Нийслэл хотын хөгжилд миний аавын оруулсан хувь нэмэр
2015/05/14
Хүн бүр хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байж гэмээнэ нийслэл хот маань улам бүр хөгжинө. Бидний аав ээж, ахмад үеийнхний оюун ухаан, бүтээлч хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн хүчээр бий болсон Улаанбаатар хотод бид амьдарч байна. Орчин үеийн хотын түүх нийслэл хотыг Улаанбаатар гэж нэрлэсэн үеэс эхэлжээ. Энэ нь Нийслэлийн МАН-ын байгууллага байгуулагдсан үетэй нас чацуу юм. Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсан 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд тус байгууллагад залуу нас, авьяас чадвараа зориулж явсан буурлуудаа эргэн дурсаж байна. Тэдний нэг нь Бат-Очирын Алтангэрэл. Тэрбээр 1963-1987 онд Нийслэлийн намын хороог удирдаж байжээ. Өнөөдөр Алтангэрэл агсны гэр бүлийнхэн, намын гишүүд түүний нэрэмжит гудамжны хаягийг шинэчилж, “Алтангэрэл сан” байгууллаа. Түүний хүү Амарсайхан нийслэлийн МАН-ын хороонд ажилладаг. Амарсайхан аавынхаа тухай ийнхүү дурсан ярьж байна.
Нийслэл хотын удирдлагад миний аав 25 жил ажиллажээ. Засгийн газарт очиж ажиллаж байхдаа ч нийслэл хотынхоо асуудлыг үргэлжлүүлэн хариуцаж байлаа. Аав маань ухамсарт амьдралынхаа 40 гаруй жилийг нийслэл хотын бүтээн байгуулалтад биечлэн оролцож байсан байна. Хотын удирдлагад ажиллаж байхдаа ахмад, дунд, залуу үеийн хүмүүстэй гар нийлж, ажилласныг үе үеийнхэн мэдэх байх. Нийслэл хотдоо тасралтгүй 25 жил ажилласан нь олон хүнтэй танилцуулж, нүдийг нь нээж, их зүйл мэдүүлж сургасан гэж аав минь дурсан ярьдаг байсан.
Тухайн үед дагаж мөрдөж байсан Үндсэн хуулийн дагуу намын байгууллага, намын ажилтан ачааны хүндийг үүрч Нэгдмэл нэг санаа зорилго, чанд сахилга бат, зохион байгуулалт их өндөр байсан нь үр дүнгээ өгч байжээ.
Аав маань нийслэлийн арван жилийн 1-р сургуулийг онц дүнтэй төгсөж, ЗХУ-ын Москва хотынХими Технологийн дээд сургуулийг хөргүүлийн инженер мэргэжлээр төгсөөд Мах комбинатын ерөнхий инженер, Хүнсний үйлдвэрийн яамны сайд, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллажээ. 1972 оноос 17 жил Улс төрийн товчооны гишүүн, 1970 оноос 19 жил, Ардын Их Хурлын дарга, 1987-1989 он хүртэл Монгол-Зөвлөлтийн комиссын даргаар тус тус ажиллаж байжээ.
