Засаг замбараагүй газар олголтыг эрх мэдэлтнүүд халаас зуузаантангуудад өгчихдөг. Барилга барих гэж буй нөхдүүд ч гэсэн барьж л байвал болоо гэсэн шиг хотын төвд л бол хамаагүй ханддаг болоод удаж байна. Нийтийн эзэмшлийн газар орон сууц барьж болохгүй хэмээсээр байхад барилга барих сууриа ухаж хэдэн давхар байшин сүндэрлүүлж орхидог нөхдүүдэд сургамж болсон үйл явдал өнгөрөгч сарын сүүлээс эхлэн өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юм. 

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцыг цагдаагийнхан хамгаалалтад авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийсэн.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар эхлээд 16 дугаар байрны дөрвөн булан болон арван цэгт түр тэмдэг тавиад геодезийн хэмжилт хийжээ. Барилгын оройн хэсгийг суурийн хэсэгтэй харьцуулж үзэхэд дөрвөн см хазайлттай гарсан гэдгийг мэдээлсэн. Гэвч үүнийг хөрс хөндөгдсөнөөс болоогүй гэдэг дүгнэлтийг МХЕГ-ын газрын дарга өөрийн амаар хэлсэн. Барилга хазайсан тухай олон хүний янз бүрийн тайлбар сонссоор “толгой нь эргэсэн” Э.Бат-Үүл дарга сүүлдээ “Иргэд нь болохоор барилгын суурь нүх ухсан зүүн тал руугаа манай байр хазайгаад байна гэсэн. Та нар болохоор тийм биш ээ, харин ч баруун тал руугаа хазайлттай байна гэх юм. Баруун, зүүн тийшээ хазайх нь ямар хамаатай юм бэ. Хамгийн гол нь хэзээ, юунаас болж хазайсныг харьцуулан тогтоох хэрэгтэй биз дээ. Гэтэл хэзээ гэдгийг тогтоох боломжгүй гээд сууж байдаг” гэж бухимдаад авсан.

Эхнээсээ сүр дуулиан болгож 16-р байрыг хэзээ мөдгүй нурлаа хэмээн олон нийтэд мэдээлчихээд араас нь “Танай байр зүгээр байна аа, орж болно” гэхэд асуудал намжина гэвэл эндүүрэл. Монголын барилгын салбарын эмгэнэл болох газрын наймаа, хувийн хэвшлийнхэнийн бизнесийн сүлжээ, ил, далд хууль бус үйлдэл, дүрэм журмыг дуртай нь зөрчдөг үйлдлээ үүгээр зогсоох хэрэгтэй.  Өнөөдрийг хүртэл 240 гаруй хүн зочид буудалд байрлаж байгаа. Бэхэлгээг хийж дуустал оршин суугчид гэртээ харих боломжгүй юм. 

Ийнхүү барилгын салбарын "эмгэнэл"-ээ зарлаж буй нь тод жишээ болсон үйл явдал дуусахгүй нь ээ. Анхнаасаа зөвшөөрөлөө ном журмаар нь аваад хотын зах руу дулаан тохилог орон сууц барьж худалдсан бол ашигтай байх байсан биз. Хуулиа гууль болгодог улс өдөрт 240 гаруй хүнийг хооллож ундалаад буудлынхан мөнгийг төлөхгүй яахав. 

Энэ байрны асуудлыг шийдээгүй байхад дахиад л байшин барих зайгүй газар барилга барихаар нухаа ухчихсан байна. Газар олголтын балаг дуусахгүй үргэлжилж буй нь түгшүүр дагуулж байна гэхэд буруутахгүй. Оршин суугчид гадаа нарлах саравчгүй болж, хүүхдүүд тоглох ч эрхгүй гэртээ бүгэх болж байгаа нь харамсалтай. Хотын мээрээ энэ нийслэл хотынхоо газар олголтыг зогсоовол яасан юм. Гэхдээ, иргэдэд олгож буй 0.7 га газар олголтыг хэлээгүй юм шүү. Зах замбараагүй эрх мэдлээ ашиглан мөнгөний төлөө хийж буй үйлдлийг зогсоож өгөөч. 

Аягүй бол дээрх 16-р байр шиг олон янзын тайлбар гаргаж ирээд таны толгойг эргүүлсэн яриагаа ахиж ярьж мэднэ. Учир нь дараагийн асуудал дагуулах барилгын ажил хэдийнээ эхэлж. Иргэдийн эрх ашгийг боомилж байна. Анх гарааш барина хэмээсэн нь дөрвөн давхар үзвэрийн танхим барихаар барилгынхаа суурийг ухаж эхэлжээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрийн 9А байрны хажуу бөөрөнд барилгын суурь ухаж эхэлжээ. Уг газарт “Улаанбаатар синема” буюу тэнгис кино театрынхан барилгынхаа өргөтгөлийг хийхдээ зэргэлдээх орон сууцанд оршин сууж буй олон арван иргэдийн амгалан тайван байдал болоод эрүүл орчинд аж төрөх эрхийг бүдүүлгээр зөрчиж эхэлсэн байна.

Тус байрны оршин суугчид барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй гэдгийг нотолж байгаа юм. Хууль бус энэхүү үйлдлийг зогсоохыг тус компанийн удирдлагууд болоод дүүргийн эрх мэдэлтнүүдэд удаа дараа ханджээ. Харамсалтай нь, эрх мэдэлтнүүд болон “Улаанбаатар синема” компанийнхан оршин суугчдын эсэргүүцлийг огтхон ч сонсоогүй мэт аашилж байгаа нь Монгол улсын хуулийг уландаа гишгэж буй хэрэг. 

Өнгөрсөн оны наймдугаар сард анх барилгын суурь ухаж эхэлсэн бөгөөд суурийн нүх 9А байрнаас гурван метрийн зайтай байсан өдгөө орон сууцны хананд тулгаж ухжээ. Оршин суугчдын хувьд гомдлоо нийслэлийн удирдлагууд болон мэргэжлийн хяналтын байгууллагад гаргасан ч  хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа аж. Хэзээ энэ хууль бусаар байшин босгодог залилангаа хэзээ зогсоох вэ. Иргэдийг барилгын компанийхан хамгийн ихээр хохироодог. 

Иргэд нарлах газаргүй болж, мөд Зайсан толгойд ч салхилж амрах эрхгүй болох гэж буй талаар өмнө нь мэдээлсэн. “Жи эн Моторс Тур” ХХК хууль бус үйлдлээ зогсоохгүй байхаар шийдэв үү Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй, түрүүвч нимгэн хүнд хууль хатуурхдаг нийгэмд бид амьдраад байгаа бололтой. 

 

 

Х.Даваа