БЗД-ийн 15-р хорооны Засаг дарга Г.Гантуяатай ярилцлаа.

– Хорооны засаг даргыг дарамталж, заналхийлж байгаа тухай та мэдээлэл хийсэн. Энэ явдлын эргэн тойронд ямар асуудлууд өрнөөд байна, энэ талаар тодруулж асууя?

– БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон түүний хүмүүс намайг дарамталж, ажил үүргийг минь хүчээр авч байна. Үүндээ хүрэхийн тулд гэр оронд минь хүртэл орж ирж дарамталж, араас машинтай хүмүүс байнга дагаж байна. Миний гэр бүл болон амь насанд минь заналхийлж байна.

-Та энэ бүгдийг илүү тодорхой ярьж болох уу? Яг ямар байдлаар танд нөлөөлж байна вэ?

-2014 оны тавдугаар сарын 19-ний 21:00 цагт БЗД-ийн ИТХ-ын тэргүүлэгч, АН-ын гишүүн, БЗД-ийн “Нийтлэг үйлчилгээний газар-2”-ын дарга Д.Нарангуа, БЗД-ийн 15 дугаар хорооны төлөөлөгч Ж.Баярмаа  нар манай гэрт орж ирж намайг өөрийн хүсэлтээр ажлаа өг, үгүй бол чамтай тулалдана гэхчилэн дарамталсан. Энэ цаг мөчөөс эхлэн миний амьдрал орвонгоороо эргэж гэр бүлд маань хүртэл маш том асуудал үүссэн. Бас тэд байрны гадаа тоглож байсан миний 8 настай хүүгээс аавынх нь утасны дугаарыг хэлүүлж авсан байдаг. Эрхзүйн чадамжгүй хүүхдийг ашиглан аавынх нь дугаарыг авч холбогдсон. Тэд юуны тухай ярисаныг би мэдэхгүй. Ямартай ч энэ бүгдийн эцэст нэг гэр бүл саллаа.

-Энэ талаар зохих газарт нь мэдэгдсэн үү?

-Энэ талаар цагдаагийн II хэлтэст хандсан боловч асуудал болгоогүй. Манай цагдаагийнханд Дүүргийн Засаг даргын нөлөө орсон байдаг учраас угаасаа асуудал болгодог ч үгүй юм.  2014 оны зургадугаар сарын 07-нд ИНХ-аар иргэдийн 85 хувийн саналаар миний ажил дэмжигдсэн. Ингэлээ гээд хурлын дараа миний ажлын өрөөнд хоёр цагийн турш Д.Нарангуа, Ж.Баярмаа, Ч.Батцэцэг, н.Майхүү, Д.Сарангуа нарын хүмүүс ажлын компьютерүүдийг үзэж, шүүгээнүүдийг ухсан. Тэндээс юу олох гэснийг би мэдэхгүй. Тэндээс юу алга болсныг ч мэдэхгүй. Мөн л цагдаад хандсаны дагуу II хэлтсийн хошууч н.Баярсайхан тэднийг өрөөнөөс гаргасан. Дараа нь наймдугаар сарын 28-нд 19:23 цагт Д.Нарангуа, Ж.Баярмаа  нар нь ажлаа хийж байсан төрийн үйлчилгээний ажилтан болох жижүүрийн биед халдсан.  Ингэхдээ түүнээс хорооны түлхүүрийг нэхэж, хороо руу оръё гээд хувцсыг нь хүртэл урж, салгах гэсэн цагдааг түлхэж байгаад зодсон байдаг. Ажлын бус цагаар тийш нь хэнийг ч оруулахгүй байх үүрэгтэй хүнийг зодсон энэхүү үйл явдлын баримт бидэнд бий. Бас л цагдаагийн II хэлтэст маргааш нь хандсан боловч үүнийг асуудал болгоогүй.

