Улс эх орондоо өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. Төрийн албан хаагчдыг олноор нь хоморголон халж байгаа нь энэ долоо хоногийн улстөрд өрнөсөн хамгийн онцлох сэдэв байв. Мөн ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга иргэн А.Б-аас байгуулан 2 000 ам.доллар зээлсэн ч өнөөг хүртэл төлөөгүйн улмаас шүүхэд дуудагджээ. Занданшуулсан шарил бага гарын хулгайчаас их гарын хулгайчийн гарт оров уу нийтлэлээр нийгэмд өрнөсөн үйл явдал үргэлжлэнэ. Харин цааш спортын баярт мэдээгээр үйл явдал өрнөв. 

-Монголын төр жайжийчихлаа-

Төрийн албан хаагчдыг олноор нь хоморголон халж байна. Хонзогнон халж байна ч гэж болно. Аль яамнаас, аль агентлагаас хэдэн хүн халагдсан нарийн тоо гарах боломжгүй байна. Өдөр өнжихгүй үргэлжилж буй порцесс учраас.

Тоймлож мэдээлэхэд ГХЯ-аас лав одоогоор 32 төрийн албан хаагч, Хөдөлмөрийн яамнаас 72 төрийн албан хаагч, МХЕГ-аас 59 төрийн албан хаагч халагдсан... гэх тоо цааш үргэлжилнэ.

ГХЯ гэхэд Консулын газрын дарга, цэрэг, жолооч юутай хээтэй нь халснаар эхэлсэн. Энэ яамны халаа сэлгээ хил даван үргэлжлэх шинжтэй болсон нь сайд Л.Пүрэвсүрэнгийн зүгээс гадаадад суугаа 43 дипломат ажилтнаа өөрсдийн зардлаар ирж, ажлаа өгөхийг шаардсан мэдээлэл юм. Үүгээр зогсохгүй өөр улсад байгаа хэд хэдэн консулын газрыг татан буулгахаар болсон гэсэн. Тэгэхээр дээрх 32 гэсэн тоо хоног хоногоор нэмэгдэх бололтой. ГХЯ-ны халагдаж байгаа албан хаагчдын үед л хоёр хөршийн төрийн тэргүүнүүд шил шилээ даран айлчилснаас эхлээд гадаадад ертөнцөд явуулсан үйл ажиллагааг нь муугаар дүгнэх аргагүй. АН-ын гишүүн сайдаас АН-ын гишүүн сайд халааг нь авсан яам. Гэтэл сонгуулийн дараахь үр дүн шиг, засаглал солигдсон үеийнхэнтэй адилтгамаар халаа сэлгээ явагдаж байгаа нь АН-ын нэр хүндийг ахиад л гишүүд, дэмжигсэдийнх нь дунд унагасан үйл явдал боллоо. Намын өнцгөөр харвал ийм. Харин монгол төрийн ноён нуруу, төрийн потенциал талаасаа бол хамгийн мэргэшсэн боловсон хүчинтэй ГХЯ ингэж суларснаар Монголын төр гадаад харилцаа талдаа лав жайжийчихлаа.

Монгол Улсыг ажилтай-орлоготой байх бодлогыг боловсруулж, шийдвэрийг нь хэрэгжүүлж буй Хөдөлмөрийн яам албан хаагчдаа бас л хуйгаар нь халж байгаа нь хэвлэл мэдээллээс харагдаж байна. Иргэдээ ажилтай орлоготой байлгах үүрэг хүлээсэн төрийн яам нь ажилчдаа ажилгүй орлогогүй болгох үйл ажиллагааг үлгэрлэн харуулж байгаа нь төр яйжийсных.Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институтийг нэгтгэж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээлэл судалгааны үндэсний төв гэж байгуулснаар Хөдөлмөрийн яамны 25 албан хаагч, хуучин ажиллаж байсан байгууллагуудаас 47-н ажилтан (жирэмсний амралттай байсан зургаан хүнд ажлын бус амралтын өдрөөр, оройн цагаар утасдаж хэлжээ) нийт 72 төрийн албан хаагчийг нэг өдөр, нэг тушаалаар, урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт халжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүчин төгөлдөр заалтуудыг Хөдөлмөрийн яам нь өөрөө үл тоожээ. Дээрх халагдсан хүмүүсийн оронд Д.Амгалан нарын хоёр дэд дарга, 7 газрын дарга, 10 хэлтсийн дарга гэсэн албан тушаалыг бий болгож МАН-ын гишүүн 20 хүнийг даргаар томилсон нь улс төрийн зорилготой харагдана. Хөдөлмөрийн яаман дахь хоморголон халалт дээрхээр дуусаагүй юм билээ яамныхаа удирдлагад байсан төрийн албан хаагчдыг 100 хувь халж, улмаар 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг бүгдийг нь, МСҮТ-үүд, барилга техникийн коллежийн захирлуудыг 100 хувь халжээ.

