Долоо хоногийн онцлох нийтлэл, үйл явдлын тойм
2015/05/23
Өнгөрч буй долоо хоногийн онцлох нийтлэл, улс эх орондоо болж өрнөсөн үйл явдлын тоймлон хүргэж байна. Ирэх оны сонгуульд улс төрчид аль хэдийнээ бэлтгэж эхэлжээ. Бие даагчдын хуьд хамгийн үнэ цэнэтэй зүйл нь гарын үсэг болчихоод байгаа талаар хөндөв. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн улсад албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирсэн даруйдаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан тухайгаа дуулгасан юм.
Нурах аюул тулгарлаа хэмээн Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар байрны 244 иргэнийг нүүн шилжүүлсэн үйл явдал өнгөрөгч сарын сүүлээр өрнөсөн. Тэгвэл эл байрын асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд АТГ-руу шилжүүлжээ. Эдийн засгийн хүндрэлийн үед хямарч туйлдах нь бүү хэл харин ч хөрөнгөжиж дэвждэг байгаа тухай "Хямралд хямардаггүй баатарууд" нийтлэлд дурдсан байна. Түүнчлэн ам.долларын ханш буурч байгаа ч хүнсний гол нэрийн барааны үнэ буухгүй нэмэгдэв. Харин урлагийн салбарыг өнгөрсөн сараас өнгөлж яваа хамтлаг бол "Хөсөгтөн". Тэд эх орондоо ирж морин хуурч Х.Уламбаяр СТА цол тэмдгээр шагнуулсан гээд улс эх оронд олон үйл явдал болж өндөрлөлөө.
"Гарын үсгийн эрэлд...-
Бие даагчдын, бас зарим гишүүний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл энэ өдрүүдэд “гарын үсэг” болоод байна. Анх О.Баасанхүү гишүүний эхлүүлсэн, улмаар С.Ганбаатар тэргүүтэй бие даагчдаар бүл нэмсэн, удалгүй Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга зэрэг эрх баригчдаар эгнээгээ тэлсэн Ерөнхий сайдыг огцруулах саналтай энэ нь холбоотой. Учир нь, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахад УИХ-ын 39 гишүүний кноп хэрэгтэй байдаг бол огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихад 19 “гарын үсэг” шаардлагатай юм.
Нийт гишүүний дөрөвний нэг нь санаачилсан тохиолдолд л Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцдэг УИХ-ын дэг ийнхүү зарим хүнийг “гарын үсэг”-ийн эрэлд гарахад хүргэжээ. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах шалтаг, шалтгаан нь хүн бүрийн хувьд өөр, өөр байгаа бололтой. Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх тохиролцоо явахаас өмнө буюу Ерөнхий сайдыг Дубайд очихоос ч эрт энэ санаачилгаанх О.Баасанхүү гишүүнээс гарсан байдаг. Харин Г.Уянга, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн хувьд Оюутолгойтой холбогдуулж Ерөнхий сайдыг огцрох ёстой гэж үзэж байгаагаа хэвлэлийн бага хурлаар зарласан. Хамгийн сүүлд тэдэнтэй нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн гишүүн Ч.Улааны хувьд энэ өдрүүдэд УИХ-ын хэлэлцэж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлах юм бол Ерөнхий сайдыг огцруулна гэдгээ өчигдөр чуулганы танхимд мэдэгдлээ. Энэ мэт шалтгаантай Ерөнхий сайдыг огцруулах “фракц”-ынхан өчигдөр үдээс хойш наймуулаа болсон байв. Тэд бол Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, Г.Уянга, С.Ганбаатар, О.Баасанхүү, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ч.Улаан нар. 19-үүлээ болоход ахиад 11 “гарын үсэг” хэрэгтэй ч нэмэгдэх магадлал бас байгаа юм.
