Долоо хоногийн онцлох үйл явдал
2015/05/09
Энэ долоо хоногт улс оронд олон үйл явдал өрнөлөлөө. Баяртай мэдээг эхэнд дуулгая, Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр Азийн аварга боллоо. Мөн Ой тогтоолтын ОУ-ын аварга Т.Энхжин “дэлхийн рекорд” -ыг эвдэж Монголчуудын зүрхийг омогшуулаад авсан бол "Хөсөгтөн" хамтлаг Авьяаслаг Азичууд шоуны сүүлийн шатанд тэнцсэн сайхан мэдээтэй долоо хоног болж өнгөрлөө.
Сайны хажуугаар саар заавал байдаг жамтай бололтой. Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Катарыг зорьсон зарим тамирчин визний асуудлаас болоод саатуулагдан, улмаар нутаг буцах болсон талаар бид мэдээлж байсан билээ. Тэд өчигдөр эх орондоо ирсэн юм.
Дасгалжуулагч Б.Баяраа: Би гомдож, гутарч байна "Бид визний зүгээр нэг зөрчил ч биш хуурамч визний асуудалд орооцолдсон. “Хуурамч визийг хэн хийсэн Кувейтын ямар байгууллагатай холбоотой байсан” гээд энгийн харилцаагаар биш шаардаж эхэлсэн. Бидэнтэй гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг зандарч дээрэнгүй харьцсан. Хэн та нарт виз өгсөн, дарга нар ч хэн бэ гэхэд "Манай дарга Катарт байгаа. Аварга хүн бий. Та нар яриад хаач бидэнд ч хэцүү байна" гэсэн. Катарын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагчидтай холбогдсоны дараагаар “Тэмцээнд оролцох тамирчдын дунд та нарын нэрс, мэдээлэл алга” гэсэн. Ингээд л шууд биднийг хорьсон. Бид хуурамч визний асуудал цаашлаад гэмт хэрэгт холбогдох нь гэж айгаад хоригдохгүй гэж эсэргүүцэл илэрхийлсэн. Гэтэл цэргийн хүмүүсээр хамгаалуулж шууд хорьсон. Хоригдсон газар бохир заваан, үнэр танар гэж авах юмгүй. Хүйтэн шаланд, жорлонгийн үүдэнд хүртэл хүмүүс хувцсаа дэвсээд хэвтэж байсан. Монгол Улсыг тив, дэлхийд төлөөлж цаашлаад олимпод бэлдэж буй тамирчид ийм муухай газар орж юм, юм үзнэ гэдэг арай л хэтэрхий байлаа" хэмээн тэрбээр болсон бүх үйл явдлыг хэвлэлийнхэнд ярилаа.
-Монгол хожигдчихжээ-
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн өчигдөр цахим ертөнцөд жиргэсэн жиргээ олны анхаарлыг татлаа. Тэрбээр, өөрийн твиттер хуудсандаа “Английн Риотой хэрүүлтэй, Канадын Хан ресурстой шүүхтэй, Францын Ареваг хулхидсан, Германы Siemens-ийг гомдоосон, Peadoby нутаг буцсан. Хэн хожив” хэмээн жиргэсэн байсан юм. Мэдээж энд хэн ч хожоогүй.
Баялгийн үндэсний үзэл гэгчийн синдром жинхэнэ утгаараа энэ улсад нүүрлэчихсэн. Хууль баталж тоглодог, том ордуудаа эзэмших гэж улайрдаг, хувь эзэмших хүслээ хүчээр тулгах, үндэстэн дамнасан корпорациудтай үргэлж зөрчилдөх зэргээр илэрдэг синдром энэ үзлээр илэрдэг хэмээн улс төр судлаачид хэлдэг. Уул уурхай, Гадаад хэрэг, Аж үйлдвэр зэрэг баялаг бүтээгч яамдууд хөрөнгө оруулах сонирхолтой хар шар зүсэн зүйлийн хүмүүсийн хөлд дарагдчихсан байдаг цаг. Гэтэл гадны хөрөнгө оруулагчдын бараа зүс эдгээр яамдуудаар харагдахаа больсныг нуугаад яах вэ. Нүсэр техникийн дуу тэнгэрт хадаж байх хаврын улирал дуусах дөхөж байхад гадны хөрөнгө оруулалт сэргэхгүй байна. Доллар орж ирэхгүй нь.
