Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн болно
2015/06/02
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газраас “Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 2015 оны зургадугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөн нь 1957 оноос эхлэлтэй бөгөөд төрийн 35 архив буюу 21 аймаг, нийслэлийн архив, салбар төрөлжсөн архивын дарга болон АЕГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, улсын байцаагч, ҮТА-ын төвийн эрхлэгч нар оролцох юм.
Энэ удаагийн зөвлөгөөнийг Архивын салбарын өнөөгийн байдал, шинэчлэл, орчин үеийн архивын чиг хандлага, цахим архив сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр асуудлын хүрээнд АЕГ-аас төрийн архивуудын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, төрийн архивт хөмрөг үүсгэгч байгууллагад зэрэглэл тогтоох, нөхөн бүрдүүлэх эх үүсвэрийн жагсаалт боловсруулах арга зүй, “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэг үндэсний хөтөлбөр”-ийн III үе шатны хэрэгжилтийн явц, архивын цахим мэдээллийн сан байгуулж буй ажлын явц, цаашдын зорилтын талаар хэлэлцэх болно.
“Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн” 2015 оны зургадугаар сарын 3-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хурлын танхимд болно.