МХЕГ бол иргэдийн хувьд аюулгүй амьдрах нийгмийн баталгаа болсон газар. Нарийн мэргэшсэн, тусгай үүргийн албан хаагчидтай, хуулиар олгогдсон эрх үүрэгтэй төрийн бүтэц юм. Тэнд сая шинэ дарга очсоноор төрийн энэ эрх үүрэг мөн л яйрч жайрч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар МХЕГ-аас нийт 11 албан хаагч халагдах тушаалаа авчээ. Хөдөө орон нутгийн МХГ-аас 35 төрийн албан хаагч, улсын байцаагч халагдсан албан мэдээлэл ирлээ. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар бүгд төрийн албанаас нохой шиг хөөгдсөн байна. Аймгуудын МХГ-ын дарга нарын 80 хувийг халжээ. Энэ бүхэн Монголын төр жайжийж суларсны шинж биш үү.

Энэ мэтээр төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа үйл явц өнөөдөр төрийн бүх яам, тамга, газар хэлтэс, агентлагууд дээр явж байгааг ҮАБЗ анхааралдаа авч Монгол төрийн дархлаанд, цаашилбал аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч байгааг ярилцсан бололтой. Яахыг нь, ямар арга хэмжээ авахыг нь харж байя.

Төрийн ажлыг хэн дуртай нь хийдэггүй юм. Хүссэн хүн бүр яваад орчихдог орчин биш. Одоо үлдсэн цөөн төрийн албан хаагчид нь хэзээ намайг бусадтай маань адил нохой шиг хөөх бол хэмээн айдас дунд ажлаа хийсэн болж байна. Ганц эдгээр ч бус шинээр очсонууд нь ч цаашид ажиллах итгэлгүй, нэг дарга нь ирээд л халах биз дээ гэсэн айдастай өдөр хоногийг өнгөрөөж байна. Төрийн ажил өдөр хоног өнгөрөөсөн байдлаар явах ажил биш. Энэ нь Монгол төрийн дархлаа суларч, төрийн багана жайжийсных. Төрийн албан хаагчдын эрхэнд улс төрийн нам солигдвол халддаг байсан бол одоо нам доторх фракциуд халддаг болсон нь ГХЯ-ны ав хоморголлоос харж болно. Монгол төрийн албан хаагчид очсон дарга сайд бүрийнхээ таалалд нийцэх гэж өмнө нь бөхөлзөж, өвдгөнд нь мөргөж, хойно урд нь нахилзаж, гөлөлзөж байдаг. Монголын төрийн албан хаагчдыг хэн ийм болгож байна гэхээр Төрийн албаны тухай хууль нь ийм байдалд оруулж байгаа юм. Төрийн албан хаагчдад хамаатай, зориулагдсан бүх хууль эрх зүйн орчин нь Монгол төрийн албан хаагчдыг дарамталж байна. Тэднийг ийм хүнд, ичгэвтэр байдалд оруулж байна. Хуулиараа төрийн албан хаагч баяжвал шоронд, ямар бандаашиг авч өмссөнөө хүртэл тайлагнахгүй бол шоронд, хамаатан садан, хань ижил, үр хүүхдүүдийнхээ бизнесийг хүртэл хэлэхгүй бол шоронд. Тэрбайтугай таньдаг, итгэдэг хүмүүсээ ажилд авах юм бол ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчсөн болж шоронд орох нь. Энэ бүх хуулийн нээнтэгээр төрийн албан хаагчдын нурууг бөхийлгөх гэж шүдээ тачигнуулж, нүдээ гялалзуулсан хүмүүс олон боллоо. Энэ нь Монголын төрийг занаж, дорд үзэж байгаа хэлбэр. Төр засгаа ийм хүчгүй болгосон улс оронд л Боко харам бүлэглэлүүд үүсдэгийг бид олон улсаас харж байна. Монголын төрд өстэй хүмүүс одоо үед ямар их бий болов оо.