Нүүрсний үнэ улам унаж байна гэсэн таагүй мэдээллийг салбарын яамнаас хийлээ. Хүн нэрээ тогос өдөө гэдэг. Харин Монгол Улсын төр засгийн өндөрлөгт суугаа эрхмүүдэд энэ үг хамаагүй бололтой. Гадны олон ч хурал уулзалтад Төрийн тэргүүнээсээ эхлээд очиж “Монголд тавтай морил” хэмээн урьж залсан ч тэд ирсэнгүй. Эхлээд бодлогоо тодорхой болгочих. Дараа нь бид очно гэсэн шаардлага тавьдаг гэнэ. Дампуурлаа зарлахыг хүсээгүй л бол Монгол Улсад битгий хөрөнгө оруул хэмээн нууц далд сүлбээний уулзалт хурлын үеэр уриалдаг талаар Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байсан ч мөн л шүүхээс салахаа больсон танил Япон маань ярьж байв. Тэд тус бүртээ үйл ажиллагаа явуулдаг, салбартаа хүчтэй өрсөлдөгчид ч хөрөнгө оруулсан улс орнуудынхаа талаар мэдээлэл ямагт солилцдог аж.
Тэр үед бидний талаар үргэлж таагүй мэдээлэл хуваалцах болсныг энд зориуд онцлон хэлье. Канадын “Саусгоби Сэндс” компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Филиппиний иргэн Хиларион Кажуком “Миний карьер үгүй болчихлоо. Би энэ улсаас хэзээ явахаа мэдэхгүй байна” хэмээн ярьж байсныг “Блүүмбэрг” сануулж байсан удаатай. “Үнэхээр гайхамшигтай. Яг л Холливудын кинонд гардаг шиг намайг баривчилсан. Харин яагаад баривчилсан бэ гэдгээ надад тайлбарлаагүй.
Барууны компанийн засаглалын талаар цагдаа нарт мянга түм тайлбарласан ч тэд намайг ойлгоогүй. Тийм зүйл мэдэхгүй гэж хэлсэн” хэмээн Монгол Улсаас гарах эрхээ хоёр жил хасуулсан Австралийн иргэн Сара Армстронг дэлхийн хэдэн зуун хэвлэлд ярилцлага өгөхдөө ярьж байлаа. Хилс хэрэгт гүтгүүлсэн хэмээн улсынх нь Ерөнхийлөгчийн уучлалыг хүртээд буцсан Саусгоби Сэндсийн удирдлагууд өнөөдөр дэлхий нийтэд бидний тухай аль бүтэхгүй талаас нь ярьж явна.
Ийм байхад хөрөнгө оруулалтын талаар ярих хэрэг байна уу. Хөгжих тухай мөрөөдлөөр сэтгэлээ ч хуурах шаардлага алга. Бид баялгаа ашиглуулж байж л хөгжих учиртай. Хоёр талаасаа хүчирхэг том гүрнээр түшүүлсэн, далайд гарцгүй улсын хувьд дангаараа уул уурхайгаа ашиглаад хэзээ ч Азийн бар улс болж чадахгүй. Нүүрс, зэс, алтны арвин их нөөцтэй ч техникийн хүчээр зодож буй акулуудын дэргэд бид голын жижигхэн жараахай төдий.
Үргэлжлэлийг эндээс
-Газар олголтын “балаг дуусахгүй нь ээ”-
Засаг замбараагүй газар олголтыг эрх мэдэлтнүүд халаас зуузаантангуудад өгчихдөг. Барилга барих гэж буй нөхдүүд ч гэсэн барьж л байвал болоо гэсэн шиг хотын төвд л бол хамаагүй ханддаг болоод удаж байна. Нийтийн эзэмшлийн газар орон сууц барьж болохгүй хэмээсээр байхад барилга барих сууриа ухаж хэдэн давхар байшин сүндэрлүүлж орхидог нөхдүүдэд сургамж болсон үйл явдал өнгөрөгч сарын сүүлээс эхлэн өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юм.
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцыг цагдаагийнхан хамгаалалтад авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийсэн.
