Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр бид бяцхан үрсээ баярлуулаад өнгөрч байгаа ч зарим хүүхдийн эрхийг бодитоор хамгаалж чадахгүй байгаа нь үнэн. Энд зөвхөн нэг хэргээр төлөөлүүлэн, уг хэргийн хохирогч хүүхдүүдийг хамгаалалтандаа авахыг хүсэн бичиж байгааг юуны өмнө онцолмоор байна.

2014-2-р сард төрсөн эцэг нь хоёр үрээ хазаж бие болон сэтгэл санаанд нь ноцтой хохирол учруулсан. Энэ хэргээс болж хүүхдүүд удаа дараа эмчилгээ хийлгэж, хүн үнсье гэхэд айдаг, шөнө унтахдаа цочиж сэрдэг бөгөөд сэтгэл санааны асар их дарамтад орсон байдаг. Эхнэрээ олон жил хардаж зоддог, хүүхдүүдээ тамалсан эцгийг Эрүүгийн хуулийн 100.1 байнгын тарчлан зовоох, 181.2 танхайрах заалтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхээс түүнд 3.6 жилийн хорих ял оноосон. Одоо тэрбээр нэг жилийг шоронд өнгөрүүлээд байгаа. 461-р хорих ангид саатуулагдаж байгаа ялтан Д суллагдах өдрөө хүлээж байгаа. Хэрвээ түүний аз нь таарвал магадлангаар өнөө маргаашгүй гараад ирэх боломжтой. Ингээд дөрвөн хүний амьдралд хар толбо суулгасан этгээд эрх чөлөөтэй болно гэсэн үг.

Эрх чөлөөтэй болохоос нь өмнө Тахарын алба нь тэднийг гэрч хохирогчийг хамгаалах ажлын хүрээнд гадаадад гаргах, хаана байгаа нь мэдэгдэхээргүй болгох хууль эрх зүйн зохицуулалтгүй. Тахарын албанаас энэ хэргийг шүүхийн шатанд байхад л ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд үүний хүрээнд Д-д эхнэр, хүүхэддээ гэм хор учруулж болохгүй гэж анхааруулсан. Мөн хохирогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байдаг.

Ялтан Д-ын хувьд хүүхдүүддээ тэтгэмж өгөхгүй улсаар тэжээлгэж байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл гэр бүл цуцлахад гурван хүүхдэд сар бүр тэтгэмж өгөх шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг. Гэвч ШШГЕГ-ынхан “Шоронд байгаа хүнээс юуг нь авдаг юм бэ? ” хэмээн хэлж үйл ажиллагааны зардал болох 50 000 төгрөгөө авчихаад ажиллагаа хийгдээгүй байдаг. Хуулинд бол шоронд хоригдож байгаа хүүхдийн тэтгэмж өгөх ёстой этгээдийг албадан хөдөлмөр эрхлүүлж, цалингийн тодорхой хэмжээг хүүхдийн тэтгэмж хэмээн авах тухай заасан байдаг. Харин энэ хууль өнөөдөр хэрэгжихгүй байгаа нь ШШГЕГ-ынхан хэрхэн ажлаа хийж байгааг харуулж байна.

 Энэ бүхнээс үзэхэд эхнэр хүүхдүүдээ тамлаж байсан ялтан Д суллагдсаны дараа хохирогчдын эрх ашгийг хэн хамгаалах вэ? Цагдаа хэрэг гарсан хойно, Тахар шүүхийн шатанд тэднийг хамгаална. Харин буруутай этгээд шоронгоос гарч ирээд өс хонзон санасан тохиолдолд тэднийг хамгаалах төрийн байгууллага байхгүй гэдэг хуулийн цоорхой манай улсад байна. Уг нь хүүхдүүд болон тэдний ээж бүх насаараа хохирогч. Тэднийг хамгаалахгүй л бол өнөөдөр амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны тогтворгүй байдалд байх болчихоод байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн этгээд улсаар тэжээлгэн, хариуцлагаас мултрах боломжийг манай улсын хууль бүрдүүлж байна. Тиймээс Төрийн болон ТББ-ууд нь энэ хэрэгт дахин анхаарал хандуулж, гурван хүүхэд болон ээжид нь туслалцаа үзүүлэн гэмт хэрэгтнээс нуух шаардлага байгааг ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР хөндөж байна.