Монгол төрийн албан хаагчид хэний ч өмнө, ялангуяа очсон дарга бүрийн өмнө солонгос баарны үйлчлэгч шиг үүднээсээ эхлээд бөхөлзөх ёстой болж байна. Өвдгийг нь үнсээд, ширээндээ түшиж суулгаад, эрх хав шиг аяглаж байх шаардлага яригдаад байгаа юм. Тэгвэл Монголын төр хэний ч өмнө бөхөлзөх ёсгүй. Харин Монголын төрийн өмнө хүн бүр бөхөлзөх ёстой. Монголын төр тэнд байна гэж дуулдахад л энд бүгдээрээ навтасхийж байх ёстой. Монголын төр захын хүний өмнө бөхөлзөж байвал Монгол шиг ийм жижиг орны тусгаар тогтнол эргэлзээтэй болно. Монголын төрөөр хэн дуртай нь юу ч хийлгэж чаддаг болно. Харин Монголын төрийн түшмэдийн гарын арван хуруунд ажил нь орчихсон, төр нь иргэдээ дарамталдаггүй, бөхөлздөггүй, гаргах ёстой шийдвэрээ гаргаж, хэнээс ч айлгүй хэрэгжүүлдэг болж байж тусгаар тогтнол маань үнэ цэнтэй, баталгаатай байна. Харин төрийн бүх шатандаа дарамттай, төрийн мэргэшсэн албан хаагчгүй, хоноцын сэтгэлгээтэй хүмүүс орж гарсан, бөхөлзсөн хүмүүсээр дүүрсэн үед л мэргэжлийн бус төрийн бүтэц бий болдог. Өнөөдөр Монголын төр яг ийм байдал руу орж жайжийчихлаа. Ийм төр ард түмэнд ямар хортой байдгийг өнөөдөр бид харж эхэлж байна.

Эх сурвалж: www.dnn.mn

-Хонхны баяраараа “Гэмт хэрэгтэн” болохоос сэрэмжлээрэй-

Жил бүрийн хавар "Хонхны баяр"-аа их, дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийг төгсөгчид тэмдэглэдэг. Өдгөө урин дулаан цаг хэдийннээ айлчилсан болохоор хонхны баярын ид сезон эхэлж байна.  Төгсөгчид баяраараа хонхоороо гоёдог басхүү үүнийхээ хажуугаар өөр нэгэн гоётой болоод удаж буй гэхэд хилсдэхгүй.

Архи, шампансик хоёргүйгээр баяраа төсөөлөхөө больсон гэдэг. Нийгэмд хөл тавин орох гэж буйгаа архиар тунхагладаг нь хаанахын ёс вэ? 

Дээх нь үед төгсөлтийн баяраараа "шилтэй ундаа" найзуудтайгаа хувааж уудаг байсан гэж танил ах минь хуучилж байсан удаатай. Тэгвэл үүнийг одоогийн хүүхдүүд сонсвол "шоолох" биз хэмээсэн. 

Хүүхдээ бусдаасаа дутаачих вий гэсэн эцэг, эхийн шаналалаас болж байгаа хэдийгээ тавиад туучихдаг нь нууц биш. Гэтэл хонхны баярын үргэлжлэл нэртэй "Зугаалга" энэ бол жинхэнэ архидалт болж хувирдаг гэдгийг хаана хаанаа мэддэг. Гэвч үүнийг хориглож зогсоож байгаа зүйл алга. 

Өдгөө нийслэлийн хотын хэмжээнд энэ хичээлийн жилд ЕБС-ийн 213 сургуулийн нийт 26102 сурагч, 94 их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 22000 орчим оюутан төгсөнө гэдгийг Монголын оюутны холбоо болон Нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн.