Эхнээсээ сүр дуулиан болгож 16-р байрыг хэзээ мөдгүй нурлаа хэмээн олон нийтэд мэдээлчихээд араас нь “Танай байр зүгээр байна аа, орж болно” гэхэд асуудал намжина гэвэл эндүүрэл. Монголын барилгын салбарын эмгэнэл болох газрын наймаа, хувийн хэвшлийнхэнийн бизнесийн сүлжээ, ил, далд хууль бус үйлдэл, дүрэм журмыг дуртай нь зөрчдөг үйлдлээ үүгээр зогсоох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл 240 гаруй хүн зочид буудалд байрлаж байгаа. Бэхэлгээг хийж дуустал оршин суугчид гэртээ харих боломжгүй юм.
Ийнхүү барилгын салбарын "эмгэнэл"-ээ зарлаж буй нь тод жишээ болсон үйл явдал дуусахгүй нь ээ. Анхнаасаа зөвшөөрөлөө ном журмаар нь аваад хотын зах руу дулаан тохилог орон сууц барьж худалдсан бол ашигтай байх байсан биз. Хуулиа гууль болгодог улс өдөрт 240 гаруй хүнийг хооллож ундалаад буудлынхан мөнгийг төлөхгүй яахав.
Энэ байрны асуудлыг шийдээгүй байхад дахиад л байшин барих зайгүй газар барилга барихаар нухаа ухчихсан байна. Газар олголтын балаг дуусахгүй үргэлжилж буй нь түгшүүр дагуулж байна гэхэд буруутахгүй. Оршин суугчид гадаа нарлах саравчгүй болж, хүүхдүүд тоглох ч эрхгүй гэртээ бүгэх болж байгаа нь харамсалтай. Хотын мээрээ энэ нийслэл хотынхоо газар олголтыг зогсоовол яасан юм. Гэхдээ, иргэдэд олгож буй 0.7 га газар олголтыг хэлээгүй юм шүү. Зах замбараагүй эрх мэдлээ ашиглан мөнгөний төлөө хийж буй үйлдлийг зогсоож өгөөч.
Аягүй бол дээрх 16-р байр шиг олон янзын тайлбар гаргаж ирээд таны толгойг эргүүлсэн яриагаа ахиж ярьж мэднэ. Учир нь дараагийн асуудал дагуулах барилгын ажил хэдийнээ эхэлж. Иргэдийн эрх ашгийг боомилж байна. Анх гарааш барина хэмээсэн нь дөрвөн давхар үзвэрийн танхим барихаар барилгынхаа суурийг ухаж эхэлжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрийн 9А байрны хажуу бөөрөнд барилгын суурь ухаж эхэлжээ. Уг газарт “Улаанбаатар синема” буюу тэнгис кино театрынхан барилгынхаа өргөтгөлийг хийхдээ зэргэлдээх орон сууцанд оршин сууж буй олон арван иргэдийн амгалан тайван байдал болоод эрүүл орчинд аж төрөх эрхийг бүдүүлгээр зөрчиж эхэлсэн байна.
Тус байрны оршин суугчид барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй гэдгийг нотолж байгаа юм. Хууль бус энэхүү үйлдлийг зогсоохыг тус компанийн удирдлагууд болоод дүүргийн эрх мэдэлтнүүдэд удаа дараа ханджээ. Харамсалтай нь, эрх мэдэлтнүүд болон “Улаанбаатар синема” компанийнхан оршин суугчдын эсэргүүцлийг огтхон ч сонсоогүй мэт аашилж байгаа нь Монгол улсын хуулийг уландаа гишгэж буй хэрэг.
Иргэд нарлах газаргүй болж, мөд Зайсан толгойд ч салхилж амрах эрхгүй болох гэж буй талаар өмнө нь мэдээлсэн. “Жи эн Моторс Тур” ХХК хууль бус үйлдлээ зогсоохгүй байхаар шийдэв үү Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй, түрүүвч нимгэн хүнд хууль хатуурхдаг нийгэмд бид амьдраад байгаа бололтой.