Сүүлийн үед ярилцлага өгөх бүртээ “Засаг огцрох ёстой, УИХ тарах хэрэгтэй” гэж буй Ж.Энхбаяр тэргүүтэй МАН-ын бүлгийн гишүүдийг ч тэдэнтэй нэгдэж магадгүй гэх яриа таржээ. Нөгөөтэйгүүр, хамтарсан Засгийн газраас яаралтай гарах ёстой гэж үзэж буй МАН-ын гишүүд Оюутолгойн энэхүү хэлэлцээг “далимдуулъя” гэж байгаа гэх. Бас түрүүний засагт сайд хийж байгаад огцорсон Д.Тэрбишдагва, сайдад нэр дэвшээд зэрэг нэмдэгийн даваан дээр татагдсан Н.Батцэрэг нарыг энэ “фракц”-д нэгдэнэ гэх яриа гарчээ.
Ч.САНСАР /Эх сурвалж: www.Үндэсий шуудан сонин/
-Ч.Сайханбилэг: Нууц, далд гэрээ хаана ч байхгүй-
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирсэн даруйдаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэсэн тус гэрээг ажил урагшлуулсан гэрээ болсон гэж дүгнэв. Мөн Дубай хотод ямар нэгэн нууц гэрээ үйлдээгүй гэдгээ мэдэгдэв.
Тэрбээр Эмират улсад хийсэн айчлалаа үр дүнтэй болсон гэдгийг онцлоод 8 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг олж ирсэн гэсэн юм.
Харин Оюутолгойн нууц гэрээ гэсэн мэдээлэлтэй холбоотой асуудлаар тэрбээр доорх тайлбарыг өглөө.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөг байгуулаад ирлээ. Гэхдээ би Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл гарын үсэг зурж, төлөвлөгөөгөө баталгаажуулсан. Энэ төлөвлөгөө байгуулагдсанаар Оюутолгой улс төр, Засгийн газрын асуудал байхаа больсон. Өөрөөр хэлбэл Оюутолгой компани эдийн засгийн харилцаанд орж байна гэсэн үг. Тиймээс Оюутолгойг улстөржүүлэхээ зогсоовол таарна. Далд уурхайг эхлүүлэхэд эхний ээлжинд зургаан тэрбум төгрөг шаардлагатай. Нууц далд гэрээ хаана ч байхгүй. Өнөөдрөөс Оюутолгой улс төрийн асуудал биш, компани хоорондын асуудал болсон. Тиймээс цаашид Эрдэнэт үйлдвэр шиг орхих хэрэгтэй. 2009 оны гэрээг хөндөх асуудлыг аль, аль талд нь тавигдаагүй. 2009 оны гэрээг сайжруулах тухай яригдсан. Удирдлагын менежментийн зардал 6 хувь байсныг 3 хувь болгож чадсан. Хоёр талаас ажлын хэсэг гарч онолын ажлын хэсэг гаргаж ажиллахаар болсон. Өмнө нь Монголын тал өгөөжийн 53 хувийг авна. Рио Тинто 47 хувийг авна гэж байсан. Манай зүгээс гадны хоёр ч том компанийн зөвөлгөөг авсан. Ингээд ярилцаж тохиролцсоны үндсэнд 54.9 хувийг манай тал авахаар болсон нь манайд бол маш ашигтай хувилбар юм. Татварын асуудлыг шийдсэн учраас дахин татвартай холбоотой элдэв асуудал гарахгүй. Гэрээг албан ёсоор ил болгоно.
Энэ удаагийн явдал бол Монголын талаархи олон улсын ойлголтыг эерэг болгосон. Мөн бондын болон хувьцааны үнэ сүүлийн 20 сар царцаад байсан бол одооноос өсч эхэллээ. Тиймээс улс төрчдийн тоглолтыг болиулж ажлаа хийх цаг болсон. Мөн айлчлалын хүрээнд АНЭУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл өгөх боломжтойгоо мэдэгдсэн. Ингээд үндсэндээ 7 хоногийн дотор бид 8 тэрбум ам.долларын Монголд оруулж ирэх боломжтой боллоо. Харин ч Монголын тал нөгөө талтай хэлэлцэлгүй нэмэлт орлого төлөвлөсөн, татварынхан дансыг нь хаасан тохиолдол гарч байсан. Түүнээс болж итгэл алдсан тал бий. Харин одоо бол нэг завин дээр сууснаа хэн хэн нь ойлгож, итгэлцэл сэргэлээ. Засгийн газар Оюутолгойн далд уурхайг урагшлуулж, ажлаа хийж эхэлсэн нь зарим нэг хүмүүст таалагдахгүй байж болно. Гэвч үүнийг дэвэргэх хэрэггүй” гэв.
