Орон сууцны түрээсийн үнэ зээлийн төлбөрөөс илүү
2015/05/05
“Барилга экспо” олон улсын үзэсгэлэн найм дахь жилдээ үргэлжилж байна. “Барилга.мн”, Барилгын зөвлөгөө мэдээллийн төвөөс зохион байгуулдаг уламжлалт үзэсгэлэнгийн “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө” нэртэй хоёрдугаар хэсэг Мишээл экспо төвд өнгөрсөн амралтын өдөр боллоо. 250 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсний дотор ОХУ, БНХАУ, Япон, Итали, Польш зэрэг 10 гаруй орны барилгын салбарын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулав. Зохион байгуулагчдын хэлж буйгаар энэ удаагийн үзэсгэлэнд нийслэл хотод байрлах 100 гаруй шинэ орон сууцны танилцуулга гаргасан гэнэ. Барилгын компаниудын зүгээс энэ үеэр ам метр талбайн хамгийн бага үнийг 1.3 сая төгрөгөөр тооцсон байв. Энэ талаар зохион байгуулагчид “Зөвхөн үзэсгэлэнгийн үеэр ам метр талбайн үнийг 100-300 мянган төгрөгөөр хямдруулж байгаа” хэмээн ярив. Тухайлбал “Дэлгэрэх хотхон”-д урьдчилгаа төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд ам метр талбайн үнийг сая 350 мянган төгрөг болгон хямдруулж буй бол “Victoria Town” цогцолбор эхний 50 захиалагчдаа автомашины зогсоол үнэгүй ашиглах хоёр жилийн эрхээр урамшуулахаар болжээ. Мөн “Дөл” хотхон үзэсгэлэнгийн үеэр урдчилгаа төлбөрөө 30 хувь төлсөн тохиолдолд нийт мөнгөн дүнгээс гурван сая төгрөг хөнгөлөх бол “Баяжих цогцолбор” төлбөрийн нөхцөлөөс хамаарч 19 сая төгрөг хүртэл хөнгөлөх боломжтой аж. Маш товчхондоо энэ бүхэн урамшуулал нэртэй боловч бодит байдал дээр барилгын компаниуд “бүтээгдэхүүний” илүүдэлтэй байгаа нь харагдсан юм. Тэгвэл орон сууцтай болохыг хүссэн иргэд энэ удаагийн үзэсгэлэнгээс орон сууцны зах зээлийн бодит ханшийг тодорхойлж болно гэдэгт итгэжээ. Тийм ч учраас өнгөрсөн амралтын өдрүүдэд тус танхим хөл хөдөлгөөн ихтэй өнжив. Энэ нь орон сууцны эрэлт ямар байгааг харуулах бас нэг үзүүлэлт болж байна. Гэвч эрүүл аюулгүй орчинд аж төрөх мөрөөдөл тээсэн олон зуун иргэн бэлэн мөнгөөр орон сууц худалдан авах нь байтугай Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн зээлийн шалгуурт нийцэхгүй, арилжааны банкуудын хатуу шалгуурыг давахгүй буцсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл, барилгын зах зээлийг чадамжгүй эрэлт аль эрт бүчин авчээ. Тэгээд ч ядуурлын гол шалтгаан орон сууцны хүртээмж хомс байдлаас нөлөөлдөг тухай эдийн засагчид өгүүлдэг. Мөн ахуйн ариун цэврийн шаардлага хангасан орон сууцаар хангах, амьдрах нөхцөлийг сайж-руулах замаар ядуурлыг бууруулна гэдгээ үе үеийн Засгийн газар ойлгодог хэдий ч явуулж буй бодлого шийдвэр нь иргэдийн өмнө давахад бэрх хана мэт хэвээр байна. Тэгвэл сүүлийн дөрвөн жилд 60 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин үүний нөгөө талд гэр хорооллын өрхийн тоо сар жил улирах тусам нэмэгдсэн байдалтай. Мөн түрээсийн байранд амьдарч буй иргэдийн тоо энэ хугацаанд буураагүй тухай судалгаа байгаа нь хачин үзүүлэлт болж байна. Одоогийн байдлаар нийслэл хотод хамгийн өндөр түрээсийн байртай дүүрэг Сүхбаатар, Хан-Уул юм. Харин хамгийн бага үнийг Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт орон сууцтай иргэд тогтоожээ. Зарын сайтуудад байрласан үнийг дунджаар тооцвол нэг өрөө байрны сарын түрээс 450 мянган төгрөг болж байна. Харин бэлэн мөнгөөр худалдан авахаар бол 52.9 сая төгрөг байгаа бол хоёр өрөө байрны түрээс сарын 650 мянга, бэлэн мөнгөөр өөрийн болгоход 75 сая төгрөг шаардлагатай байна. Тэгвэл 30 хувийн урьдчилгаа төлбөр төлөөд нэг өрөө байр авсан айл, өрх сард дунджаар 368.280 төгрөг төлөх бол, хоёр өрөө байранд 597.800 төгрөг төлж байх юм. Тодруулбал орон сууцны зээлд хамрагдсан иргэнээс түрээсийн байранд аж төрж буй айл өрх илүү мөнгө төлж байна гэсэн үг юм.
Д.Булган
Зочин · 2015/05/05
Хамгийн гол нь түрээсийн байранд сар сараар төлдөгт оршино . 10000000 ззээлэх бол хүүнд нь мөнгө төлж давхар шатна шүү дээ