Тэгвэл эдгээр хүүхдүүд болон оюутнуудыг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын оюутны холбоо,Сурагчдын холбоо, Нийслэлийн Боловсролын газар хамтран оюутан сурагчдад хандаж төгсөлтийн хонхны баярыг "Эрдмийн баяр" болгон тэмдэглэн өнгөрүүлэх талаар "Уриалга" гаргаад байгаа билээ. Уриалгыг хүлээж авах ухамсартай оюутнууд, сурагчид олон бий. 

Энд "гай газар доороос, гахай модон дотроос" гэдэг үгийг сөхье. Учир нь архи уусан хүн оюун ухаанаа хянах чадваргүй болдог. Хонхны баяраа тэмдэглээд маргааш нь "гэмт хэрэгтэн" болж, баярынхаа өдөр хорвоог орхисон  тохиодол цөөнгүй бий. Эл бүгдээс сэрэмжлүүлэх үүднээс хэдэн баримтыг дурдья.

Одоогоос есөн жилийн"......." дээд сургуулийн Аялал жуулчлалын ангийн оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэн зугаалгаар гурав хоног явах үед нэг оюутан амь насаа алдсан хэрэг гарсан юм. Зугаалгаар явсан оюутнуудын ярьснаар амралтанд очсон гурав дахь өдөр нь хохирогч болох 22 настай Н-ийн цогцсыг холгүйхэн хадны хажууд хэвтэж байхыг олсон гэдэг. Хоёр хоног хөл толгойгүй архидсан оюутнууд гурав дахь өдөр архи нь ч дуусч эхнээсээ ухаан орж эхэлсэн бөгөөд энэ үед Н байхгүй байгааг мэдсэн бөгөөд нийтээрээ хайх үед түүний цогцсыг олов. Хохирогч гадны ямар ч шарх сорвигүйгээр учир битүүлгээр нас барсан байсан ба түүнийг золгүйгээр амиа алдсан гэж эрүү үүсгэлгүй хэргийг хаасан. /тус сургуулийн нэрийг нууцлав./

Мөн төгсөлтийн баяр нь болоход хэдхэн хоног дутуу байхад доод курсын оюутнуудаас "ах нь удахгүй төгслөө архи авч өгөх үү" хэмээн аархалаас болж гэмгүй оюутны аминд хүрсэн. Одоогоос 4 жилийн өмнө болсон уг хэргийн талаар тухайн үеийн эх сурвалжууд өөр өөр мэдээлэл өгдөг. Дуугүй даруу нэгнийг "догшин" араатан болгодог архи гэгчийн буруугаас боллоо гэж эрүүл болсон хойноо өөрийгөө зүхэж суусан тэр залуу өнөөдрийг хүртэл төмөр торны цаана сууж байгаа. Энэ мэтчлэн хонхны баяраараа гэмт хэрэгтэн, хохирогч болж гэр бүлээ, нулимс, харуусал дунд үлдээсэн хар мөрийг бүү үлдээгээрэй гэсэн үүднээс энд сийрүүллээ. 

Гэмт хэрэг зөрчилгүй, архи согтууруулах ундаагүйгээр "Хонхны баяраа" тэмдэглэнэ биз ээ. 

 

-ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга “луу унжсан” хэргээр шүүхэд дуудагджээ-

ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга иргэн А.Б-аас 1998 оны 8-р сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 000 ам.доллар зээлсэн байна. Зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүйн улмаас шүүхэд дуудагдсан байна. Хэргийг энэ сарын 08-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн Нэгдүгээр шүүхийн шүүгч н.Даваасүрэн хянан шийдвэрлэх юм. Нэхэмжлэгч А.Б иргэн А.Гантулгаас 2000 ам.доллар буюу 3 974 860 төгрөгийг нэхэмжлээд байгаа бол хариуцагч хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тайлбар өгсөн байна.  Энэ талаар ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулгаас тодруулахаар холбогдоход “Тодруулга өгөх нь битгий хэл нэг минутын зав байхгүй” гэдгээ тун эелдэгээр илэрхийлсэн. 

Энэ төрлийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг ч Иргэний хуулийн 78.1.1-д “78.1.1.үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд;” мөн хуулийн 225.2.д “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” Хэмээн заасан бөгөөд энэ нь хэргийг хэлэлцэх боломжтой болох юм. 

