Долоо хоногийн эхээр “Женнифер Лопес Монголд ирж наадмын нээлтэд дуулна. Түүнд нэг сая ам.доллар өгөхөөр болжээ” гэх мэдээлэл нэлээн хүчтэй газар авлаа. Бүр хэдэн өдөр дамнуулан ярьж цахим ертөнцөөр шуугиан тарьж байна. Бүгд л эдийн засаг хүндхэн байхад гадны дуучинд бидний татварын мөнгөнөөс өгөх гэлээ хэмээн зүхэцгээх юм.

Яг үнэндээ Женнифер Лопест сая ам.доллар өгөөд аваад ирдэг бол түүн шиг сайхан зүйл алга. Хоёр тэрбум хүрэхгүй төгрөгөөр дэлхийн хөгжмийн ертөнцөд домог болж үлдэх дуучныг аваад ирвэл ямар эерэг үр дүн гарах бол.

Жэй Ло 2012 онд “Dance again” нэртэй дэлхийг тойрох аялан тоглолтоо хийж байлаа. Ази дахь тоглолт нь арваннэгдүгээр сарын 24-нд Шанхай хотноо болсон юм. Тэр тоглолтыг үзэхээр Монголоос олон хүн явсны нэг нь би. Шанхай явахаар долоо хоногийн өмнө онгоцны тасалбар захиалахад суудал олдохгүй сандарч байлаа. Монголоос тэгж олон хүн явсан хэрэг. Хилийн цаана болж байгаа болохоор Шанхай хотыг давхар үзнэ гэж төлөвлөөд явсан. Гурав хоногийн өмнө очоод зочид буудалд байрлан хотоор өдөржин зугаалж байлаа. Энэ нь эргээд л Шанхай хотод хөрөнгө оруулж байгаа хэрэг. Шанхайд болсон тоглолт тэндхийн “Мерседес Бенз арена”-д болж байв. Уг цэнгэлдэх хүрээлэн 18 мянган хүний суудалтай. Тасалбар нь суудлынхаа зэрэглэлээс хамаараад 60-350 ам.долларын үнэтэй байсан. Тасалбараа цахимаар борлуулсан болохоор хэдхэн хоногийн дотор дуусаж байлаа. Харин тоглолт болохоос гурав, дөрвөн цагийн өмнө шагийн наймаачид 150 ам.долларын тасалбарыг хоёр нугалсан үнээр зарж байсан юм даа. Хамгийн гол нь түүний тоглолтыг Хятадууд голдуу үзэх байх гэсэн таамаглал минь тоглолтын танхимд ороод л замхарсан. Жэй Лог үзэхээр Монгол, Энэтхэг, Орос, Солонгос, Япон, Тайвань, Сингапураас олон мянган хүн Шанхайд иржээ. Тэд бүгдээрээ Жэй Логийн тоглолтыг үзэх гэж ирсэн ч гэлээ нэгэнт ирснийх гээд Шанхай хотоор зугаалах нь гарцаагүй. Нэг хүн дор хаяж гурав хоноод буцна гэхээр хэчнээн юань үлдээгээд гарах вэ гэдгийг тооцоод үзчихээрэй. Бас 18 мянган хүний талаас илүү нь гаднаас очсон гэхээр тэр хэрээр Хятадын агаарын тээврийнхэнд орлого оруулсан байж таарах нь. Харин манайд ирээд, бид зөв менежментээр ажиллаж чадвал тэр горойгоод байгаа сая ам.доллараас хэд дахин илүүг Монголд “өгчихөөд” яваад өгөх боломж бий. Дээрээс нь Монголыг дэлхий даяар сурталчлах бас нэг сайхан боломж гарч ирэх юм.

Харин түүнийг урьсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Ямар ч байсан өөрийнх нь албан ёсны цахим хуудсанд зургаа, долдугаар сард тэр чигтээ АНУ-ын Лас Вегас хотноо тоглолттой байх юм билээ.

Женнифер Лопес бол өнөөгийн дэлхийн хөгжмийн ертөнцөд дэндүү хол тасарчихсан карьертай дуучин. Тайзан дээр олон жил дуулж байгаа ч гэлээ түүнээс уйдаж байгаа хүн алга. Зургаан жилийн өмнө түүнийг 40 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэж байхад нь “Жэй Ло-гийн үе ингээд дууслаа даа” хэмээн шуугиж байлаа. Гэтэл тун удалгүй Пит Бүллтэй хамтран “On the floor” дуугаа гаргасан. Түүний шинэ уран бүтээлийг “Youtube” зэрэг хөгжмийн сайтуудаар 60 сая хүн үзсэн байдаг гэж “Wikipedia” дээр бичжээ. Түүний араас “I’m into you”, “Dance again” дуунуудаа гаргаж дэлхий нийтийг бишрүүлсэн юм. Нас бол зүгээр л тоо гэдгийг уран бүтээлээрээ байнга харуулж байдаг түүнийг үеэ өнгөрөөсөн, хоцрогдсон гэж хэлж боломгүй. Өнгөрсөн жилийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр л гэхэд түүнийг урьж дуулуулсан. Тэгэхээр Жэй Ло Монголд ирж дуулбал дэлхийн, тэр дундаа залуучуудын анхаарал Монгол руу хандах биз ээ.

Тэрээр Грэммигийн хоёр, Латин Грэммигийн хоёр, “American music awards” наадмын гурван удаагийн шилдгээр шалгарч байсан юм. Дуучин бүсгүйн “J.Lo” цомог дэлхий даяар 12 сая хувь борлогдон амжилт тогтоож байсан удаатай.

С.АЛТАН