-Ой тогтоолтын ОУ-ын аварга Т.Энхжин “дэлхийн рекорд” -ыг эвдлээ-
Ой тогтоолтын ОУ-ын аварга Т.Энхжин "Images" төрөлд ДЭЛХИЙН РЕКОРД тогтоолоо. Тодруулбал, АНУ-ын Сан Диего хотод энэ амралтын өдрүүдэд болсон ой тогтоолтын олон улсын аварга шалгаруулах “Extreme Memory Tournament” тэмцээний "Images" буюу дүрс чээжлэх төрөлд тэрбээр өрсөлдөж 30 дүрсийг ердөө 14 секундэд чээжлэн алдаагүй нэрлэснээр төрөлдөө тэргүүлээд зогсохгүй 2000 ам.долларын шагнал хүртсэн юм.
Түүний дасгалжуулагчаар Б.Баасандорж ажиллажээ. Тус тэмцээн дэлхийн шилдэг 24 тамирчны дунд явагдсан, 76000 ам.долларын шагналын сантай аж. Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн таван тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцсон юм. Дэлхий дээд амжилт тогтоосон Т.Энхжингийн хувьд тус тэмцээнд оролцохоор шалгарсан хамгийн залуу, 17 настай тамирчин билээ.
-ХААН банканд Монголын аж ахуй нэгжүүд “залгиулж байна”-
Hunnu.mn вэб сайт ХААН банк шүүгч нарт орон сууцны зээл олгодгоороо далимдуулан шүүхийн шийдвэрт нөлөөлөх бичгийн Дээд шүүхэд гаргаж өгсөн баримтыг дэлгэсэн билээ. Тэд үйл ажиллагаагаараа шүүгч нарыг “барьцаалж” өөрт ашигтай шийдвэрүүдийг гаргадаг байна. Хуулийн байгууллагынханы хэлж буйгаар бол шүүх хуралд ХААН банк нэг ч удаа ялагдаж байгаагүй гэх. Магадгүй энэ нь ийнхүү шүүгч нарт нөлөөлдөгтэй холбоотой байж ч болох.
Тиймээс л шүүгч нарын цалингийн асуудал яригдаж, шүүгч нарын нийгмийн асуудал хүнд, орон сууц, хашаа байшингийн зээлтэй байдаг учраас нөлөөлөлд автаж, шударга бус шийдвэр гаргаж байна гэх үгс яригдах болсон байна. ХААН банк Нийслэл Улаанбаатар болон бүх 21 аймгийн бүх суманд салбартай. Малчид ХААН банкнаас малаа барьцаалан зээл авч, зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй хотоо харлуулж буй тухай өмнө нь хэд хэдэн удаа чих дэлсэж байсан боловч тэгс гээд л нам дарагдсан юмдаг.
Харин энэ удаад бид олон нийтэд хэрэгтэй эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуй нэгж ХААН банкны башир арганд унаж, эцэстээ хохирч, олон жилийн турш асуудлаар шийдвэрлүүлэхэр шүүхээр явсан боловч, эцэстээ хөрөнгөө хураалгахад тулаад буй хэргийн тухай цуврал баримтыг дэлгэхээр төлөвлөөд байна. Эндээс бид Монголын шүүх байгууллага шударга ажиллах нөхцөл боломжгүй болсоныг харж болно. Мөн ХААН банкнаас аж ахуй нэгж, үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжихээсээ илүүтэйгээр хөрөнгийг нь, оюуны бүтээлийг нь дээрэмдэх “Дээрмийн” ажиллагаа явуулдаг болохыг ч болж мэдэж болох юм. Монгол улс үйлдвэрлэгч орон болохгүй бол болохгүй нь гэх үгийг Эдийн засагч, Улстөрчид бүгд л хэлдэг. Гэвч тэдний энэхүү үг хий хоосон үг болох нь амьдрал дээр нотлогдсоор л... Үнэхээр брэнд үйлдвэрлэе. Импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг бий болгоё гэж үнэн сэтгэлээсээ хүссэн бол үйлдвэрлэл эрхлэгчдээ ХААН банк гэх “мангасын аманд аваачиж тарчлаахгүй л байх байсан” биз.