-Занданшуулсан шарил бага гарын хулгайчаас их гарын хулгайчийн гарт оров уу?-

СХД-ийн айлын хашаанаас Занданшуулсан шарил олдож, нэлээдгүй шуугиан тарьж байсан нь саяхан. Эл асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн байцаалтын явцад энэхүү занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний цогцос мөн болох нь тогтоогдсон билээ.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өврөөс олдсон занданшуулсан шарилыг хамгаалах, сэргээн засварлах, орон нутагт нь буцаан байршуулж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад зориулж 164 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрчээ. Эл мэдээллийг сонссон жирийн хийгээд ядарсан ард иргэдийн тархинд цус харвах дөхсөнийг нуух юун. Учир нь ард иргэдийн амьдрал туйлдаа хүрч, өвчин зовлон тохиосон нэгэн нь бусдаас тусламж гуйх нь хэвийн үзэгдэл болсон энэ цаг үед занданшуулсан шарилд Засгийн газрын нөөц хөрөнгөөс мөнгө гаргана гэдэг их л “хатуу” сонсогдож байгаа юм.

Гаргах гаргахдаа бүр 100 гаран саяар цацах нь. Зарим иргэдийн хувьд занданшуулсан шарил бага гарын хулгайчаас их гарын хулгайчийн гарт оровгэцгээж байна. Өөрөөр хэлбэл, зүгээр нэг энгийн хулгайч ухаад зардал чирэгдэлгүй аваад ирсэн юм их гарын хулгайчийн гарт орж Засгийн газрын нөөц сангаас 164 сая төгрөг гаргуулчихлаа гэх иргэд цөөнгүй байна. Шарил олдож, хаанахын хэн гэгчийнхийг нь тогтоосны дараа Архангайн Цахир сумруу өч төчнөөн зардал чирэгдэл гаргаж аваачиж байсан. Үнэт өв гэдгийг ч ард түмэн хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ л шарилд энэ хэмжээний зардал хөрөнгө гаргуулж ууланд нь буцааж байршуулна, шарилыг сэргээнэ гэсэн нь юу гэсэн үг вэ?. Өнөөгийн нөхцөлд 164 сая төгрөгөөр юу хийж болох, хэдэн өвчтэй хүүхдүүдэд тусламж үзүүлж болохыг хүн бүр дор бүрнээ бодож байгаа байх?.

Нөгөөтэйгүүр зарим иргэд арай өөр өнцгөөс харж байна. Засгийн газрын нөөцөөс уг нь барагтай зүйлд төсөв гаргадаггүйг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл дээр дооргүй эдийн засгийн хямрал ярьсан өнөө үед, ийм хэмжээний мөнгө гаргах болсон нь цаанаа учир шалтгаантай байх гэцгээн таамаглаж байна. Тодруулбал, Улаан-Үдэд Итгэлт хамбын ийм шарилаар бизнес хийж сая сая жуулчид, мөргөлчдийг татаж байгаа. Тэгвэл яг энэ жишгийг Монголдоо авч хэрэгжүүлэн жуулчдаас орлого олох боломж эрэлхийлж байгаа юм болов уу гэх. Гэхдээ л энэ таамаг, горьдлого талаар өнгөрч болзошгүй. Занданшуулсан шарил тухайн уулын "савдаг" нь шахам болсон, тэр ууландаа л байж гэмээнэ нутаг нугынхаа зон олныг "харж хандаж" байх учиртай юм хэмээн тайлбарлаж байсан санагдана. Лам хуврагууд ч байсан газар нь буцааж залах нь зөв хэмээж байсан юмдаг. Гэхдээ нөөцийн хөрөнгөөс гаргах гэж байгаа төсвийг зүгээр нэг ашиггүй зүйл болгож хувиргахгүй байх үүднээс их л нухацтай шийдэх нь зөв гэдгийг учир мэдэх хүмүүс онцолж байгаа юм.

