энэ үйлдэл нь ойрын бодолтой, холыг харахгүй арга ядсан алхам гэж харж байна. Олон улсын арбитрын шийдвэрийг ихэнх улс орон сайн дураараа биелүүлдэг. Монголын Засгийн газар олон улсын хуульт ёсыг хүндлэх хэрэгтэй" гэсэн байгаа юм. Тэдний энэ хариу мэдэгдлээс харахад шүүхийн шийдвэрийн төлөө ажиллана, хэрэв манай тал зөрөөд байвал хүчээр хэрэгжүүлэхээ сануулсан байна. Хүчээр хэрэгжүүлвэл манай улсын гадаад дахь нэр хүнд унаж мэднэ.

Учир нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаар сонирхож, эдийн засаг, эрх зүйн орчин, Засгийн газрын үйл ажиллагаа зэргийг нь харж, судалж яваа хөрөнгө оруулагчдад том саад тээг болох юм. Манай улс “Хан ресурс”-ын тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалсан учир нөхөн төлбөр төлөхөөр болчихоод байгаа нь энэ. Ийм байтал уул уурхайн чиглэлээр ажиллах компанид “бидний тусгай зөвшөөрлийг ч ингээд цуцалж мэдэх юм байна” гэх бодолтой хоцорчих вий гэсэн болгоомжлол байна. Иймд “Хан ресурс”-тай дайсагналцах бус эвээр асуудлыг шийдвэрлэх гарц боломж л бидэнд хэрэгтэй байна.

Ц.Цацрал