Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан СХД-ийн татварын хэлтэс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад "Татвар бидний амьдралд" сэдвээр хичээл заасан байна. 
Ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Татвар бидний амьдралд” сэдэвт сургалтыг 2015 оны 05-р сарын 01-нээс 05-р сарын 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургагч багш нар хичээлийг татвар гэж юу вэ, татварын ангилал, татварын төрөл, татварын зорилго, татварын үүрэг, татварын зарчим гэсэн агуулгын хүрээнд зааж сурагчдад татвар төлөхийн ач холбогдолыг тайлбарлан таниуллаа. Мөн амьжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин хүүхдүүд суралцдаг “Албан бус насан туршийн боловсролын төв”-ийн сурагчдад татварын хичээл зааж, Гэгээн софия католик төрийн бус байгууллага болон хэлтсийн байцаагчдын хандиваар гарын бэлэг, хүнсний бүтээгдэхүүн бэлэглэсэн нь хүүхдүүдийн талархал хүлээсэн үйл ажиллагаа боллоо. Сургалтын төгсгөлд хүүхдүүд Татвар бидний амьдралд хичээлээр олж авсан мэдлэгтээ үндэслэн ээж, аавдаа хандан ил захидал бичлээ. Хүүхдээр нь дамжуулан аав, ээжид нь “Татвар төлөгч танд баярлалаа” талархалыг илэрхийлснээрээ онцлог сургалт болсон юм. Мөн ирээдүйн татвар төлөгчиддөө зориулан Татварын үндэс, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 3 төрлийн онлайн хичээл бэлтгэн гаргаад байна.