Монгол улсын хэмжээнд 450 000 гаруй автомашин байдаг. Өдөрт 2900-3000  орчим жолооч дүрэм зөрчиж торгуулдаг байна. Гэсэн ч өнөөдөр дүрэм  зөрчиж байгаа хүмүүс ухамсаргүй,  хэнэггүй байдал, жолоочийн үүргээ биелүүлэггүй, бусдыг дагалдаж замын хөдөлгөөнд оролцдог  цагдаа байхгүй газар дураараа аашиладаг. Жолооч нарын хувьд хамгийн их  дур зоргоороо аашилдаг газар нь байрныхаа гадаа гэж хэлж болно.  Өөрөөр хэлбэл  орцныхоо үүдэнд, явган хүний зам дээр машин тавих нь хэвийн үзэгдэл болоод байна. Хол явахгүй, цонхон доороо тавьчихна. Гаргасан зөрчил дээр нь цагдаа арга хэмжээ тооцох болбол бусдын хөдөлгөөнд саад болоогүй, зогсоол олдохгүй байна, энэ зогсоол төлбөртэй, одоохон энэ хүнийг буулгачхаад хөдлөлөө,  энэ жолооч ингээд зогсчихсон байхад би яагаад зогсож болдоггүй юм бэ бусад ингэж зогсссон жолоочийг торгохгүй байж намайг торгох гэлээ гэсэн тайлбартайгаар явган хүний зам дээр машинаа байрлуулдгаа жолооч нар  хэлж байна. Харин энэ нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа хэрэг юм. Тодруулбал МУ-ын ЗХД-ийн 2.7е-д  “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явахыг хориглодог.  Мөн  дүрмийн 11.5 б-д “Явган хүний гарц дээр буюу түүнээс 5 метрийн ойр зайд зогсохыг хориглодог” гэсэн заалтууд байсаар байхад жолооч нар ийнхүү тав алхахаасаа залхуурдаг заавал тухайн хүрэх газрынхаа үүдэнд зогсож бууж суудаг, ойрхон зогсоол байсаар байтал машинаа тэнд зөв байрлуулъя гэсэн бодолгүй байна.

 

Таны харж байгаа энэ зураг  бол  БЗД-ийн 4-р хороо 42-р байрны гадаа  машин тавьсан байдал.  Найман орцтой тус байрны  2-р орцноос 8-р орц хүртэл  машинууд ийнхүү явган хүний зам дээр машинаа байрлуулдаг байна.  Ийм байдалтай сүүлийн  таван жил байгаа юм. Дүрэм зөрчиж байгаа мэдээллийг тогтмол Замын цагдаагийн газарт хүргүүлж байгаа бөгөөд  торгуулийн арга хэмжээ авч байгаа аж.  

Хэрвээ дээрх зөрчлийн удаа дараа гаргаж байгаа бол  Монгол улсын ЗХТХ-ийн 25-5-д “ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн  хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ” авч болно  гэж заасан байдаг.

Хэдийгээр энгийн жижиг  асуудал  мэт боловч  хүүхэд зам тээврийн осолд өртөх шалтгаан юм.  Тиймээс бусдыг болон өөрийгөө бодож  явган хүний зам дээр машин тавихгүй байхыг нийт жолооч нартаа анхааруулж байна.  

Э.Мөнгөн