Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар байрны 244 иргэн хууль бус шийдвэр гаргасан эрхмүүдийн балгаар 29 хоног зочид буудалд хоног төөрүүлж байна. Учир нь, уг байрнаас ердөө наймхан метрийн зайд хууль бусаар 18 давхар барилга барих зөвшөөрөл олгосноос тус орон сууны суурины хөрсөнд нуралт өгч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

 

Энэ хууль бус зөвшөөрлийг олгож, 244 иргэнийг эрсдэлд оруулах шийдвэр гаргасан эрхмүүдийг авлига авсан байж болзошгүй гэдгийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгах явцдаа тогтоосон байна. Тиймээс газар эзэмших, барилга барих зөвшөөрлийг олгосон, авсан нөхдийн хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж эхлээд байгаа гэнэ. 16 дугаар байрны оршин суугчид “Би Жи Би Жи” компанийг газрын зөвшөөрлөө аван хашаа хатгаж эхэлсэн цагаас л тэмцэж эхэлсэн аж.

 

Тэдний дуу хоолой хүчин мөхөстөн барилгын компани анх зөвшөөрөл авсан гаражийн зориулалттай газраа өөрчлөн 18 давхар үйлчилгээний төв барихаар нэг л шөнө суурийг ухжээ. Иргэд дүүрэг болон нийслэлд энэ асуудлаар удаа дараа хандсан тухайгаа ярьж байсан юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар газар эзэмших, барилга барих зөвшөөрлийг олгосон, барилгын зориулалтыг өөрчилсөн нөхдийг шалгах нь зүйтэй гэж үзэн, “Би Жи Би Жи” компаниар бүхий л зардлыг гаргуулах шийдвэр гаргасан байна. Энэ дагуу хууль бусаар зөвшөөрөл олгосон байж магадгүй гэх Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнуудыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өгч шалгуулсан гэнэ.

 

Зөвшөөрөл олгосон нь хуулийн дагуу байсан эсэх, хэн нэгний ашиг сонирхол шургалсан эсэх, гаражийн зориулалтаар газар эзэмших авсан зөвшөөрөл нь хэрхэн 18 давхар барилга барих зөвшөөрөл болон хувирсан зэргийг шалгах ёстой байж. Энэ дагуу ч тус дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн байцаалт, шалгалтыг эхлүүлсэн ч энэ хэрэгт албан тушаал, авлига авсан зөрчил байх магадлалтай гэж үзээд хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. 16 дугаар байрны 49 өрхийн 244 иргэнийг ойролцоох зургаан зочид буудалд тараан байршуулсан. Өөрөөр хэлбэл, тэднээс 178 иргэн зочид буудалд байрласан бөгөөд нялх хүүхэдтэй болон боломжтой нэг нь ах дүүсийндээ очсон байна.

 

Тус барилгыг нурах эрсдэлд орсон эсэхийг шалгасан Мэргэжлийн хяналтын ажлын хэсгийн дүгнэлт “Барилга баруун тийш буюу нүх ухсан талын эсрэг тийш дөрвөн см хазайсан. Анхнаасаа ингэж баригдсан уу ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй. Тиймээс барилгын суурийг хүчитгэсний дараагаар оршин суугчдыг оруулах нь зүйтэй” гэж гарсан. Энэ шийдвэрийн дагуу одоогоор 16 дугаар байрны нурсан хөрсөнд хүчитгэл хийн цемент цутгалтын ажлыг хийж байгаа. Хөрсний хүчитгэлийн ажлыг маш сайн хийж байгаа учраас цаашид сууринд ямар нэг өөрчлөлт, нуралт үүсэхгүй гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Одоогоор 16 дугаар байрны хүчитгэлийн ажил 80 хувьтай байна.

 

Г.Мягмарсүх