Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын өнгөрсөн даваа гаригийн ээлжит хуралдаанаар нэгэн шийд­вэр гаргасан юм. Төсвийн байгууллагын дарга нарын унадаг жип машинуудыг хураан авахаар болов.

Энэ маши­нуудыг Засгийн газрын автобаазад төвлөрүүлж, нэгдсэн журмаар гэрээ­ний үндсэн дээр тээв­рийн үйлчилгээ үзүүлж ажиллана хэмээн шийджээ.

Мөн Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга “Хураасан жипүүдийг ХХЕГ, түүний харьяа хилийн заставууд, хилийн мэргэжлийн хяналтын албадад хуваарилна” гэж мэдэгдсэн. Эндээс үзэхүл дарга нарын унаж байсан Lexus-570, Landcruiser 200 машинууд төрийн албанд түрээсээр явна, мөн хилийн цэргийнхэн, мэрэгжлийн хяналтынхны унаа болох юм байна.

Харин Засгийн газрын энэхүү шийдвэрийг олон нийт төдийлэн дэмжихгүй байна. Учир нь хураасан жипүүдийг нэгээс авч нөгөөд нь өгсөн чанарыг ялгаагүй шийдэл боллоо гэж үзэж буй юм. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүйтэй адил яам, агентлагуудын хэрэглээнд явж байсан  Lexus-570, Landcruiser 200 машинууд ХХЕГ, МХЕГ-т харьяалагдах болж байгаа аж. Энэ байгууллагууд ч бас төсвөөс санхүүждэг хөдөө хээр хилээр явахад энэ төрлийн жип машинууд хэр зэрэг тохиромжтой вэ гэдгийг ч бодох ёстой гэцгээж байна. Түүнээс гадна машинуудын заримыг Засгийн газрын автобаазад байлгаж байгаад төрийн байгууллагуудад түрээсээр ашиглуулна гэсэн нь бас л  төсвийн нэг байгууллага нөгөөдөө түрээсийн төлбөр шилжүүлэх гэдэг дамжлага үүсч байгаа хэрэг юм.

 

Б.ДАМДИН

"Зууны мэдээ" сонин