Яруу найрагч, зохиолч Р.Эмүжин хүүхдэд зориулсан зургаан бүрдэл үлгэрийн ном хэвлүүлэн гаргаж, уран бүтээлийн олз омог арвин байгаагаа дуулгаж байсан билээ. Тэгвэл тэрбээр цахим хуудаснаа тун хөгжилтэй бас нэгийг бодож хоёрыг тунгаамаар зүйлийг бичив.

"Яадаг юм, би турахгүй. Турлаа гээд шагнадаг болоо юу, шалгана гэнэ үү, шанаа өгөх үү, шахаанд оруулах уу? Шалдаллаа юу? Тэгээд ч би ямар 18-тай годгоносон охин биш, дөрвөн аравныг дөмөг давж, дөрөө тэгшилж, жолоо цэгцэрсэн ээж хүн. Бүдүүн байлаа гээд банк дээрэмдээ юу, махлаг байлаа гээд машин хулгайлаа юу. Нарийхан харагдах гэж намба алдаж, туранхай үзэгдэх гэж тураал царайлж, гуниг зарлах уу? Хар даавуугаар биеээ ороож, хамаг байдгаа даруулганы цаана чихэх үү? Үрчлээгүй өтлөх гэж үнэн төрхөө мэсэнд тушааж, хагалгааны ширээн дээр халуурч хэвтэх үү? Тэгдэггүй юм. Амьдралыг амттай болгодог бүхнээс би хэзээ ч татгалзаж чадахгүй. Үг үнэн, үйл тэгш явбал боллоо. Амьдралд гоо сайханд өдрийг барж, үсчинд үеээ өнгөрөөж, саунд хөлөрч суухаас өөр олон сайхан мөчүүд байдаг. Тэгээд ч шимтэй монгол бүсгүйгээс шийртэй эрчүүд төрж, биетэй монгол эмэгтэйгээс биелэг охид мэндэлдэг юм. Тийм болохоор би турахгүй, за. Завтай болоод Токиогоос бичив" хэмээсэн юм. 

Д.Ана