Эх сурвалж: www.24tsag.mn

-Аврал эрсэн “макро эдийн засаг” хасах заалаа-

Макро эдийн засгийн уналт Монгол Улсыг дампуур луу нь татаж унагаахад бэлэн болж байна хэмээн үзэж уул уурхайн том төслүүдээ яаралтай эхлүүлэхийг МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын төлөөллүүд улс төрчдөөс шаардаж эхэлсэн. 

Тэдний ийнхүү шаардах нь цагаа олсон үйл явдал боллоо. Учир нь манай улсын  хөрөнгө оруулалт хасахтай гарав. Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн таван жилд байгаагүйгээр уналаа. Дөрвөн жилийн өмнө Монголд 4-5 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэг байж. Гэвч хууль эрх зүйн орчин болоод засаглалын хямрал, төр засгаас барьж байгаа бодлого дээр нь манай “эх оронч”-дын оруулсан хувь нэмэр гадаадын хөрөнгө оруулалтыг хасахтай гаргахад хүргэжээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 оны гуравдугаар сард хасах 74.2 сая ам.доллартай гарав. Энэ нь өмнөх оны мөн үеэс 125 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Өчигдөр чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хөрөнгө оруулалтын хууль хөрөнгө оруулагчдыг татах биш цааш нь явуулах хууль болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж байгаа бол бодлогын дэмжлэг хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хууль батлагдахаар хөрөнгө оруулагчид наашилна гэж үгүй. Сэтгэл нь хөрсөн улс 5-10 жилдээ орж ирдэггүй. Дотоодын хөрөнгө оруулагчдаа олгархиуд гээд юм хийлгэхгүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг гадныхан гээд нүд үзүүрлээд байх. Баахан улс төр хийж, дайрч давшилсан УИХ-тай боллоо” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

Түүний бухимдах нь арга  ч үгүй биз. Монголынхоо томоохон биезнес эрхлэгчдийг дэмжихгүй олонхи хэмээж, гадны ирсэн хэдийгээ тогтоож чадахгүй аашлахаар хэн манай улсыг зорих билээ. 

Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь битгий хэл хасах үзүүлэлттэй гарсан, нүүрсний экспорт уналттай байж магадгүй гэж Р.Жигжид сайд мэдээлсэн, долдугаар сараас эрчим хүчний үнийг чөлөөлнө зэргээс харахад иргэдийн нуруун дээр хамаг ачааг буулгах нь ээ. 

Одоо ганц гадныханд тоогдож, тэднийг эх орондоо оруулж ирэх нь "том төслүүдээ хөдөлгөх". Гэхдээ Тавантолгойн гэрээг үзэглэхээ больвол мөн л хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй. Өдгөө ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байдал руу орж байгаа томоохон компаниудын тоо ч нэмэгдэх хандлагатай байгааг уг байгууллагын захиралууд мэдэгдсэн. Хоёрхон жилийн дараа "өрөө төлнө". Энэхүү улсынхаа өр дээр нэмэхгүй байх ганц арга бол "Тавантолгойн гэрээг үзэглэх" гэдгийг саяхны өдөр болсон бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр яригдсан. 

Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр, зээл нийлээд 20 тэрбум ам.долларт хүрчихсэн. Гэтэл хувийн хэвшлийнхэн нь макро эдийн засгаа хөдөлгөөнд оруулж, үр шимээ хүртэж байсан өрөө төлөлцөх хэрэгтэй байгааг нуулгүй хэлж буй. 

МЯК компанийн Дэд захирал Ө.Мөнхбат "Өнөөдөр яг энэ чигээрээ байх юм бол есдүгээр сар гэхэд аж ахуйн нэгжүүд бүгдээрээ шахуу маш хэцүү байдалд орно. Хамгийн түрүүлж энэ хүндрэл тусах бүлгийнхэн бол нийгмийн халамжаар амьдардаг хэсгийнхэн байх болно. Хүүхдийн мөнгө энэ тэр чинь бүгд алга болно. Энийг ямар нэгэн намын дотоод хагарал, улс төрийн хагаралтай нийлүүлж, хольж хутгаж үзэхээ болиоч ээ гэж хүсч байна. Бид бол бизнес эрхлэгчид, улсдаа татвар төлдөг хүмүүс. Тийм учраас энэ төслүүдийг хурдан явуулахгүй бол татвар төлөгчид чинь дампуурах гээд байна, улс чинь дампуурах гээд байна гэдгийг улс төрчдөд хэлмээр байгаа юм. Хоёрхон жилийн дараачаас эхлээд монголчууд бид 570 сая ам долларын өр төлнө. Хоёрхон жилийн дараачаас эхлээд монголчууд бид 570 сая ам долларын өр төлнө. Хэрвээ Оюутолгой, Тавантолгойн том төслүүдээ явуулахгүй бол дахиад зээл авна. Урд зээлүүдээ төлөөгүй хүн дахиж зээл авахад муу зээлдэгч болдог. Муу зээлдэгчид хэн зээл өгдөг вэ? Жирийн хүнээр жишээлэхэд, ломбарднаас асар өндөр хүүтэй зээл авахаас өөр гарцгүй болж байгаатай л адил" гэсэн юм. 