-16-р байртай холбогдох хэрэг АТГ-руу шилжжээ-
Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар байрны 244 иргэн хууль бус шийдвэр гаргасан эрхмүүдийн балгаар 29 хоног зочид буудалд хоног төөрүүлж байна. Учир нь, уг байрнаас ердөө наймхан метрийн зайд хууль бусаар 18 давхар барилга барих зөвшөөрөл олгосноос тус орон сууны суурины хөрсөнд нуралт өгч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Энэ хууль бус зөвшөөрлийг олгож, 244 иргэнийг эрсдэлд оруулах шийдвэр гаргасан эрхмүүдийг авлига авсан байж болзошгүй гэдгийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгах явцдаа тогтоосон байна. Тиймээс газар эзэмших, барилга барих зөвшөөрлийг олгосон, авсан нөхдийн хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж эхлээд байгаа гэнэ. 16 дугаар байрны оршин суугчид “Би Жи Би Жи” компанийг газрын зөвшөөрлөө аван хашаа хатгаж эхэлсэн цагаас л тэмцэж эхэлсэн аж.
Тэдний дуу хоолой хүчин мөхөстөн барилгын компани анх зөвшөөрөл авсан гаражийн зориулалттай газраа өөрчлөн 18 давхар үйлчилгээний төв барихаар нэг л шөнө суурийг ухжээ. Иргэд дүүрэг болон нийслэлд энэ асуудлаар удаа дараа хандсан тухайгаа ярьж байсан юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар газар эзэмших, барилга барих зөвшөөрлийг олгосон, барилгын зориулалтыг өөрчилсөн нөхдийг шалгах нь зүйтэй гэж үзэн, “Би Жи Би Жи” компаниар бүхий л зардлыг гаргуулах шийдвэр гаргасан байна. Энэ дагуу хууль бусаар зөвшөөрөл олгосон байж магадгүй гэх Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнуудыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өгч шалгуулсан гэнэ.
Зөвшөөрөл олгосон нь хуулийн дагуу байсан эсэх, хэн нэгний ашиг сонирхол шургалсан эсэх, гаражийн зориулалтаар газар эзэмших авсан зөвшөөрөл нь хэрхэн 18 давхар барилга барих зөвшөөрөл болон хувирсан зэргийг шалгах ёстой байж. Энэ дагуу ч тус дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн байцаалт, шалгалтыг эхлүүлсэн ч энэ хэрэгт албан тушаал, авлига авсан зөрчил байх магадлалтай гэж үзээд хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. 16 дугаар байрны 49 өрхийн 244 иргэнийг ойролцоох зургаан зочид буудалд тараан байршуулсан. Өөрөөр хэлбэл, тэднээс 178 иргэн зочид буудалд байрласан бөгөөд нялх хүүхэдтэй болон боломжтой нэг нь ах дүүсийндээ очсон байна.
Тус барилгыг нурах эрсдэлд орсон эсэхийг шалгасан Мэргэжлийн хяналтын ажлын хэсгийн дүгнэлт “Барилга баруун тийш буюу нүх ухсан талын эсрэг тийш дөрвөн см хазайсан. Анхнаасаа ингэж баригдсан уу ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй. Тиймээс барилгын суурийг хүчитгэсний дараагаар оршин суугчдыг оруулах нь зүйтэй” гэж гарсан. Энэ шийдвэрийн дагуу одоогоор 16 дугаар байрны нурсан хөрсөнд хүчитгэл хийн цемент цутгалтын ажлыг хийж байгаа. Хөрсний хүчитгэлийн ажлыг маш сайн хийж байгаа учраас цаашид сууринд ямар нэг өөрчлөлт, нуралт үүсэхгүй гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Одоогоор 16 дугаар байрны хүчитгэлийн ажил 80 хувьтай байна.
