АНЭУ Монголын хөрөнгө оруулалтын орчин сайжрах боломжтой гэж үзэж байна
2015/05/22
Абу Дабид төвтэй Аабар Инвестментс ПиЖэйЭс нь Гоби Коул энд Энержи компаниар дамжуулан Монгол Улсад хамгийн их хөрөнгө оруулсан АНЭУ-ын хөрөнгө оруулагч болно.
2015 оны 5 дугаар сарын 20: Монгол Улсын Ерөнхий сайд, Эрхэмсэг ноён Ч.Сайханбилэгийн АНЭУ-д хийсэн хоёр хоногийн айлчлал өнөөдөр түүний АНЭУ-ын Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд Эрхэм дээд Мохаммед бин Рашид Ал Мактоумтай хийсэн уулзалтаар өндөрлөв.
Хоёрхон хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газар, Рио тинто, Туркойз Хилл Ресурс болон Эрдэнэс Оюу толгойн хооронд олон тэрбум ам.долларын үнэлгээ бүхий зэс-молибден-алтны Оюу толгойн ордтой холбоотой маш чухал ач холбогдол бүхий хэлэлцээрийг амжилттай дуусгаж, гэрээ байгуулж чадсан нь Монгол дахь хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргахад томоохон ахиц дэвшил авчирсан явдал болж байна. Оюу толгой нь төлөвлөгдөж буй өргөтгөлийн ажлын дараа дэлхийд гуравдугаарт бичигдэх зэсийн уурхай болох юм.
Монгол Улсын Засгийн газар шинэ Ерөнхий сайдынхаа удирдлага дор Монгол Улсыг дахин гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан, нээлттэй, хөрөнгө оруулагчдад ээлтэй орон болгох тал дээр амжилттай ажиллаж байна. Монгол Улс нь саяхныг хүртэл дэлхийн хамгийн түргэн өсөлттэй эдийн засаг бүхий улсуудын нэг байсан бөгөөд 2011 онд ДНБ-ийн бодит өсөлт 17%-аас давж байсан билээ. Монгол Улсын Засгийн газар өөрийн улсыг эдийн засгийн өсөлтийн хувьд дахин тэргүүлэх улс болно гэдэгт итгэл төгс байна.
Аабар Инвестментс ПиЖэйЭс нь Гоби коул энд энержи лимитед (Гоби коул) компанид оруулсан хөрөнгө оруулалтаараа 2011 оноос хойш Монгол Улсад хамгийн их хөрөнгө оруулсан АНЭУ-ын хөрөнгө оруулагч болж байгаа юм. Оюу толгойг анх нээн илрүүлж, анхны хөрөнгө оруулалтыг татахад оролцож байсан бөгөөд Монгол Улсад арав гаруй жил идэвхтэй ажиллаж буй хүмүүс Гоби коул компанийг удирддаг. Тус компанийн Монгол Улсын баруун өмнө зүгт оршдог хоёр гол уурхай нь ЖОРК стандартын дагуу 318 сая тоннын сайн чанарын хагас зөөлөн коксжих нүүрсний нөөцтэй.
Гоби коул компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Ноён Мохаммед (Мо) Мунши ажилладаг бөгөөд тэрээр уул уурхайн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр 25 жил, түүний дотор 15 жил Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулсан туршлагатай эрхэм юм. Мо Мунши Гоби коул компанийг байгуулалцхаасаа өмнө Оюу толгойн ордыг нээсэн, одоогийн Түркүоиз хилл ресорсес болох Айвэнхоу Майнзын удирдах албан тушаалтнуудын нэгээр ажиллаж байлаа. Үүний дараа Мо Мунши нь Гоби коул компанид ажиллан өргөн далайцтай хайгуулын үйл ажиллагаа явуулж, орд газруудын нөөцийг өсгөн, 9 удаагийн хөрөнгө оруулалтаар компанийн өмчийг нэмэгдүүлжээ. Үүний дотор компанийн нүүрсний ордод бүтээн байгуулалтыг өрнүүлж уурхайг олборлолтын түвшинд хүргэх бэлтгэл ажилд гол түлхэц болсон томоохон хөрөнгө оруулалтыг 2011 онд Аабар Инвестментс ПиЖэйЭс-ээс оруулсан билээ. Аабар Инвестментс ПиЖэйЭс нь Гоби коул компанийг ямагт дэмжин ажилладаг бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон Гоби коул компанид нүүрс болон эрчим хүчний салбарыг илүү өргөн далайцтай цогцоор хөгжүүлэх стратегийг боловсруулах тал дээр зөвөлгөө өгч, өөрийн хувь нэмрийг оруулж байна. Энэ талаар талууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй энэ оны эхээр уулзаж ярилцсан байна.
Мо Мунши хэлэхдээ “Монгол Улс дахь кокжсих нүүрсний хамгийн сайн ордуудын нэгийг эзэмшдэгийнхээ хувьд бид 2011 онд Торонтогийн бирж дээр компанийнхаа хувьцааг гарган, компаниа өргөжүүлэх зорилготой ажиллаж байлаа. Тухайн үед хувьцааны зах зээл болон нүүрсний үнэ хамгийн өндөр түвшинд хүрч байсан юм”. Гэвч хэдхэн сарын дараа 2012 онд хувьцааны зах зээл хямарч, нүүрсний үнэ огцом унасан боловч Гоби коул компани нь тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөтэй үлдэж чадсан бөгөөд энэ нь цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн, Монгол болон Монгол Улсад ойр орших нүүрсний орд бүхий өөр компаниудыг нэгтгэх зорилт тавин ажиллах боломжийг олгосон юм. Компанийн ТУЗ-ын даргын мэдэгдснээр “Гоби коул нь өнгөрсөн хугацаанд өндөр чанартай нүүрсний томоохон нөөц бүхий ордуудыг эзэмшдэг 20 гаруй компанийг судалж үзсэн ба одоогийн байдлаар 4 компанийг сонгон авч Аабар инвестментс ПиЖэйЭс-ийн дэмжлэг, зөвөлгөөг аван идэвхтэйгээр судалгаа явуулж байна”.
Монгол болон олон улсын уул уурхайн салбарт олон жил ажилласан өргөн мэдлэг, туршлагатай ТУЗ-ын даргаар удирдуулан амжилттай ажиллаж байгаа компанийн хувьд Гоби коул нь Аабар инвестментс ПиЖэйЭс-т дэлхийн хамгийн нөөц ихтэй баялаг ордууд бүхий Монгол Улсад уул уурхайн өөр төслүүдийг судлах, үнэлэх, нэгтгэх үйл ажиллагаанд нь найдвартай түшиг тулгуур, бааз суурь болж байна. Монгол Улсын Засгийн газар дахин Монгол Улс “бизнес хийхэд нээлттэй” хэмээн мэдэгдсэн нь Аабар инвестментс ПиЖэйЭс болон Гоби коул компанид Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгох, Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нэгтгэх, тэдгээрийн бизнесийг өргөжүүлэх талаар ажиллахад нэн таатай нөхцөл бололцоог бүрдүүлэн өгч байна.