2015 оны тавдугаар сарын 11-ний 08:45 цагийн орчимд Ж.Баярмаа миний өрөөнд орж ирж намайг дарамталж, заналхийлсэн. Чамд би хэлж байгаад тэмцэлдэнэ гэж хэлээд гараад явсан юм. Харин 17:35 цагийн үед ажил тарахад манай найз машинтай ирж авсан юм. Гэтэл бидний араас 22 75 УНЕ дугаар бүхий NOTE маркийн автомашин дагаж байгааг мэдсэн. Баталгаажуулахын тулд нэлээд олон газраар сүлжиж явсан ч яг араас дагаад байхаар нь цагдаагийн хэлтсийн гадаа ирэхэд тэд ч мөн дагаад ирчихсэн. Ингээд тэднийг шалгуулахад БЗД-ийн “НҮГ-2”-ын 2 ажилтан байсныг тогтоосон.  Хэрэв найз маань ирж аваагүй байсан бол надад юу тохиолдож, хаана намайг алах  байсныг хэлж мэдэхгүй байна. Одоо ч байнга утсаар намайг дарамталдаг. Ажлын бус цагаар намайг ажлаа онгойлго гэх мэтээр дайрдаг. Энэ мэтчилэн ийм бусармаг үйл явдал болоод байгааг харсаар байж ямар нэгэн хариуцлага тооцдоггүй нь надад харамсалтай байна.

Одоо би гэрээсээ гарч чадахгүй байна. Өглөө гэрээсээ ганцаараа гарахдаа хүртэл айдаг. Хүүхдээ би гадаа тоглуулж чадахгүй байна. Ганцааранг нь гаргахаас айдаг. Миний гэр бүл болон миний амь нас маш их эрсдэлд орсон гэж бодож байгаа.

-Өөр ямар нэгэн байгууллагад хандаж болдоггүй юм уу?

-Би яг одоогийн байдлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Хандах газарт нь хандаад явна. БЗД өнөөдөр тэр чигээрээ Засаг даргын нөлөөнд автчихаж. Өөрсдөдөө таалагдаагүй хүмүүсээ хууль бусаар халж сольж байгаа явдал манай дүүргийн удирдлагуудын хувьд хэрээс хэтэрлээ. Би тайван ажиллаж, амьдрах боломжгүй болоод байгаа. Олон ч баримт бий. Араас даган мөрдөх, оройн цагаар гэрт орж ирж дарамтлах, ажлын байранд хүч түрэн орж ирэх, улмаар өрөөний хамаг юмыг онгичих, албан үүргээ гүйцэтгэж байгаа жижүүрийг маань хүртэл зодох зэрэг бусармаг үйлдлүүдийг гаргаж байна. Энэ бүхэн бүгд баримт нотолгоотой.

Би 2013 оны нэгдүгээр сарын 20-нд ажлаа хүлээж аваад өнөөдрийг хүртэл ард иргэдийнхээ төлөө үүрэгт ажлаа хийгээд явж байна даа. Засаг дарга жилд нэг удаа ажлаа тайлагнах ёстой байдаг. Энэ дагуу миний бие 2014 оны зургадугаар сарын 07-нд болсон ИНХ-аар 2013 онд хийсэн ажлынхаа тайланг тавьсан. Мөн 2014 оны ажлаа энэ гуравдугаар сарын 14-нд зарласан ИНХ дээр тайлагнасан боловч тавдугаар сарын 16-ны өдөр ИНХ-ын дарга дахин хурал зарлаж хуралдууллаа. Энэ хурлыг Засаг даргыг огцруулах асуудлаар хэмээн зарласан байсан. Гэвч надтай хурлын товоо зөвлөлдөөгүй, тогтоолоо үзүүлээгүй, надад юу ч хэлээгүй.

-Ер нь хурлыг хэн  товлож, ямар байдлаар зарлах ёстой байдаг вэ? Ямар үндэслэлээр таныг огцруулах болсон юм бол?