Г.Мягмарсүх /Эх сурвалж: www.new.mn/
-Хувийн хэвшлийн 108 сургуулийн зургаа нь хэт өндөр төлбөртэй байгаа-
Пүрэв гариг бүр болдог “Сайдын цаг” уулзалтад БСШУ-ы сайд Л.Гантөмөр оролцлоо. Хүүхэд бүрийг бие даасан, өөртөө итгэлтэй, бүтээлч болгон төлөвшүүлэх зорилгоор “Сургуулийн өмнөх боловсролын цөм” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ маш сайн өгч байгаа гэнэ.
Энэ хөтөлбөр гурваас дөрвөн насанд нь хүүхэд бүрийн авьяас чадварыг илрүүлж хөгжүүлэх зорилготой. Зорилго ч биелж цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх чадвар илт сайжирсан гэж салбарын сайд онцоллоо. Хөтөлбөрийн хүрээнд 2016 он гэхэд сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулга бүрэн шинэчлэгдэхийг ч хэлэв. Тэрбээр сэтгүүлчдийн асуултанд ийн хариулсан юм.
-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа талаар байнга ярьж байна. Гурван ээлжээр хичээллэдэг сургууль ч олон. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт батлахдаа ойрын жилүүдэд сургуулийг нэг ээлжээр хичээллэдэг болгох зорилт тусгасан байгаа. Хэдэн сургууль нэмж барьж байж энэ зорилт биелэх боломжтой вэ?
-Мэдээж батлагдсан төсвийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил явна. Төсвийн хүрээнд цэцэрлэг нэмж барихад 2015-2016 оны хичээлийн жилд нийт хүүхдийн 85 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм. Сургуулийн хувьд, Засгийн газраас 72 сургуулийг концессын гэрээгээр барихаар төлөвлөсөн. БНХАУ-ын тусламжаар 20 сургууль барих шийдвэр гаргасан. Мөн хуучин барилгыг нь буулгаад дахин барих арван сургууль байгаа. Энэ төлөвлөгөөний дагуу 100 гаруй сургууль барихад нэг ээлжээр хичээллэх зорилтыг бодитой ойртуулна.
-Хувийн хэвшлийн дунд сургуулийн төлбөрийн асуудалд яам ямар бодлого барьж байгаа вэ. Их дээд сургуулийн төлбөрөөс илүү үнээр хүүхдүүдээ сургаж байгаа нь хэр зохистой юм бэ?
-Хувийн сургуулийн төлбөр хэт өндөр байгаа нь үнэн. Гэхдээ яаманд хувийн сургуулийн төлбөрт зохицуулалт хийх, төлбөрөө бууруулах шаардлага тавих хууль эрх зүйн орчин байхгүй. Эрхийг нь хурааж авах боломжтой ч энэ нь эргээд эцэг, эх, хүүхдийн эрхийг зөрчих болдог. Тиймээс нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг ялгавартай олгодог болох талаар хуулийн төсөл боловсруулж байгаа. Улсын хэмжээнд нийт хувийн хэвшлийн 108 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс найм нь төлбөргүй, зургаа нь хэт өндөр төлбөртэй байгаа. Жилд нэг хүүхдэд хувьсах зардал гэж 345 мянган төгрөг төр, хувийн гэж ялгалгүй өгдөг. Үүнийг 70 хувь хүртэл бууруулж олгохоор зохицуулалт хийж байна. Уг нь сургууль ашгийн бус байгууллага. Гэтэл ашиг олох зорилгоор байгуулж байгааг зохицуулах шаардлагатай.
-Дэлхийн шилдэг 100 сургуульд суралцахаар тэнцсэн оюутнуудыг сургах санхүүжилтийн асуудлыг шийдсэн үү?
-Дэлхийн шилдэг 100 сургуульд суралцах эрхээ авсан эхний 35 хүүхдийн санхүүжилтийг шийдсэн. Ойрын үед дахин 35 хүний зардлыг шийднэ.
-Шинээр орон сууцны хороолол барихдаа сургууль, цэцэрлэгийг хамт барьдаг байхаар зохицуулсан. Энэ нь ажил хэрэг болж байгаа юу?