Дэлхий дахинд өрнөж байгаа эдийн засгийн өрсөлдөөнд Монгол гадаадын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр л “амьд” үлдэж чадах ганц үүд нь "тавантолгойн гэрээ" хэмээх хүмүүс олон байна. Гэхдээ мэдээж улсдаа ашигтай заалттай байж гэмээн бидний амьд үлдэх эсэх нь шийдэгдэнэ гэдгийг эрх биш төрийн түшээдүүд мэдэж буй биз ээ. Ийнхүү аврал эрсэн "макро" эдийн засгаа хөл дээр нь хурдан босгохгүй бол цаг явсаар, монголчуудын өр нэмэгдээр л...

-“Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” боллоо-

“Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” болж байна. Уг форумыг МОСАХ-оос  санаачлан, МНСЭ-тэй хамтран зохион байгууллаа.

Цахим сэтгүүл зүйн өмнө тулгамдсан асуудлыг  хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж буйгаараа онцлог болов.

Харин өнөөдөр сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан үе, үеийн ахмад сэтгүүлчдэд зориулан баярын концертийг зохион байгуулж  ахмадуудаа үнэ төлбөргүйгээр үзүүлж, гарын бэлэг гардуулах ёслол болж байна.

-М.Мөнхзаяа, Ж.Олонбаяр нар “алтан медалийн эзэд” боллоо-

 

БНХАУ-ын Шанду мужид Шар мөрний нэрэмжит Олон улсын марафон гүйлтийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд (IV.25-26) боллоо. Тус тэмцээнд хагас болон бүтэн марафонд нийт эрэгтэй, эмэгтэй 30 мянга гаруй гүйгчид оролцов.

Манай улсаас зургаан тамирчин өрсөлдсөнөөс хагас марафонд ОУХМ М.Мөнхзаяа, спортын мастер Ж.Олонбаяр алтан медаль хүртэж, бүтэн марафонд дөрвөн тамирчин IX-XIII байрт орлоо.

Азийн аваргын хүрэл медальт Ж.Олонбаяр, ОУХМ Б.Мөнхзаяа, дасгалжуулагч Б.Төрбатын хамт нар. (2015.II.02) Шар мөрний нэрэмжит Олон улсын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн хагас марафоны(21 км 97.5 метр) төрөлд энэ оны эхээр Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд IV байр эзэлж, олимпийн наадмын эрхийн “В” нормативийг биелүүлж байсан ОУХМ М.Мөнхзаяа алтан медаль, цом хүртжээ. Эрэгтэйчүүдийн хагас марафонд Азийн аваргын хүрэл медальт, спортын мастер Ж.Олонбаяр мөн аваргын алтан медаль авсан байна. Эдгээр тамирчдын хувьд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг бөгөөд олимпийн наадмын "В" нормативийг биелүүлээд байгаа ОУХМ М.Мөнхзаяа гуравдугаар сард цагийн амжилтаа дахин баталгаажуулаад байгаа билээ.

Мөн бүтэн марафонд манай улсын дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс топ 10-т нэг тамирчин багтаж, XI-XIII байрт бусад тамирчид орсон байна. Тодруулбал, “Хилчин” спорт хорооны тамирчин спортын мастер Б.Гантулга IX, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Доржпалам XI, ОУХМ Ц.Бямбажав XII, “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Мөнхбаяр XIII байрт оржээ.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа