Ялалтын баярын мэндийг дэвшүүлье
2015/05/09
Өнөөдөр манай хойд хөрш ОХУ-ын нийслэл хотноо оросын ард түмэнд Гитлерийн Германы армийг бут цохисоны 70 жилийн ой тохиож байна.
Оросууд энэ баярыг Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдөр гэж нэрлэдэг. Ялалтын баярыг тэмдэглэж ирсэн 1945 оноос хойш хамгийн их буюу 16 мянга гаруй цэргийн албан хаагч баярын парадад оролцох юм.
Мөн хуурай замын цэргийн 194 техник, 143 онгоц, нисдэг тэрэг оролцож баяраа тэмдэглэхээр бэлтгэлээ базаажээ. Гитлерийн Германыг бут цохиход оросын ард түмэнтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан арав гаруй орны цэргийн төлөөлөл Улаан талбайд хөл тавихын нэг нь Монгол цэргүүд байна.
ОХУ-ын удирдагчид энэ баяраар цэргийн шинэ зэвсэглэлүүдээ олны өмнө ил гаргана. Оросын цэргийн сүүлийн танк болох “Армата” олны анхаарлыг ихээр татаад байгаа бөгөөд харсан хүн бүр “үнэхээр сайхан амьтан юм” хэмээн шүүрс алдаж байгаа талаар Оросын хэвлэлүүд онцгойлон цохин тэмдэглэн бичлээ.
Харин манай улсад Ялалтын баярыг тохиодуулан БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ОХУ, Казакстан, Беларусь зэрэг улсын Элчин сайдууд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Мөн Чингисийн талбайд 14.00 цагаас Ялалтын баяр эхэлнэ.
Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаал Москва хотын цагаар 10.00 цаг, Улаанбаатар хотын цагаар 16.00 цагт эхэлнэ. Ялалтын баярын парадыг МҮОНТ-ийн нэгдүгээр суваг, TV5, UBS телевизээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд шууд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар ЗХЖШ-ын БХЗГ-ын дарга, бригадын генералын Ж.Бадамбазар, БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Г.Лүндэн нар ажиллах юм. Харин 19.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулна. Төгсгөлд нь 22.00 цагт Чингисийн талбайд 5-10 минутын ёслолын буудлага буудна.
Олон хүнийг уй гашуунаас салгасан аугаа их баярын мэндийг дэвшүүлье.