-ИНХ-ын дарга нь тэргүүлэгч нартайгаа зөвлөлдөж, хурлын протокол гаргах ёстой. Хурлын протоколыг үндэслэж тогтоол гарах ёстой. Ингээд тухайн асуудлыг хэлэлцэх хурлын товыг зарладаг юм. Энэ бүхнийг надад танилцуулах ёстой боловч юу ч үзүүлээгүй. Ялангуяа миний асуудлаар хурал зарласан мөртлөө надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Ерөнхийдөө хууль бус болсон. Мөн хоёр ба түүнээс дээш нэр дэвшигчтэй тохиолдолд иргэдээс нууц санал хураалт авдаг болохоос ажлаа хийж байгаа, тэгээд нэг хүнийг огцруулах асуудлаар хэзээ ч нууц санал хураалт явуулдаггүй юм. Тиймээс энэ хурлыг би хууль бус, хүчин төгөлдөр бус хурал болсон гэж үзэж байгаа юм.

Намайг ажлын хариуцлага муу, албан бичиг төлөвлөх чадамжгүй гэдэг үндэслэлээр огцруулах захирамжийг БЗД-ийн Засаг дарга гаргасан юм билээ. Хэрэв үүнийг ажлаас халагдах үндэслэл болгох гэж байгаа бол манай дүүргийн удирдлагууд ч бичиг баримт төлөвлөх чадамжгүй гэдгийг баталсан баримт олон нийтийн сошиал ертөнцөөр багагүй цацагдаад байгаа. БЗД-ийн Тамгын газрын даргын тушаал гэсэн бланк дээр Засаг дарга захирамж гаргасан байх жишээтэй. Дүүргээс хороондоо албан бичгийн зөвлөмж өгөх хүмүүс маань өөрсдөө иймэрхүү байдалтай байж ийм шалтаг хэлж байгаа нь их учир дутагдалтай юм л даа.

-Үүний цаад зорилгыг та юу гэж харж байна? Хорооны Засаг даргыг ямар үндэслэлээр огцруулдаг юм бэ?

-Энэ бол захиалгат хурал. Би угаасаа хэн нэгэнд долдойдож, долигонож чаддаггүй учраас энэ нь дүүргийн удирдлагууд намайг хавчин шахах шалтаг болж байна гэж ойлгож байгаа. Хорооны засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Энэ хугацаанд Засаг дарга гэмт хэрэг хийсэн нь шүүхээр батлагдсан, нас барсан, өвчний улмаас ажлаа хийх чадамжгүй болсон, мөн өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн тохиолдлуудад Засаг даргыг огцруулах үндэслэл болдог юм.

-Та хороон даргаар сонгогдсоноосоо хойш хийж гүйцэтгэсэн, иргэдээсээ үнэлэлт дүгнэлт авсан ажлынхаа талаар товч дурьдахгүй юу?

-Би хийх ёстой ажлаа гүйцэтгэж чадаж байгаа учраас иргэд маань намайг үнэлж, тэднийхээ итгэлийг алдалгүй явж ирсэн. Би дүүргийнхээ удирдлагад 2013 онд цэцэрлэг, сургууль барих газар хаана байна гэхэд нь хэд хэдэн газар зааж кадастрын зургийг нь хүртэл хийлгээд хуулж аваад явуулсан. Тэгэхэд 2,3 сарын дараа нөгөө л дарга нарын гарын үсэгтэй, барилга барих зөвшөөрөлтэй хүн авсан байдаг. Тийм ч учраас сүүлийн цэцэрлэгийг барих ажлыг би дүүргийнхэнд хэлээгүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн зөвлөгөө, тусламжтайгаар концессийн гэрээгээр бариулахаар суулгаж өгсөн. Мөн 1989 оноос хойш засагдаагүй байгаа бидний нэрлэж заншсанаар гурван өндөр гэгддэг байрны хороолол доторх авто замыг засуулахаар энэ оны төсөвт суулгаад байна. Би энэ талаар дүүрэгт удаа дараа хандсан боловч тэд санаа тавиагүй.