-Орон сууцны хорооллын дунд сургууль, цэцэрлэг барих газрыг шийдэж өгөөд бариулахыг барилгын компаниуд зөвшөөрч байгаа. Гэхдээ төр түүнийг нь хүлээж авах боломж байгаа юу. Үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй гэдэг шаардлага тавьдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Буянт-Ухаа хороололд төрийн өмчийн компани хоёр цэцэрлэг барьсан. Гэхдээ тэр нь төрийн өмч биш байх жишээтэй. Энэ бүхний цаана төсөв мөнгөний асуудал л байгаа.
М.Энхцэцэг
-750 авдар архи хураалаа-
Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс "Хямд архи" нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд 10.000 орчим хуурамч архи хурааж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлжээ. Шинжилгээний хариуд татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ архийг их хэмжээгээр хөдөө орон нутагт ачуулсан байж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн үүнтэй холбоотой мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүд, 102 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллавал иргэд чанрын баталгаагүй архинд хордох, хямд архи үйлдвэрлэж байгаа этгээдүүдийг өөгшүүлэхээс урьдчилан сэргийлэх юм.
Одоогийн байдлаар хуурамч архи болох нь тогтоогдсон "Мөнхжин" архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.Тодруулбал архины татварын акцыг хуурамчаар үйлдвэрлэсэн хэргээр эрүүгийн хуулийн 176-д заасны дагуу үйлдвэрлэгчдийг шалгаж байгаа юм. Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.
-Долларын ханш буурч, махны үнэ нэмэгдэв-
Өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар 1939 төгрөгтэй нэг ам.доллар тэнцжээ. Харин арилжааны банкууд 1930-1935 төгрөгөөр авч, 1940-1946-аар зарж байна. Валют арилжааны төвд авах үнэ нь 1935-1937,харин 1938-1939 төгрөгөөр худалдаж байгаа юм. Ийнхүү ам.долларын ханш хоногт 1-2 төгрөгөөр буурч буй энэ үед хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш буурах нь бүү хэл нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа. Хүнсний голлох нэрийн бүтээгдэхүүн болсон махны үнэ нэмэгдсээр л байна.
Тавдугаар сарын гурван долоо хоногийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 7570 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8140 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 55 төгрөгөөр, үхрийн цул мах 85 төгрөгөөр тус тус өсөв.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр зарагдаж байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 85 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байна. Хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6870 төгрөгөөр, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байгаа нь ажиглагдав. Бидний өдөр тутмын хэрэглээний амин чухал зүйл бол гурил, мах.
Одоо гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалав. Төмс хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 30 төгрөгөөр буурчээ.
-Хямралд хямардаггүй “баатар”-ууд-
Эдийн засгийн хямрал энэ улсыг нөмрөөд баахан удаж байна. Бизнесүүд уналтад орж, төрийн хэтэвч хоосорч цалингаа арайхийн тавьж буй сураг дуулдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энд тэндгүй л сарайж сэрийсэн барилгын суурь. Яахав, цагийн сайханд эхлүүлсэн барилгууд дайны дараах танкны сэг шиг тарж нурж харагдаад байгаа нь тэр.
Харин нэр цуутай хэдэн эрхмийн ажил зогсолтгүй урагшилж байна. Хямрал тэдэнд хамаагүй ажээ. Улсаасаа баян шахам болсон хойно арга ч үгүй биз ээ.
Ерөнхий сайд асан, одоо УИХ-ын гишүүн Сү.Батболдын "Алтай кашмер”-ын барилга энд байсан. Оронд нь томоос том барилга барихаар ажлаа эхлүүлсэн нь энэ. 2015-5-12.
Худалдаа хөгжлийн банкны барилгыг нураах гэж буй. Үүний оронд жинхэнэ утгаар нь цамхаг сүндэрлүүлнэ гэж байна. Мөн хятад компаниар бариулахаар гэрээгээ хийжээ.
Б.ДАМДИН /ЗУУНЫ МЭДЭЭ/
-“Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч Х.Уламбаяр СТА цол тэмдгээр шагнууллаа-
Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.
Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос "Хөсөгтөн" хамтлаг сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж 2 дугаар байрт орсон баярт үйл явдал болсон. Тэднийг эх орондоо ирсэн даруйд БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр тус хамтлагийн морин хуурч Х.Уламбаяр СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.
Зочин · 2015/05/25
дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн иргэдийн санхүүжилтыг хурдан шийдээсэй