Зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч, кондукторын ажил хаялт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Автобус I, III болон цахилгаан тээврийн жолооч, кондукторууд Зорчигч тээврийн нэгтгэлийн үүдэнд цуглаж, цалингаа нэмэхийг шаардаж байгаа юм. Тэд хамтарсан хэлэлцээрийн дагуу цалингийн системийг 70:30 гэсэн харьцаатай болгохыг шаардаж байна. Энэ системээр бол автобусны жолооч сард 880 000, кондуктор 704 000 төгрөгийн үндсэн цалин авна гэсэн үг.Бүр тодруулбал, жолоочийн нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 5000, кондукторыг 4000 төгрөгөөр бодож тооцно. Жолооч, кондукторыг сард 176 цаг хөдөлмөрлөдөг хэмээн үзэж, нэг цагийг 4000-5000 төгрөгөөр үнэлж буй аж. Ингэхээр жолооч, кондукторын үндсэн цалин нэг дахин нэмэгдэнэ. Үндсэн цалин нэмэгдэх нь жолооч, кондукторын хөдөлмөрийг илүү шударгаар үнэлсэн үнэлгээ болно гэдгийг ажил хаягчид хэлж байна.

Одоогийн мөрдөж байгаа 40:60 гэсэн системээр бол жолооч сард 445 000, кондуктор 350 000 төгрөгийн үндсэн цалин авдаг аж. Өөрөөр хэлбэл, 40 хувийн үндсэн цалин дээр 60 хувийн урамшуулал авдаг гэсэн үг. Тус нэгтгэлийн санхүүгийн баримтаас харвал жолооч, кондуктор нар сард дундажаар 3-4 сая төгрөгийн орлого оруулах төлөвлөгөөтэй аж. Энэ нь чиглэл, гаралтын хоног зэргээс хамаараад харилцан адилгүй. Төлөвлөгөөгөө хэдий чинээ давуулан биелүүлнэ төдий чинээ их урамшуулал авна. Нэг үгээр хэлбэл, сайн уралдаж, өрсөлдөж чадсан нь унац ихтэй байна гэсэн. Энэ нь байгууллагад ч бас ашигтай. Жолооч, кондукторууд хэдий чинээ сайн ажиллана, байгууллагын данс төдий чинээ зузаарна. Төсвөөс санхүүжилт авдаггүй учраас урамшууллын системээр ажилчдаа сайн ажиллуулж, орлогоо төвлөрүүлдэг. Үүнийг осол аваарын эх үндэс хэмээн буруутгаж болно. Байгууллага сард 3-4 сая төгрөгийн төлөвлөгөө биелүүлэх ёстой гэсэн шаардлага тавина. Тэрийгээ биелүүлсэн болон давуулан биелүүлсэн нь урамшууллаа авна. Ингэхийн тулд бусадтай уралдана, хүнээ булаацалдана. Харин төлөвлөгөөгөө биелүүлээгүй бол урамшуулал авахгүй. Энэ нь жолооч, кондуктор нарт нь таалагдахаа больсон учраас тэмцэл хийж, их урамшуулал авах бус өндөр цалин авахыг хүссэн нь энэ.

Тэгвэл жолооч, кондукторын шаардлагыг биелүүлж, үндсэн цалин нь нэмчихвэл яах вэ гэсэн асуултад Зорчигч тээврийн нэгтгэлийн эдийн засагч “Үндсэн цалин нь өндөр учраас орлого хийхгүй. Энэ нь манай эдийн засгийн байдалд хохирол учруулна” гэсэн хариултыг өгөв. Дампуурал зарлачихгүйн тулд ажилчдаа урамшууллын системээр шахдаг гэсэн үг. Гээндээ ч бий, гоондоо ч бий нь ийн илэрлээ. Эндээс нийслэлийн нийтийн тээврийн төлбөрийн системийг бүхэлд нь өөрчлөх цаг болсныг харж болно. Нэг үгээр хэлбэл, удтал ярьж байгаа цахим төлбөрийн системийг яаравчлах хэрэгтэй гэсэн үг. Харин тэр цагт 70:30 гэсэн харьцааг жинхэнэ баримталж болно.

Одоогийн тасалбарын үнэ 500 төгрөг. Харин автобус компани нэг зорчигчид 700 төгрөгийн зардал гаргадаг. Өөрөөр хэлбэл, нэг хүний 200 төгрөгийн алдагдлаа нөхөхийн тулд ажилчдаа шахаж, төлөвлөгөө норм шаарддаг байна.

 

 

 

Кондукторын цавчаа 2 сая төгрөг үү

Нэг кондуктор өдөрт багадаа л 30 мянган төгрөгийн цавчаа хийдэг гэнэ. Сард 2 сая төгрөгийн цавчаа хийж чадахгүй бол кондуктор хийгээд яадаг юм гэж нэгэндээ агсамнасан сураг ч байна. Амнаас ам дамжин яригддаг энэ үгийг үнэн худлыг кондукторууд ч хэлэхгүй, бид ч батлахгүй. Өдөрт 100-150 мянган төгрөг хийчихсэн байхад сарын төлөвлөгөө асуудалгүй биелэх нөхцөлд илүү гарсныг халааслах нь хэн хүний л хийх үйлдэл байх. Кондуктор шууд бэлэн мөнгөтэй харьцдаг энэ системийг өөрчлөөгүй үед чадаж л байвал идэх бичигдээгүй хууль үйлчлэх нь мэдээж.

Харин сарын сая төгрөгийн цалинтай бол олон зүйлийг ярьж болно. Нэгтгэлийн санхүүгийн хэлтсийн үзүүлсэн баримтууд бол их том тоонуудтай. Жолооч сарын сая төгрөг авах нь энүүхний асуудал. Кондукторууд ч дутаад байх зүйлгүй. Нийгмийн даатгалын дэвтрүүд нь ч том мөнгөн дүнтэй. Сарын 160 000 төгрөгийн цалин авдаг гэж хэлсэн кондукторыг сайхан залжээ гэж бодогдуулам тоонууд харагдана. Харин гадна огт өөр дүр зураг, тоо баримт. Дундажаар сарын 600 мянган төгрөгийн цалин авдаг. Тэндээс суутгалаа хасаад гар дээрээ хэдэн төгрөг авах уу? Сарын сая төгрөгийн цалинтай хүн энд жагсч байх уу хэмээн сэтгүүлчдийг элдэв асуултаар булж, уурласан хүмүүс угтана. Автобус III дангаараа байхад сая төгрөгийн цалин авдаг байсан нь үнэн. Харин нэгтгэл болоод шал дордож, талыг нь авдаг болсон гэж гомдогсод.

Хэн нь үнэн, зөв ярьж байгааг ялгаж салгахад түвэгтэй ийм асуудал үүссэн нь энэ. Хамгийн ойлгомжтой нэг зүйл нь шинэд нийцээгүй хуучин системийг халах цаг нь болжээ. Цаасан тасалбар тасалж, тэндээсээ үүдсэн мөнгөний асуудлаар хэрэлддэг системтэй нийтийн тээвэр манайхаас өөр газар алга. Хэдэн жил ярьсаар өнөөг хүрсэн цахим систем л хэрэгтэй байна.

 

Эх сурвалж: Шууд .мн      В.БАТ