“Анод банкны чанаргүй зээлийн хэмжээ 120 тэрбумд хүрсэн. Хэдийгээр хохирогч нарын амыг төр засаг  хааж,  энэ хэргээс хэл ам багатай салахыг хүсэж байгаа ч банкны нэрээр их хэмжээний зээл аваад завшчихсан тэрбумтануудын хэрэг мөддөө шувтрахгүй нь бололтой.
Өнөөдөр гэмт хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдчихаад байгаа “Анод” банкны захирлууд “Манай банк хэвийн ажиллаж байсан. Зориуд дампууруулчихсан” хэмээн ичиж улайхгүй ярьцгаадаг. Тэгвэл тэд банкны мөнгийг дур зоргоороо ашиглаж, наашаа харсан хүн болгонд зээл нэрээр мөнгө тарааж, ах дүү хамаатан садантайгаа нийлж, хувааж аваад идчихсэн нь тодорхой болчихоод байна. 

Тус банкны ТУЗ-ийн дарга асан Э.Гүр-Аранз өөрийнхөө  төрсөн  дүү Эрдэнээгийн Цэрэндаш гэгчид гурван удаа зээл олгож. 2008 оны 5 сарын 7-ны өдөр Э.Цэрэндаш “Анод” банкнаас 18 сая төгрөгий зээл анх  авч байж. Гэвч энэ зээлээ бүрэн төлөөгүй байж хоёр удаа өөрийнхөө нэрээр хоёр удаа зээл авчээ. Дараа нь “Стардевелопмент” ХХК-ны нэр дээр дөрвөн сая ам доллар зээлжээ. Үүнээс гадна Э.Цэрэндорж “Уянга болор” ХХК-ны нэр дээр зээл авч, 1,6 тэрбум төгрөгийн өр тавьжээ. Өнөөдөр Э.Гүрранз захирлын төрсөн дүү Э.Цэрэндорж нь  “Анод” банкинд 6,9 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Бас болоогүй. Э.Гүрранзын дүү Э.Батболд тус банкнаас “Ай Ти Зэт” ХХК-ны нэрээр 1,7 тэрбум төгрөг зээлчихээд бас л төлөөгүй сууж байх юм. Э.Гүрранз захирлын хоёр дүүгийн өр гэхэд л өнөөдрийн байдлаар 8,7 тэрбум төгрөгт хүрчихээд байгаа. Үүнээс гадна Э.Гүрранз захирлын хүү Г. Төгөлдөр 2006 оны 2 сарын 9-ны өдөр нэг  сая гурван зуун мянган ам доллар “Анод” банкнаас зээлжээ. 

Энэ зээлийн үлдэгдэл 1,9 тэрбум төгрөгийг бас л төлсөнгүй. 2009 оны 12 сарын 31-ны байдлаар түүний нэр томоохон зээлдэгч нарын нэрсийн жагсаалтанд бичигдэж байсан ч, сүүлийн үед алга болчихсон тухай өр барагдуулахаар ажиллаж байгаа хуульчид ярьцгааж байна. “Анод” банк дампуурсны дараахан “Гүн төгөл” нэртэй ямар ч барьцааны хөрөнгөгүй компани хоёр удаагийн зээлээр  1,1 тэрбум төгрөгийн зээл авчихсан нь илэрчээ. Энэ компанийн эздийг удаан хайсны эцэст Э.Гүрранз захирлын  өөрийнх нь үүсгэн байгуулсан хувийн компани болохыг саяхан тогтоосон гэнэ. Энэ бол баримт. Харин банк байгуулж, өөрсдөө мөнгө завшиж, банкны эздийн дүрд тоглож байсан “Анод”-ынхан ямар ч ял зэм хүлээгээгүй сууж байна. Тэд өөрсдийгөө хэлмэгдсэн хэмээн зарлаж, Монголын төртэй хариуцлага тооцох юм гэсэн.