Монголд 13 сая евротой ирээд сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн  60 настай Максимлян Лёонхард Клойбер  өнгөрсөн сарын 17-нд  нас барсан.

Хэргийн газар цагдаа, шүүхийнхэн ажиллаж, хэрэг шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Талийгаачийн цогцсыг Шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлж байгаа бөгөөд үхлийн шалтгаан багагүй хугацааны дараа тодорхой болох юм. Уг хэрэгт хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд хамтран амьдарч байсан гэх Ё.Гантуяаг нь саатуулаад 10 гаруй хонож байна.  Мөн гэр бүлийнх нь гурван иргэнийг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээд байгаа.

 

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлсэнээр Ё.Гантуяаг охин, хүү, хүргэнийх нь хамт цагдан хорьжээ.

 

Хамгийн сонирхолтой нь уг хэрэгт Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа юм. Ё.Гантуяад л гэхэд  Эрүүгийн хуулийн 91, 148  гэсэн хоёр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар М.Л.Клойбер нас барах үедээ удаан хугацаанд хэвтэрт байсан шинжтэй бие нь цоорч, дусал тариа хэрэглэж байсан байж магадгүй шинж тэмгүүдтэй байжээ.

 

Мөн Ё.Гантуяа түүнд дусал тариа хийж буй бичлэг ч уг хэрэгт баримт болгон тусгагджээ.

 

Максимлян Лёонхард Клойберийг сураггүй болохтой давхацан Ё.Гантуяаг өнгөрсөн 2012 оны аравдугаар сард мөн цагдан хорьж байсан. Харин жил гаруй шалгасны эцэст 2013 оны сүүлчээр батлан даалтад гаргаад байжээ.

 

Юутай ч монгол иргэдийг хамруулсан Герман иргэний хэрэг маш учир битүүлэг байгаа юм. Хэрэг хаашаа эргэж, чухам ямар учиртайг учир мэдэх хүмүүс анхааралтай ажиглаж байна.