“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ
2015/05/08
“Тэнгэр трейд”-ийн даршилсан мөөгийг худалдан авсан нэгэн иргэн манайд хандсан юм. Тэрбээр “Тэнгэр трейд”-ийн бөөний төвөөс даршилсан сармис хэдийг худалдан авчээ. Тухайн үед анзаараагүй боловч гэртээ харьсныхаа дараа шилтэй саримсны ёроолын хэсэгт үхсэн ялаа хөвж байхыг харсан байна.
Мэдээж худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээр барахгүй ялаа хөвж байсан учраас даршилсан сармисыг импортоор оруулж ирдэг компанитай холбогджээ. Гэтэл “Тэнгэр трейд”-ийн маркетингийн албаныхан болон хуулийн зөвлөх нь тухайн иргэнтэй очиж уулзаад 50 мянган төгрөг өгөөд ялаатай сармисаа авахыг хүссэн байна.
Иргэдийн эрүүл мэндэд хор учруулж байгаагаа үл тоон ялаатай бараагаа 50 мянган төгрөгөөр үнэлж байгаад нь харамссан иргэн эл асуудлыг олонд дэлгэнэ гэдгээ мэдэгдэхэд “Бид захиралдаа танилцууллаа. Танд нэг дахин өсгөөд 100 мянган төгрөг өгье” хэмээн наймаалцахыг хүсчээ.
Түүнчлэн манай байгууллагад эрсдэлд зориулсан санхүүжилт байдаг түүнээсээ таныг хохиролгүй болгоё гэсэн нь ч тухайн иргэний анхаарлыг татжээ. Учир нь үнэхээр энэ мэт хүнсний бүтээгдэхүүн дотор гадны биет байгаа нь илчлэгдвэл хэдэн төгрөг өгөөд л амыг нь таглачихдаг юм уу гэсэн хардлагыг төрүүлсэн гэдгээ ч хохирсон иргэн бидэнд мэдээлсэн юм.
Мэдээж нэг иргэний нэг ялааны асуудал биш олон зуун иргэдийн эрүүл мэнд амь настай холбоотой эл хэргийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс ийнхүү манай байгууллагад хандсан юм.
“Тэнгэр трейд” ХХК нь манай улсын даршилсан бүтээгдэхүүний зах зээлийн нэлээдгүй хувийг эзэлдэг томоохон компаниудын нэг. Гэтэл ялаатай бүтээгдэхүүн оруулж ирчихээд зах зээлд нийлүүлэн хохирсон иргэний амыг 100 мянган төгрөгөөр таглахыг хүсч, наймаалцах санал тавьсан нь үнэхээр харамсалтай. Импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг байгууллагуудын тэргүүн эгнээнд бичигддэг энэ компанид иргэд итгэдэг, тиймдээ ч ихэнх дэлгүүрүүд бараагаа бөөнддөг. Гэтэл нэр нөлөө бүхий энэ том компани эрүүл ахуй, цаашилбал иргэний амь настай холбоотой асуудлыг мөнгөөр хэмжиж байна.
Ямартай ч бид “Тэнгэр трейд” ХХК-тай холбогдож импортын бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хэрхэн анхаарал хандуулдаг талаар тодруулахаар тус компанийн бичиг хэргийн ажилтантай холбогдоход “Манай байгуулагад тийм мэдээлэл ирээгүй. Уг нь бүх мэдээлэл надаар дамжих ёстой байдаг юм. Гэхдээ өөрийн ажилчидтайгаа холбогдоод эргээд хариу өгье” хэмээв.
Хэсэг хугацааны дараа эргэн залгаад “Та нөгөө хохирсон гээд байгаа хүнээ манай байгууллага руу ялаатай мөөгийг нь өгөөд явуулчих. Бид учрыг нь олоод хохиролгүй болгоё. Ер нь манай бүтээгдэхүүн мөн эсэх, хэн нэгэн манай сармис дотор ялаа хийсэн эсэхийг нь тодруулъя” гэв.
Харин өөрийнх нь бүтээгдэхүүн мөн болоод битүүмжилсэн саванд ялаа үнэхээр байна гэдгийг тайлбарлахад “Тэгвэл та манай хуулийн зөвлөхтэй холбогд” гээд дугаарыг нь өгөв.
Ийнхүү ялаатай сармисны учрыг олохоор хуулийн зөвлөхтэй нь холбогдоход “Бид хуралтай байна. Эргээд ярья” хэмээн хээв нэг хариулаад утсаа тасдаж орхив.
Нэлээд хугацааны дараа эргэн холбогдоод “Үнэхээр чанар аюулгүй байдалд ямар анхаарал тавьдагийг мэдэхийг хүсвэл байгуулага дээр өөрийн биеэр ирээд үз” хэмээн дургүйцсэн байдалтай хариулав. Миний бие хяналт шалгалт хийдэг, эрх бүхий байгууллага, хувь хүн биш тул мэдээллийн үнэн зөвийг тодруулах, тэнцвэртэй мэдээллийг олон нхийтэд хүргэхийн тулд л ийнхүү холбогдож мэдээлэл авахыг хүссэн хэрэг.
Харин өөрийг нь ялаатай сармис худалдан авч хохирсон иргэнтэй уулзсан, мөнгө өгч наймаалцахыг хүссэн нь үнэн үү гэдгийг тодруулахад “Би очиж уулзах нь уулзсан. Харин яг мөнгө өгнө гэж хэлсэн хүн нь би биш шүү. Тэр ялаатай гээд байгаа сармисыг би харсан. Он сар нь арилчихсан хугацаа нь дууссан үгүй нь мэдэгдэхгүй л юм байсан” гээд уцаарлав.
Энэ хүний хэлсэнээр бол хугацаа нь дууссан сармис дотор ялаа орж үхэх магадлалтай аж. Уг нь хугацаа дууссан байлаа ч гэсэн битүүмжилсэн саван дотор ямар ч ид шидээр ялаа орж үхэх боломжгүй байлтай.
Гэхдээ тус байгууллагын хуулийн зөвлөхийн хэлсэнчлэн тус сармисны хугацаа нь дуусаагүй байна. Энэхүү ялаатай сармис нь 2014 оны 10 дугаар сарын нэгний өдөр үйлдвэрлэгдсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын нэгний өдөр хугацаа нь дуусах он сартай, “Тэнгэр” гэсэн тамга, лацтайгаа байгааг энд өгүүлэх нь зүйтэй болов уу.
Ямартай ч ялаатай сармис худалдаж, хохирсон иргэний амыг таглахыг хүссэн “Тэнгэр Трейд”-ийн импортын барааны чанар аюулгүй байдалд холбогдох албаны хүмүүс анхаарал хандуулах цаг хэдийнэ болжээ. Түүнчлэн иргэд Тэнгэрийн даршилсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа дахин ялаа гэх мэт гадны зүйл байгаа эсэхийг нягтлаж хэрэглэх шаардлагатай гэдгийг ч сэрэмжлүүлж байна.
Б.Батчимэг
Hell · 2015/05/08
ene muu ***iin setguulchid hunii **** uhsan yumnuud hool idej baihad chin orjil baidag bizde ter heden zuun myngaara uildverlej baiga gazar gants ylaa oroo l biz surtein ymar albaar hiisen bishde. Heregle****ig hurtel bodood l hohiiroochloo geed l nohon tolbor ogjil bainsht gaduur mashin morguulched bid nar engej ch avahgui shuu