”40 гарсан ах нар залуусын хэлээр ярих уу”
2015/05/28
НАМЗХ-г шинэчлэх түр хорооноос өчигдөр мэдээлэл хийж холбооны удирдлагуудаа эсэргүүцэн түр хороо байгуулж, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар НАМЗХ-г шинэчлэх түр хорооны зохицуулагч, Хан-Уул дүүргийн НАМЗХ-ны тэргүүлэгч Д.Отгонбаатараас тодрууллаа.
-НАМЗХ-нд чухам ямар асуудал үүсээд байгаа юм бэ. Та бүхэн ямар үндэслэлээр нийслэлийн МАН-ын даргад шаардлага хүргүүлж байгаа юм?
-НАМЗХ-ны үндсэн дүрмийн 1.2.5-д заасан гишүүдийн тэгш эрхийн зарчмыг уландаа гишгэж найман жил чуулганаа хуралдуулахгүйгээр дархлагдсан хэдэн нөхдөөр тойрон хүрээлүүлж залуусын төлөөлөх эрхийг боогдуулсаар даруй 8 жил өнгөрсөн байна. Энэ байдлыг таслан зогсоож Нийслэлийн НАМЗХ-ны чуулганыг Их хурлаас өмнө хуралдуулж залуусын төлөөлөх эрхийг хангаж өгөхийг Ц.Сандуй даргаас хүсч байгаа юм.
НАМЗХ улс орны, нийгмийн хөгжил дэвшилд залуу хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх үндсэн зорилгоосоо ухарсан. Үүний цаана нийслэлийн НАМЗХ-ны удирдлагуудын увайгүй үйлдэл нуугдаж байгаа. Үүнийг залгамж халаа болсон залуус бид тэвчихгүй гэдгээ илэрхийлж байгаа юм. Энэ зорилго дор өөрсдийнхөө нийтлэг эрх ашгийг хамгаалахаар “Нийслэлийн НАМЗХ-г шинэчлэх түр хороо”-г байгуулаад байна.
-Нийслэлийн НАМЗХ-ны чуулганыг хуралдуулах шаардлагыг хэрхэн харж байна вэ. Хуралдуулсанаар энэ бүхнээс гарч чадах уу?
-Чуулганыг хуралдуулах хэд хэдэн шаардлага бий. Тухайлбал нийслэлийн НАМЗХ 8 жил чуулганаа огт хийгээгүй. Энэ нь үндсэн дүрмийн 4.2-т заасан 4 жилд 1-оос доошгүй удаа хуралдана хэмээх заалтыг удаа дараа зөрчсөн. 2012 оны сонгуулийн дараа шинэчлэн байгуулагдсан Нийслэлийн намын хорооны хурлаа 2 удаа хийсэн байхад нэг ч удаа Нийслэлийн НАМЗХ чуулганаа хийгээгүй.
8 жилийн хугацаанд дүүргүүдийн НАМЗХ-ны залуучуудын төлөөлөх эрхийг боогдуулж нийслэлийн хэмжээнд ажиллах, танигдах, сонгох, сонгогдох эрхэнд халдсаар ирсэн. Бас НАМЗХ-ны 2015 оны 05-р сарын 20-нд гаргасан хяналтын хорооны тогтоолын дагуу НАМЗХ-ны дүрмийн 3.1 дүгээр зүйлд “НАМЗХ-ны гишүүн нь 16-35 насны Монгол Улсын иргэн байна” гэж заасны дагуу их хурлын төлөөлөгч нь 16-35 насаар хязгаарлагдах учраас одоогийн Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгч дотроос шаардлага хангасан тэргүүлэгч 30 хувьд ч хүрэхгүй байгаа. Энэ нь бидний үеийн залуусын төлөөлөх эрхийг боогдуулсан болчимгүй үйлдэл юм.
Нэгэнт дүрмээрээ нас нь болсон ах нар их хуралд биднийг төлөөлж суугаад яах юм бэ. Ямар нэгэн сонгуульт албан тушаалд очих боломжгүй нөхөд яаж биднийг төлөөлөх вэ. Бид нэг л зүйлийг хэлэхийг хүсэж байна. 40 гарсан тэргүүлэгчидтэй Нийслэлийн НАМЗХ 18-30 насны залуусын хүсэл сонирхол, хөгжих боломж, сэтгэлгээг ойлгож тэдэнтэй харьцаж тэднийг нэгтгэх ямар ч боломжгүй.
Ер нь бол Нийслэлийн шат шатны сонгуулийн ялагдал бол хэзээ ч байр сууриа тавьж өгдөггүй, 8 жил салхи оруулаагүй 40 гарсан ах нарын бүлэглэл Нийслэлийн НАМЗХ-тай ч холбоотой. Монгол Ардын нам нийслэлд залуустай ажиллахын тулд залуусаар дамжуулж тэдний хэлээр ярихаас биш 40 гарсан нөхдүүдээр дамжвал ойлголцоно гэдэг юу л бол.
-Нэр бүхий хоёр даргыг дүрэм зөрчиж томилогдсон асуудал байгаа гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Нийслэлийн НАМЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч гэх Г.Баярхүү чуулганаар болон бага хурлаар батламжлагдаагүй. Үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал үндсэн дүрмэнд байхгүй учраас дүрмийн бус үүрэг гүйцэтгэгч Г.Баярхүү Нийслэлийн НАМЗХ-г төлөөлөх эрх зүйн чадамжгүй гэсэн үг. П.Баярхүү 1974 онд төрсөн. 41 настай. Их хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхгүй. Бас нарийн бичгийн дарга Д.Сэрээтэр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдсон буюу Төрийн жинхэнэ албан хаагч болсон учраас удирдах албан тушаал хаших дүрмийн үндэслэлгүй. А.Сэрээтэр 1974 онд төрсөн. 41 настай. Тэгэхээр их хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхгүй гэсэн үг.
НАМЗХ-г шинэчлэх түр хорооныхон Нийслэлийн НАМЗХ-ны чуулганыг Их хурлаас өмнө хуралдуулж Их хурлын төлөөлөгчдийг шинэ бүрэлдэхүүнээс сонгуулах боломж олгохыг хүсч байгаа.
Ярилцсан: С.Отгон
Зочин · 2015/06/03
нас бол зүгээр л....
Зочин · 2015/05/28
нас хүйсээр ялагварлан гадуурхах