Ашиглалтанд орсон орон сууцнуудын 80 хувь нь борлогдоогүй. Өөрөөр хэлбэл, одоо зах зээлд 30 гаруй мянган орон сууц эзнээ “хүлээж” байна гэсэн үг. Өнгөрсөн онд 7000 байсан бол энэ жил даруй гурав дахин өсчээ. Энэ тоог харахад байрны илүүдэл үүссэн мэт харагдах боловч бодит амьдрал дээр эсрэгээрээ байгаа юм. Засгийн газар, Монголбанктай хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 67 мянган иргэн энэхүү зээлд хамрагджээ.

Эрэлт их байгаа ч гэр хороолол өдрөөс өдөрт тэлсээр байгаа нь нөлөөлж буй.  Орон сууцны урьдчилгаа төлбөр өгөх мөнгөгүйгээс болоод залуу гэр бүл уг зээлд хамрагдаж чадахгүй үлдэж байгааг олон хүн мэднэ. Залуу гэр бүлийг дэмжиж байгаа гэх уриатай ч зээлийн шаардлагын босгыг алхаж чадалгүй маш олон залуус хаалганы гадна үлддэг. 

Тэгвэл Засгийн газар орон сууцны урьдчилгаанд өгдөг байсан 30 хувийг 10 болгож буйгаа зарласан. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах аж. Тэгэхээр банкныхан 30 хувиа авч байж, зээл гаргадаг систем нь хэвээрээ гэсэн үг. Мөн орон сууцны талбайн хэмжээг 80 м.кв-аас доош хэмээн заасан байсныг цуцалж, талбай харгалзахгүй зээлд хамрагдах боломж бүрдүүлнэ гэдгийг албаны хүн онцлоод авсан. Засгийн газар орон сууцны эрэлтийг дэмжиж, нөгөөтэйгүүр борлуулалт нь зогсонги байдалд орсон барилгын салбарыг дэмжсэн бодлого хэмээн холбогдох албаныхан тайлбарласан. 

Монголбанкинд ипотекийн зээлээс хуримтлагдсан 400 гаруй тэрбум төгрөг байгаа аж. Төвбанк дэд хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын үнийг тогтвортой байлгах зорилгоор 235 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 100 компанид олгосон байна. Орон сууцны барилгын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд зориулж 355 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгосон. Үүнээс 42 компанийн 221 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкууд шийдвэрлэсэн аж.  

Барилгын салбарт нэг их наяд орчим төгрөг “түгжигдсэн” гэх мэдээлэл бий. Энэ нь ханшийн уналт, худалдан авах чадвар муудсан, банкуудын зээлийн хүү өндөр байгаагаас үүсч буй ч хурдан хугацаанд өгөөжөө өгөх салбар хэмээгддэг.

Энэхүү ипотекийн урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа уг асуудлыг нэгдсэн чуулганаар шийдвэрлэчихвэл сайн байна гэх хүн олон байна. 

 

 

Х.Даваа