З.Тунгалагбадам: “Ногоон дарь эх” бурхныг эх шигээ шүтэн залбирдаг
2015/05/02
“Анхилуун үнэрт гэрэлт бясалгалын Ногоон дарь эхийн холбоо”-ноос энэ сарын 28-нд “Эхийн гэгээн мэлмий Ногоон дарь эх”-ийн анхдугаар чуулганыг зохион байгуулах гэж байна. Өнөөдөр улс орон ядуу, цаг агаар хатуу, хүмүүс бухимдалтай байгаа учраас энэ бүхнийг зөөллөх гэж монголын эмэгтэйчүүд сэтгэл нэгдэн энэ өдөр “Ногоон дарь эх”-ийг залахаар болжээ.Энэ талаар тус холбооны тэргүүн З.Бадамтунгалагтай ярилцлаа.
-Танай бясалгалын төв холбоо болон өргөжөөд анхдугаар чуулганаа зохион байгуулах гэж байгаа гэлээ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Манай “Анхилуун үнэрт цэцгийн гэрэлт бясалгалын төв” найман жил үйл ажиллагаа явуулж байгаа. “Ногоон дарь эх”ийн тарнийг мэддэггүй, уншдаггүй монгол хүн байхгүй болов уу. Энэ утгаар бясалгалын төв маань өргөжөөд“Анхилуун үнэрт гэрэлт бясалгалын Ногоон дарь эхийн холбоо” болон анх удаа байгуулагдаж байгаагаараа онцлог.Гэхдээ энэ нь зөвхөн холбооны хэдэн гишүүдийн ажил биш. Улс эх орондоо болж бүтэхгүй байгаа зүйлд монголын бүх эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүргэх цаг нь болсон юм болов уу гэж үзээд сүсэгтэн эмэгтэйчүүд нэгдээд энэ сарын 28-нд “Эхийн гэгээн мэлмий”Ногоон дарь эхийн анхдугаар чуулганыганх удаа зохион байгуулах гэж байгаа юм. Өнөөдөр байгаль цаг агаар хатуу, гал түймэр их гарч байна, хүмүүс их бухимдалтай байгаа нь цаг үетэйгээ холбоотой гэж хэлж болох байна. Цаг зэвүүн болж байгаа гэдэг нь нэг талаар үнэн юм болов уу. Тийм учраас улс эх орон, төр түмнийхээ төлөө эхчүүд бид нэгдэж “Ногоон дарь эх”-дээ үнэн сэтгэлээсээ залбираад, амар тайван байхыг бэлгэдэж “Ногоон дарь эх”-ийнхээ тарнийг нэгэн зэрэг нэг цагт уншицгаая гэж уриалж байгаа юм. Нэг гэрийн амьдрал амар амгалан түвшин байх юм болтэр хэрээр олон өрх гэр тогтвортой, үр хүүхдүүд нь эцэг эх, байгаль дэлхийгээ хайрлах, хүн хүнээ хайрлах ийм сайхан энэрэнгүй нинжин сэтгэлтэй болгоход Ногоон дарь эхийн уншлага хэрэг болно гэж бодож байна.
- “Ногоон дарь эх”бурхны ач холбогдлын талаар зах зухаас нь хэлж өгөөч?
-“Ногоон дарь эх”өөрөө хүмүүсийг их тайвшруулдаг. Бурхны хүч гэдэг хүн ямар нэг зүйлд залбираад “Ногоон дарьэх”-ийн өмнө ээжийгээ эхнэрээ, охиноо байна гэж бодох юм бол огт буруу зүйл хийхгүй. Тийм учраас би хүн хүнээ хайрладаг цаг үе ирээсэй гэж боддог. Монгол хүн бүр хоорондоо эвтэй найртай байх шиг сайхан зүйл байхгүй.
- Зарим хүн ажлын өрөөндөө “Ногоон дарь эх”-ийг залсан байгаа харагддаг?
-“Ногоон дарь эх”-ийг эмэгтэй “ээж бурхан” гэж үздэг.Тийм учраас ээж ,эхнэр,охиноо яаж хайрладагав түүн шиг бурхандаа сүсэглээд үнэн сэтгэлээсээ залбираад явах юм бол “Ногоон дарь эх” бурхан өөрөө гэтэлгэгч тонилгогч, муу муухай зүйлээс холдуулж аварч чаддаг маш хурдан хугацаанд хүнд ирж тусалдгаараа онцлогтой. Дэлхий нийтээр буддист хүн бүр “Ногоон дарь эх” бурхандаа маш их залбирдаг гуйдаг. Энэ утгаар монголчуудын гол шүтээн ихэвчлэн Ногоон дарь эх байдаг болов уу гэж судалгаанаас уншиж байсан санагдана. Тийм учраас энэ бурхандаа хүн бүхэн залбираасай,тарнийг нь амны уншлага болгож хэлээсэй, ямар нэг зүйлд сүсэглэж залбираад итгэдэг болчих юм бол хүн хэзээ ч муу зүйл хийхгүй, муу муухай зүйлээс холуур явна. Үнэхээр ч өнөөдөр энэ бүгдийг хэлэх цаг нь болчихсон юм шиг санагдаж байна. Ээжүүд маань маш их өлсч цангаж бухимдаж байна. Улс орон маань ядуу, хүүхдүүд маань өнчин өрөөсөн болж байна. Хатуу ширүүн зүйл ирлээ гэхэд бид зүгээр сууж болохгүй. Ингэхгүйн тулд яс үндэс эрэгтэй эмэгтэй, шашин шүтлэг хамаарахгүйгээр Ногоон дарь эхээ урьж залаад тарнийг нь уншъя гэж манай холбоо уриалж байгаа юм. Хэрэв энэ өдөр ирж чадахгүй хүн байвал сэтгэл зүрхээрээ бидэнтэй холбогдоод “Ногоон дарь эх”-ийнхээ тарнийг уншаад уншаад, залбираад, хань ижил, үр хүүхдээ даатгаад эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд энэ хэдхэн цаг мөчийг бүгдээрээ бие сэтгэлээрээр нэгдэе гэж энэ сайхан өдрийг сонгосон юм. Одоогоор холбоо маань шинэ, хүмүүс маань шинэ. үйл ажиллагаа маань шинэ байна. Тийм учраас энэ ажлыг чадах ядахаараа олонд хүргэчих юмсан гэсэн чин эрмэлзлэл тээн ажлаа эхлэх гэж байна даа.Сайхан бүхэн дэлгэрдэг болохоор олон нийтийн тусын тулд хийж байгаа ажлыг минь олон хүн дэмжиж байгаад баяртай байна.
Д.Нэргүй
Зочин · 2015/05/04
buh niiteeree oroltsooroi gej urialmaar bn
Зочин · 2015/05/02
demjij bn bugdeeree oroltsooroi