Ирэх долоо хоногт бид “Сэлэнгэ хангай” ХХК, “Мон Апи” ХХК болон ХААН банк гэсэн гурван байгууллагын дунд үүсээд байгаа маргааны талаар дэлгэрэнгүй мэдээллэж, баримт дэлгэж, хэргийг төрийн байгууллагууд хэрхэн чирэгдүүлж буй тухай цувралынхаа нэгдүгээрхийг хүргэх болно. Ямар байгууллагыг ХААН банк, шүүх хоёр дундаа хавчин дампууруулж, ард түмэнд хэрэгтэй үндэсний үйлдвэрлэлийг хэрхэн нурааж буйг харуулах болно. Монголын брэнд ярьдаг, импортыг орлох бүтээгдэхүүнийг “амаараа мөрөөдөгчид” бидний цуврал нийтлэлийг уншиж, нэгийг бодож, хоёрыг тунгаана гэж найдъя.
Н.Чинзориг /Эх сурвалж: www.hunnu.mn/
-Ц.Оюундарь: Надад мэдэгдэхгүйгээр програм эвдэж захиалгат нэвтрүүлэг гаргахыг үзэв-
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр МҮОНТ-ийн телевизийн эфирийн программыг өөрчилж, захиалгат нэвтрүүлэг гаргажээ. Энэ тухай МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Тэрбээр энэхүү үйлдэлд УИХ-ын дарга З.Энхболдыг буруутгасан байна. Тодруулбал, тэрбээр “ОНРТ тэнцвэртэй мэдээлэл гарга гэдгийг З.Энхболд та дандаа тавьдаг. Хянах нэг арга нь хөтөлбөр батлах явдал! Дураар эвдээд байвал хянах аргагүй!”, “Батлагдсан хөтөлбөрийг эвдэнэ гэдэг эфирийн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үг! Ийм ч учраас хууль тогтоогч З.Энхболдод постоо mention хийсэн юм”, “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр супер сюрприз барьсан З.Энхболд, Д.Энхтуяа нартаа баярлалаа!” “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн "бэлэг"-Эрдэнэс ТТ захиалгат нэвтрүүлгийг надад мэдэгдэхгүйгээр програм эвдэж MNB-гээр гаргахыг үзэв” гэх зэргээр жиргэжээ. Ямартай ч тухайн өдрийн эфирийн программд ҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа өөрчлөлт оруулсан гэнэ.
Баримтыг эндээс
-Африкийн хүүхдүүдэд хайр түгээсэн Монгол бүсгүй-
М.Эрдэнэхүү гэх энэ бүсгүй өөрийн сайн дураар Африкийн хүүхдүүдэд тусалсан байна. Хүнд тус мундахгүй. Хэдийгээр өлсгөлөн, өвчин зовлонд нирвэгдсэн хүүхдэд эм тариа, хоол хүнс чингэлэг чингэлэгээр нь ачиж очихгүй ч тэдэнд сэтгэлийн дэм, амьдрах итгэл өгнө гэдэг сайхан.
Тэрээр энэхүү сайн үйлс, үйл хэрэг, үзэл бодлоо өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан байна. Товчхон сийрүүлвэл, Монголчууд бид азтай. Би Африкт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй 7 хоногт хоёр удаа ажиллаж байлаа. Зүгээр тэдтэй инээлдээд тоглоод л. Тэр хүүхдүүд хоолгүй, ДОХ-ын вирустэй болохоор бие нь улам мууддаг. Тэдний бие өдөр ирэх тутам муудаж байгаа нь маш хэцүү. Зарим хүүхдийн ээж 13-15 насныхан. Монголын эрүүл мэндийн чиглэлээр төгсч байгаа залуус энэ мэт өөр улс орноор явж сайн дурын ажил хийж мэдлэгээ улам дээшлүүлээсэй гэж бодож байна. Би эмч биш, эрүүл мэндийн салбарын ажилтан ч биш. Монголд хөгжлийн брэхшээлтэй хүүхэд болно өвчтэй зовлонтой хүүхдүүдтэй ойр ажиллаж байсан. Мөн би өрх толгойлсон ээж байсан болохоор ийм эцэг эхчүүдэд чадлынхаа хэрээр туслахыг боддог. Би өөрийн жижиг компанийн хажуугаар олсон хэдээсээ иймэрхүү зүйлд зарцуулдагтаа үнэхээр сэтгэл ханамжтай явдаг. Машин авахын төлөө, гоё гар утас барихын төлөө биш сэтгэл санаа, мэдлэгээрээ баян байгаасай гэж хүсдэг. Манай залуучууд нэг үеэ бодвол сайн үйлс их хийдэг болж байгаад би бахархаж байна. Монголчууд минь цайлган сайхан сэтгэлтэй ард түмэн хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Үнэхээр түүний хүсэж байгаа шиг монголчууд бие биенээ хайрлаж, сайхан сэтгэлийг түгээж байх болтугай.
