Amjilt.com сайт Дээд шүүх дээр ялалт байгууллаа
2015/05/12
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар ардчилсан нийгмийн эрхэм нандин үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөнд эрээ цээргүй халдаж, Amjilt.com сайтыг хууль бусаар хаасан нь гурван шатны шүүхээр нотлогдлоо.
Amjilt.com сайтын сэтгүүлч “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Хаан жимс амралтын газар туул гол руу бохироо асгаж” байгаа тухай фото зураг бүхий баримт нотолгоотой мэдээлэл нийтэлсний дараа ХХЗХ-оос ямар нэгэн үндэслэлгүйгээр шууд хаасан юм. Хэдийгээр энэхүү хууль бус үйлдлийг Монголын Сайтын Холбоо болон нийт сайтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үед шуурхай мэдээлж тэмцсэн боловч эрх баригчид өөрсдийн бурууг сайтад тохож, Ерөнхий сайдыг эрс хамгаалсан билээ.
Харин Amjilt.com сайтын зүгээс захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол гаргаж, үүний дагуу Харилцаа Холбооны Зохицуулах Хороог хариуцагчаар татсан. Тус сайтын удирдлага, ажилчид 10 сарын турш цалинтай, цалингүй тууштай тэмцсэний эцэст Шударга үнэн ялж, өчигдөр amjilt.com сайт Дээд шүүх дээр заргаа авч чадлаа. ХХЗХ-оос amjilt.com сайтыг хаах болсон шалтгаанаа тайлбарлахдаа тус сайтыг “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын дөрөв буюу Контентын агуулгад тавигдах шаардлагыг зөрчсөн хэмээн мэдэгдэж байсан ч, тэдний мэдэгдэл болон үйлдэл хууль бус гэдгийг шүүх тогтоолоо. Тиймээс тус хорооноос гаргасан эрх зүйн баримт бичгүүд нь хуульд нийцээгүй, тус газар нь хууль бус үйл ажиллагаа явуулдаг нь үүгээр нотлогдлоо. Мөн Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны удирдлагууд гаргасан алдаагаа залруулж болох байсан ч 10 сарын турш amjilt.com сайтыг хууль бусаар хааж /Монголоос хандах хандалтыг нь хязгаарлаж/, “хар лист” гэгчид брэнд нэрийг нь байршуулж, бизнесийн нэр хүнд, ажилчдынх нь эрх ашийг ноцтой хохироолоо.
Тиймээс Amjilt.com сайтыг хууль бусаар хааж, хохироосон Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тус сайт учирсан бүх хохирлоо нэхэмжлэн барагдуулах болсныг мэдэгдэж байна.
Эрх баригчдын хууль бус, увайгүй үйлдлийн эсрэг тууштай тэмцэж, тэдний булхайг илчилж чадсанаараа Амжилт.сом сайт нь Монгол улсын цахим сэтгүүлзүйн салбарын түүхэнд тодоос тод бичигдэн үлдэх хүндтэй гавьяаг байгуулж чадлаа.
Монголын Сайтын Холбооны зүгээс Амжилт.сом сайтын хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсч байна. Мөн Амжилт.ком сайтын өмгөөлөгчөөр ажилласан “Хиймор Хүннү” болон хууль зүйн холбооны хамт олны нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.
Монголын цахим сэтгүүлзүйн хөгжил дүрэлзэн бадрах болтугай.
Монголын Сайтын Холбооны ажлын алба
Жич: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн амралтын газар Туул гол руу бохироо асгаж байгаа бусармаг үйлдлийг илчилсэн Amjilt.com сайтын гэрэл зургийг дахин нийтэлж байна. Мөн тус амралтын газрыг Улсын мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох байгууллагаас шалгаж, буруутай эсэх нь тогтоогдох хүртэл үйл ажиллагааг нь зогсоохыг Бид шаардаж байна.
Зочин · 2015/05/13
Ингэж байхын оронд алдаагаа засчиж болдоггүй л юм байх даа, өчнөөн мөнгөтэй байж. Шал дэмий засварлах мөнгөөрөө нэг сайтад өгч, бас нэр хүндээ алдаж байдаг.
өндөр болгох нууц · 2015/05/12
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс АВААРАЙ. ҮНЭ: 22 000₮