Манай ИНХ-ын даргыг Д.Хосбаяр гэдэг. ИНХ-ын дарга гэдэг нь иргэдийн санал хүсэлтийг дүүрэг болон дээд шатны байгууллагад уламжлан, өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх ажил үүргийн хуваарьтай. Гэтэл дүүрэгт давхар алба хашдаг гээд хороондоо ажиллах зав байдаггүй. Иргэд дуудахаар очих зав алга, ажил ихтэй байна гэдэг хүн иргэдийнхээ төлөө явж байна уу гэдэг эргэлзээтэй. Гэтэл иргэдийнхээ дуу хоолой болсныхоо төлөө би дарамт шахалтанд орж, заналхийлэлд өртөж байна. Энэ бүгдийг дүүргийн удирдлагууд өөгшүүлээд байгаа нь харамсалтай.

Бас нэг зүйлийг хэлэхэд, хороо болгонд талбайн үйлчлэгч гэж байдаг юм. Гэтэл 15-р хорооны талбайн үйлчлэгчийг 18-р хороонд татсан. Ингээд 2014 оны долоодугаар сарын 01-нээс манай хороо талбайн үйлчлэгчгүй болсноор иргэд хохирох болсон. Оршин суугчид сар болгон байрны мөнгөн дээрээ нэмж 2000 төгрөг төлдөг. Энэ мөнгө нь орон сууцны контороос “НҮГ-2” луу шилждэг. Тэгэхээр талбайн цэвэрлэгээний үйлчилгээгээ аваагүй байж хүмүүс энэ төлбөрөө өгөөд л явж байгаа. “НҮГ-2”-ын дарга Д.Нарангуа нь хогны үйлчилгээг сайжруулна гэж татвар төлөгчдийн мөнгөөр Япон, Солонгос зэрэг орон уруу явдаг атлаа 15-р хорооны талбайн үйлчлэгчийг өөр тийш нь хуваарилаад энэ хороог хогтой болгож байна. Энэ нь утгын хувьд авцалдахгүй байгаа юм.

-Та энэ бүгдийг дүүргийнхээ Засаг даргад хэлсэн үү?

-Хэлээгүй ч бүх мэдээллийг сошиал медиагаар харж байгаа гэдгийг би мэдэж байгаа. БЗД-ийн Засаг дарга маань жирэмсэн хүнийг ч ажлаас нь халдаг хүн шүү дээ. Намайг огцруулах гэж 11 сарын хугацаанд гурван удаа сонгууль явууллаа. Энэ бол хэрээс хэтэрсэн явдал. Би хүнд тал засаж чаддаггүй, долдойж явж чаддаггүй. Энэ бүгд манай удирдлагуудад таалагдахгүй байгаа учраас намайг тайван ажлыг минь хийлгэхгүй байна. 2013 оны 12 дугаар сарын 26-нд Э.Бат-Үүл дарга бидний ажлыг сайн гэж дүгнээд “Засаг дарга Г.Гантуяаг 1 сая 600 мянган төгрөгөөр шагнав” гээд өргөмжлөл өгсөн юм. Гэтэл энэ мөнгөнөөсөө өгөөгүй гээд Д.Нарангуа нь БЗД-ийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга н.Ганчимэгт ярьсан байгаа юм. БЗД-ийн Тамгын газрын дарга н.Амартүвшингээр ч шалгуулсан байгаа юм. Тэр хүнд би авлигал өгөх ёстой гэдгээ мэдээгүй. Өнөөдөр би өөрийнхөө толгойгоор ажлаа хийж байгаа. Түүнээс ямар нэгэн тусламж дэмжлэг аваагүй. Би угаасаа далдайж чаддаггүй, өөрийн гэсэн  үзэл бодолтой, чадвартай, байр суурьтай хүн.

-Танд хэн нэгэнд онцгойлон хандаж хэлэх үг байна уу?

-БЗД-ийн АН-д ийм бусармаг үйл ажиллагаа хэрээс хэтрээд байгааг дээд шатны удирдлагууд анзаараасай. Энд ямар нэгэн хяналт, шалгалт хийгээд дүгнэлт хийгээсэй. Нэг хүний өнгө үзэмжээр БЗД-ийн АН яваад байна. Гэтэл ардчилсан нийгэм гэдэг маань үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн зарчимтай. Энэ зарчим хаана үйлчлэх ёстой юм бол доо.

С.Ганчимэг