Аавын минь ажилласан бүх хугацаа нь нийслэл хотын эрчимтэй хөгжлийн үе гэж тэр үеийн хот судлаачид тэр дундаа Ичинноров гуай дурсан бичсэн байдаг. Аав хотын намын байгууллагыг удирдаж байсан 25 жилд нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын оргил үе байлаа. Энэ жилүүдэд хотын барилгажилт далайцтай өрнөж, орон сууцны хороолол үйлдвэр үйлчилгээ, соёл шинжлэх ухааны олон арван цогцолборууд байгуулагдаж, нийслэлийн дэд бүтэц үндсэндээ бүрдсэн байна. Түүний санаачилга, идэвхитэй оролцоотойгоор хотын цахилгаан дулаан, түлш, ундны усны асуудал бодитой шийдвэрлэгдэж, 2,3-р цахилгаан станцын өргөтгөл хийгдэж, манай улсын хамгийн их хүчин чадал бүхий 4-р цахилгаан станц баригдаж, жилд 6,0 сая тонн нүүрс олборлох, хүчин чадал бүхий Багануурын уурхайн эхний ээлж ашиглалтанд орж, Багануур Багахангайн төмөр зам, тавигдсан юм. Зөвхөн 7-р таван жилд 70 мянга, 8-р таван жилд 100 мянган хүн шинэ орон сууцанд орж. 6-7-р таван жилд 54 сургууль, 40 ясли цэцэрлэг, Нэгдсэн 3-р эмнэлэг, Халдвартын эмнэлэг, Эх нялхсын төв, Гэмтлийн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн 13 томоохон цогцолбор, төвүүд баригдсан байдаг юм. Хотын дэд бүтцийг хөгжүүлэх, ялангуяа цахилгаан, дулаан, ус, түлш, нийтийн тээвэр, зам, гүүр, үерийн далан суваг барих, нөр их ажил хийгджээ. Хотын үйлдвэрүүд манай улсын үндэсний орлогын 50 орчим хувийг үйлдвэрлэх болж, 1980-аад оны дунд үе гэхэд хотын үндсэн хөрөнгө тэр үеийн ханшаар 16 тэрбум төгрөгт хүрсэн. Төрөлх хотоо хөгжүүлэх ажилд нийслэлийн иргэд, ажилчин албан хаагчид, оюутан сурагчид идэвхитэй оролцож, их зүйл хийж бүтээсэн байдаг. Зөвхөн нэг жишээ дурьдахад, тэр үедээ Хүүхдийн парк гэж нэрлэж байсан одоогийн Соёл амралтын хүрээлэнг нэрлэж болно.
Нийслэлд ажиллахад ачаа нь хүнд ч бахархалтай, бараг амрах зав чөлөөгүй ажилтай хүнийг байнга хөгжүүлэх шинэ соргог зүйлийг мэдүүлж байдаг, санаачилга, хүч хөдөлмөр, зохион байгуулах чадвар шаарддаг ажил гэж аав минь бичиж үлдээсэн байдаг. Хот бол олон талын ажилтай, хүнд өндөр шаардлага байнга тавьдаг, хүнийг тал бүрээр хөгжүүлдэг, залуу насны дайрч өнгөрмөөр ажил даа гэж өөрийн тэмдэглэлд бичсэн нь одоо ч надад сургамж болж байдаг юм.
Аав минь залуу байхаасаа л юмыг мэдэх, шинийг санаачлах сонирхолтой хүн байсан гэж хамтран ажилладаг хүмүүс нь байнга дурсан ярьдагсан. Би хоёр гурван санаачилгыгнь товч дурдмаар байна.
1. 1990 онд Ус-Чандмань эрдэнэ хөтөлбөрийг Япон улсын засгийн газартай хэлэлцээ хийсний дагуу 3 үе шаттай буцалтгүй тусламж авч хэрэгжүүлсэн байдаг. Аав хэлэхдээ хүн, амьтан, ургамал бүх зүйл усгүй бол мөхнө, алт бол зөвхөн зарим хүний хэрэглээ гэдэг байсан.
2. Нийгмийн асуудал залуу үеийнхэнд ихээхэн анхаарч, хүүхдийн парк, номын сан, кино театр, залуу техникчдийн ордон, хүүхэд залуучуудын театр, усан бассейн, хүүхдийн урлан бүтээх төв, олон арван зуслан байгуулахыг санаачилсан байдаг.
3. 1992 онд Барилгын зургийн институт татан буугдаж, хот төлөвлөлт бараг үгүй болох тэр мөчид өөрийн санаачилгаар Нийслэлийн Хот байгуулалтын хүрээлэн байгуулж, зөвлөхөөр нь насан эцэс хүртэл ажилласан.
Аавын минь нөр их хөдөлмөрийг нийслэл хот маань мартаагүй.Улаанбаатар хотыг байгуулахад онцгой хувь нэмэр оруулсныг нь нийслэл хот өндрөөр үнэлж анхны хүндэт иргэн цол тэмдэг олгосон. Төр засгаас хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одон, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан байдагт би хүүгийн хувьд гүн талархалтай явдаг юм.