Гэрэл зургуудыг эндээс
-Б.Жаргалсайхан цагаасаа хоцорч, сэтгүүлчид гар хүрчээ /бичлэг/-
“Ийгл Ньюс” телевизийн энэ сарын 1-ний “Зочны цаг”-т ярилцлагад БНН-ын дарга Б.Жаргалсайхан оролцох байжээ. Гэтэл тэрбээр цагаасаа 30 минут хоцорч ирсэндээ уучлалт гуйх нь бүү хэл асуудал үүсгэж сэтгүүлчид гар хүрчээ.
Тухайн өдрийн 17:00 цагт ээлжит “Мэдээний өрөө” хөтөлбөр эхлэх байсан тул 30 минутын ярилцлага явуулах боломжгүй болсон гэдгийг Б.Жаргалсайханд тайлбарлаж хэлсэн боловч студид ийнхүү танхайрчээ. Улс төрд ороод олон жил болж буй хүн телевизийн эфир тодорхой цагийн хуваариар явагддаг гэдгийг мэддэг баймаар.
-“Хөсөгтөн” хамтлаг сүүлийн шатанд шалгарч үлдлээ-
Asia s got talent шоуны сүүлийн шат өчигдөр орой болж Хөсөгтөн хамтлаг дахин шуугиан дэгдээж чадлаа. Сүүлийн шатны санал асуулга 5 сарын 11-ны 23:59 цаг хүртэл явагдах бөгөөд Элэг нэгт Монголчууд та бүхэн саналаа идэвхитэй өгөөрэй Asias Got Talent -д санал авах 3 төрлийн боломж бий.
Asias Got Talent -д санал авах 3 төрлийн боломж бий.
Үүнд:
1. Малайз, Сингапур, Филлипин, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Хонг Конг, Индонез, Тайландад амьдардаг бол AGT12 гэж мессеж бичин санал өгөх ба санал өгөх дугаарыг доорхи хаягаар орон харна. http://asiasgottalent.tv/vote/
2. Фэйсбүүкийн AsiasGotTalent -н хуудсан дээрх апп -г ашиглан өгнө.http://www.facebook.com/asiasgottalent/app_1598372720404428 Энэ хаягаар нэвтрэн ороод Khusugtun гэж сонгоод саналаа өгөх бөгөөд найзуудаа бас уриарай.
3. Та ухаалаг утастай бол "Asia's Got Talent" гэсэн апп -г утсандаа суулган Khusugtun гэж сонгоод саналаа өгөх юм. Эсвэл http://fbvotenow.asiasgottalent.tv/ энэ хаягаар өгөөрэй
-Азийн аварга болсон Э.Бэхбаяртаа баяр хүргэе!-
Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр Азийн аварга боллоо. Тэрбээр Катарын Доха хотноо зохион байгуулагдаж буй бөхийн чөлөөт барилдааны 57 кг-ын жинд хүч үзсэн юм. Манай тамирчин дэлхийн оюутны аварга Японы Ф.Моришитаг 5-0, Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Рахул Аварег 8-5, Инчон-2014 Азийн наадмын аварга Ардчилсан Солонгосын Жон Хак Жинийг 3-2, дэлхийн оюутны Универсиад наадмын дэд аварга Кыргызстаны С.Надырбек-Улуг 4-1 оноогоор ялж Азийн аварга боллоо. Э.Бэхбаярт болон түүний багш дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ, олон улсын шүүгч Л.Болормаа нарт баяр хүргэе.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
Зочин · 2015/05/10
http://MyReferralPay.com/index.php?ref=27688 ene haygaar burtguuleed orlogoo nemegduuleerei